Стресс гэж юу вэ?

Өнөө үеийн амьдрал, Монголын нийгмийн орчин, замын түгжрэлээс шалтгаалан та бид алхам бүртээ стресстэж буй. Стресс зарим талаараа тийм ч муу зүйл биш бөгөөд тодорхой хэмжээнд амжилтын хөшүүрэг ч болох талтай. Гэхдээ та байнга стрессийн байдалтай явсныхаа хариуг биеэрээ, тодорхой хэлбэл эрүүл мэндээрээ төлөх хэрэгтэй болдог. Хэрэв та өөрийгөө байнгын цочирдсон, тогтворгүй, яарч сандарсан байдалтай байгааг анзаарвал мэдрэлийн системээ тайвшруулж, хэвийн хэмжээнд оруулах цаг болжээ. Стресст орсон байж болзошгүй гэдгээ ойлгож, түүний талаар судалж, хэрхэн зөв арга хэмжээ авахыг олж мэдсэнээр та түүний хорт нөлөөнөөс өөрийгөө хамгаалж чадна.

Стрессийн үед хүний биед ямар урвал явагддаг вэ?

Стресс гэдэг нь ямар нэг гаднын нөлөөний эсрэг үзүүлэх хүний биеийн хэвийн үйлдэл юм. Бодит, эсвэл хийсвэр аюулын тухай мэдээлэл хүлээж авсан үед таны мэдрэлийн систем стресс гормон, тэр дундаа адреналин, кортизол ялгаруулах бол­но. Эдгээр гормон нь хүний биеийг ямар нэг яаралтай үйлдэлд бэлддэг. Зүрх хурдан цохилж, булчингууд чангарч, даралт ихэсч, амьсгалын тоо олширч, бүх мэдрэмж илүү хурц болно. Энэ нь хүч болон тэсвэрийг нэмэгдүүлж, эсрэг үйлдэл хийх хурдыг өсгөж, анхаарал нягтралыг ихэсгэснээр тулгарч буй аюулаас зугтах, эсвэл туулж өнгөрөхөд бэлэн болох юм. Өөрөөр хэлбэл, стресс гэдэг хүний биеийг хамгаалах гол үүрэгтэй бөгөөд хэвийн үедээ сэргэг, анхааралтай, хүч чадалтай байхад тусалж, амь дүйсэн үед нэмэлт хүч чадлыг бий болгодог. Тухайлбал, тормозоо огцом гишгэж, болзошгүй авто ослыг тойрон гарахад тусална. Мөн стресс таны өдөр тутмын амьдралд тулгардаг бэрхшээлүүдийг даван туулах чадварыг нэмэгдүүлнэ. Чухал уулзалтад оролцох, илтгэл тавих үед таныг анхааралтай байлгах, эсвэл улсын шалгалт өгч буй оюутныг хөл дээр нь тогтоож байдаг гол зүйл нь стресс юм. Зурагт үзэж сууснаас хичээлээ уншсан нь дээр гэдэг бодлыг хүртэл стресс бий болгоно.
Гэвч энэ бүхнийг үл харгалзан хэт их стресст орох үед эрүүл мэнд, оюун ухаан, ааш занд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Ингэснээр ажлын бүтээл буурч, харьцаа муудаж, амьдралын чанар доройтох тал бий. Тиймээс та өөрийн стрессийн түвшинг тодорхойлж, түүнийг удирдаж чаддаг байх нь хамгийн чухал. Харамсалтай нь таныг анзаарахаас өмнө стресс хэдийнэ толгой давсан байх нь элбэг бөгөөд хүмүүсийн ярьдгаар “стресст орсон” гэх байдалд хүргэдэг билээ.

Стресст орсон шинж тэмдгүүд:

Оюун ухааны түвшинд ой тогтоолт муудах, бодол санааны төвлөрөл доройтох, шийдвэр гаргаж чадахгүй болох, бүх зүйлийг болохгүй бүтэхгүйгээр харах, байнгын санаа зовинох; Сэтгэл санааны түвшинд ганцаардах, дарамт шахалтад буй мэт сэтгэгдэл төрөх, гутранги үзэлтэй болох; Бие махбодийн түвшинд гэдэс гүйлгэх, дотор муухай оргих, бие өвдөж янгинах, цээжээр өвдөх, зүрх дэлсэх, сексийн сонирхол буурах, хэт их эсвэл хэт бага идэж, унтах, хөлөрч даарах; Ааш зангийн хувьд бусдаас өөрийгөө тусгаарлах, тайвшрал олохын тулд архи, тамхи зэргийг хэрэглэх.

Гэвч эдгээр өөрчлөлт сэтгэл санааны бусад эмгэгийн үед илэрч болох учир эмчид хандаж, энэ бүхэн стресстэй холбоотой илэрч байгаа эсэхийг тогтооход туслалцаа авах хэрэгтэй. Таны хувьд яг хэдий хэмжээний стресс их вэ гэдгийг хэлэхэд хэцүү бөгөөд хүн бүрт өөр өөр түвшин бий. Зарим хүн маш их буюу удаан хугацааны стресстэй байдлыг тэсвэрлэдэг бол нөгөө хэсэг нь багахаан стрессийг ч даван туулах чадваргүй байдаг. Энэ нь гэр бүл, сэтгэл санааны байдал, амьдралыг харах өнцөг бөгөөд удамшлаас шууд хамааралтай. Стресст бараг автдаггүй бөгөөд түүний эсрэг зогсож чаддаг хүмүүсийн ихэнх нь өөдрөг буюу оптимист үзэлтэй байдаг аж. Тэд тулгарсан бэрхшээлийг хүлээн авах, түүний эсрэг зогсож шийдвэрлэхийг өөрийн үүрэг, амьдралын нэгээхэн хэсэг гэж үздэг.

Сэтгэл судлаач Конни Лиллаз (Connie Lillas) хүмүүсийн стресст хариу өгөх арга, түвшинг тэдний машин барих үйлдэлтэй харьцуулсан нь нэлээд сонирхолтой судалгаа болжээ.
Хүчтэй хаазлах – ууртай болон сандарсан хариу үйлдэл. Хэт их сэтгэлийн хөдлөлд автаж, тогтвортой сууж чадахаа больсон хүмүүс байв.
Хүчтэй тормозлох – дотогшоо болон сулбагар хариу үйлдэл. Маш бага сэтгэлийн хөдлөлтэй, орчноосоо хол хөндийрсөн хүмүүс байв.
Хоёулан дээр нь хүчтэй гишгэх – шахалтад орж юу ч хийж чадахаа байх хариу үйлдэл. Дотроо тахир дутуу болсон мэт боловч гадна төрх нь маш их сандарсан хүмүүс байв.

Стрессийн шалтгаан буюу стрессор

Стрессор болгон зөвхөн сөрөг зүйл байдаг гэж ойлговол өрөөсгөл болно. Та бидний амьдралд тохиолдох аз жаргалтай мөчүүд хүртэл стрессор байж болох юм. Тухайлбал, их дээд сургуульд орох, хайр дурлалтайгаа учирч, гэр бүл, үр хүүхэдтэй болох, байр болон машин хүүтэй зээлээр авах, шинэ бизнес эхэлж, хамтрагчтай болох гэх мэт нь заримдаа стрессор болох тал бий. Түүнчлэн стрессор нь зөвхөн гаднын хүчин зүйл байдаггүй. Түгээмэл гадаад хүчин зүйлүүд: хэт их ачаалалтай ажил, хувийн амьдрал, харилцааны тогтворгүй байдал, амьдралд гарах гэнэтийн том өөрчлөлтүүд. Түгээмэл дотоод хүчин зүйлүүд: өөртөө итгэлгүй байх, боломжгүй зүйлийг хүсэмжлэх, хэт их төгс байдалд эрмэлзэх, гутранги байдал буюу пессимизм.

Хүний бие сэтгэл санааны болон бие махбодийн заналхийллийг ялгахгүй бөгөөд хэт завгүй ажил, хэрүүл маргаан, замын түгжрэл, өр зээл гэх мэт стрессоруудаар биеэ ачаалсан үед таны бие амьдрал-үхлийн тэмцэл дээр буй мэт хариу үйлдэл үзүүлэх болно. Хэрэв та хэт их хариуцлага дор амьдардаг бол стрессоруудын эсрэг хариу үйлдэл тань байнга асаалттай байх магадлалтай. Удаан хугацаанд ийм байдалд явах нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болно. Тухайлбал, даралт ихсэх, дархлааны систем доройтох, зүрхний шигдээс болох, тархинд цус харвах эрсдэл нэмэгдэх, эрт хөгшрөх, таргалах эсвэл турах, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа алдагдах, нойргүйтэх, биеэр тууралт гарах мэтийн түгээмэл эмгэг илэрч болно.

Урьдчилан сэргийлэх нь:

1.Стрессийг хэрхэн зохицуулах тал дээр суралцах. Магадгүй стресс таны амьдралд их байна, хэр хэмжээнээс хэтэрлээ гэх сэтгэгдэл төрж байгаа байх. Гэхдээ та болон таны бие хэрхэн хариу үзүүлэх вэ гэдэг арга замыг ямагт олох болно гэдэгт итгээрэй. Ажлын хэт их ачааллаа багасгаж, асуудлыг цаг тухайд нь шийдэж, хүрээлэн буй орчиндоо өөрчлөлт хийж магадгүй амьдралыг харах өнцгөө өөрчлөхийг хичээж болох юм.

2.Амралтаа зохицуулах тал дээр суралцах. Энэ нь таны амьдралын стрессийг бүрэн үгүй хийж чадахгүй ч үр дагаварт нь бага өртөх боломжийг өгөх юм. Бясалгал хийх, спортоор хичээллэх, нам гүм тайван орчныг бүрдүүлэх, сайхан дурсамжуудаа санагалзах, гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөөх зэрэг нь таны стрессийн эсрэг зогсох, мөн дарамт шахалттай үед өөрийгөө удирдаж гарахад тус болно.

3.Стрессийг хурдан хугацаанд үгүй болгох арга замд суралцах. Хүн бүр тулгарч буй стресстэй байдлыг багасгах, зогсоох өөрийн гэсэн далд чадвартай байдаг. Түүнийгээ олж нээн дасгалжуулснаар хурцдаж байгаа үед шийдлийг олж, өөрийн ухаантай хэвийн байдалд эргэн ороход тус болно.
Гэр бүл, найз нөхөд, хүрээлэн буй орчин тань стрессийн эсрэг хаалт юм. Нөхцөл байдлыг удирдах чадвар, бэрхшээлийг давах чадвар тань стресст орохоос хамгаална. Сэтгэл