Стандарт бол зах зээлд гарах гарц

"Дэлхий 2016" сэтгүүлээс


2025, 2030 онд ямар байх вэ гэсэн урт хугацааны төлөвлөлт, өрсөлдөх чадвар, бизнесийн өсөлтөд анхаарал хандуулах хариуцлагатай цаг.

Дэлхий найтаахад Монгол Улс ханиад хүрдэг тийм хамааралтай эдийн засаг, хөрөнгө мөнгө босгох ширүүн өрсөлдөөнтэй зах зээлд амьдарч байна. Дундаж орлоготой эдийн засгийн хавханд орохгуйн тулд, шинэ үеийн эдийн засгийн сууриудыг өнөөдөр тавих үүрэгтэй. 2010 онд Оюутолгойн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр бид нэгэн суурь тавьсан гэж үзэж болно. Үүний араас юу хийх вэ? Дэд бүтэц гэсэн хоёр үгийг өндөр дуугаар хэлэх ёстой. Энэ салбарт хөрөнгө оруулж байж Монголоос үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн илүү өрсөлдөх чадвартай болно. Энэ бол зайлшгүй шаардлага.

Дэлхийн эдийн засгийн чуулганы өрсөлдөх чадварын судалгаагаар манайх 144 орноос 98-д жагсаж буй. Энэ дотор харилцаа, холбооны салбарт бол харьцангуй сайн. Хувийн компаниуд чөлөөтэй өрсөлдөж буй тул. Жишээ нь, өнөөдөр Монголын 3.0 сая хүн 4.0 сая гар утас ашиглаж байгаа ба 1.0 сая хэрэглэгч ухаалаг төхөөрөмжөөрөө дамжуулан хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийх боломж ч нэгэнт бүрджээ. Бараг 700 мянга орчим хүн интернэтийг ажил, амьдралынхаа байнгын хэрэглээ болгосон байна. Харилцаа холбооны операторууд хоорондын өрсөлдөөнөөс инноваци, шинэ бүтээгдэхүүн бий болж, үйлчилгээний хүрээ болон харилцагчдын зах зээл томорч байна. Энэ салбарын зах зээлийн үзүүлэлт, бүтээмж нь олон улсын жишигт нэгэнт хүрчээ.

Харин эрчим хүч, тээвэр, төмөр зам, усан хангамж зэрэг үзүүлэлтээр маш муу байгаа. Тэгэхээр Монголд өнөөдөр ямар ч бизнес хийхэд боломжтой боловч дэд бүтэц нь дундаж орлоготой эдийн засагт хангалтгүй бөгөөд бизнесийн зардал өндөр тусдаг. Өнөөдөр Монголд шинэ бүтээн байгуулалт хийхэд анх төлөвлөж, тооцож байснаас 30-40 хувь илүү зардал гардгийг бизнес эрхлэгчид сайн мэднэ. Зам, логистик хангалтгүй у чраас тоног төхөөрөмж ачиж тээвэрлэх нь маш өндөр зардалтай. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт татаад бүтээн байгуулалт хийх юм бол монгол компаниуд хийх зүйлтэй, хүмүүс ажилтай болно. Ойрын арван жилд дэд бүтцийг хөгжүүлэхэд 40-50 тэрбум ам.доллар босгох шаардлагатай гэсэн тооцоо бий. Хөрөнгө оруулалтыг босгож болно. Гагцхүү дэлхийн өрсөлдөөнт зах зээлээс мөнгө олж ирэхэд бизнесийн хувьд ашигтай төсөл байх хэрэгтэй. Төслийг ном журмын дагуу хийдэг болох. Нэг үгээр хэлбэл, стандарт.

“Эхлээд байшингаа ямар ч байсан барьж эхлээд, дараа нь мөнгөө гүйцээж босгоно” гэдэг аргаасаа өдгөө татгалзах хэрэгтэй болсон байна.Токио, Лондон, Нью-Йоркт байгаа хөрөнгө оруулагчид Монгол орон цэлмэг тэнгэр, уудам цэлгэр нутагтай гэх сайхан ярианд итгэхгүй, олон улсын стандартын дагуу хийгдсэн мөнгөн урсгал нь тодорхой төслийг сонирхоно. Стандарт бол зах зээлийн хэл бөгөөд итгэлцэл юм.

Мөн гэрээ гэдэг олон улсын зарчимтай бид эвлэрч дагахаас аргагүй. Sanctity of contract буюу гэрээг шүтэж амьдрах гэсэн ойлголт байдаг. Тиймээс бид 2015 оны эцсээр Оюутолгой дээр Хөрөнгө оруулалтын 2009 оны гэрээний дагуу олон улсын 20 банкнаас 4.4 тэрбум ам.доллар босгож чадлаа. Энэ бол олон улсын стандарт мөн.

Оюутолгой нь Монголд стандартаа мөрдөж ажиллаж байгаа бизнесүүд итгэл татаж, илүү амжилттай болж бүтээж байгаа нь нэг тод жишээ. Өнөөдөр Монголд том зүйл хийж бүтээж яваа хүн зөндөө байна. Бүх зүйл болохгүй байгаа юм биш.

Дугуй зохион бүтээх хэрэггүй. Монголын компаниуд олон улсын зах зээл дээрээс мөнгө босгож чадсан. 25 жилийн туршид хийж бүтээж чадаж байна. Тэд стандартыг мөрдөж байна. Уул уурхайд түшиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтын хүчинд Монголд дэлхийн стандарт нутагшиж, монголчууд түүнийг ажил дээрээ ашигладаг болсон. Стандартын дагуу ажил хийж байгаа хүн төлөвлөсөн ажил нь удаан явцтай санагдаж магадгүй ч тодорхой хугацааны дараа зорьсондоо хүрнэ. Хуулийн цоорхой ашиглах, танил тал хайж гүйж зам товчлох гэсэн хүний үйлс өнөөдөртөө болж байгаа юм шиг боловч бүтэлгүй. Үүнтэй адилхан улсын хөгжлийг зөвхөн өнөөдрөөр харах биш, урт хугацаанд тогтвортой хөгжих боломжийг харж, зөв төлөвлөлт, сайн стандартаар хангаж өгөх асуудал чухал. Төрийн зүгээс зөвхөн тэр стандартынхаа хяналтыг сайн хийх ёстой. Хувийн бизнесийг зах зээлийн өрсөлдөөнд даатгах цаг нь болсон. Эрүүл өрсөлдөөнөөс эцсийн мөчид хэрэглэгчид хожино. Компаниуд өсөж дэвжинэ. Иргэд ажилтай, орлоготой болно.

Монголчууд бид ерээд оноос хойш хувьдаа өмчтэй байх эрхтэй болсон. Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь нь хувийн хэвшлээс бүрдэж, нийт ажилтны 86 хувь нь бизнесийн байгууллагуудад ажиллаж байна. Энэ нь улсын эдийн засагт бизнесүүд бодитой хөрөнгө оруулалт хийсээр ирснийг илэрхийлсэн үзүүлэлт юм. Жишээ дурдахад, монгол хүн бүр хувийн өмчтэй болох эрх нээгдсэнээр үзүүлэлтээр 1990 онд нэг хүнд ногдох ДНБ 1172 ам доллар байснаас 2014 онд 4129 ам.доллар болж өссөн байна. Өмчийн эрхийг бүрэн баталгаажуулж, Үндсэн хуулийнхаа 5-р зүйлд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж зааж өгсөн. Төр нь хувийн бизнестэй хутгалдахгүй, хувийн өмчид халдахгүй байхыг Монгол Улс ийнхүү Үндсэн хуулиараа баталгаажуулсан нь эдийн засаг тогтвортой өсөх суурьтай юм.

Өндөр хөгжсөн аливаа орны эдийн засгийн өсөлтийн нууц нь бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах итгэл найдвараар хангаж өгсөнд байдаг.

Хувь хүн, байгууллагуудын өмчийн эрхийг хэр зэрэг хамгаалснаас шалтгаалж эдийн засаг нь хэрхэн өсөх вэ гэдэг нь тодорхойлогддог. Бидэнд уудам газар нутаг, байгалийн ѳндѳр нөөц, уламжлалат болон сэргээгдэх эрчим хүчний их нѳѳц зэрэг бэлэн боломжуудаас гадна хуулиараа хувийн өмчийг хамгаалах суурь тавигдсан нь цаашид бизнесийг амжилттай хөгжүүлэх суурь нь юм.

Дундаж орлоготой Монголын эдийн засагт шинэ дугуй зохиохгүйгээр, олон улсын стандартаа л хариуцлагатай мѳрдѳх нь бидэнд зах зээлийн итгэлцэлийг бий болгоно. Стандарт бас дээр нь хариуцлага.


Б.Бямбасайхан Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал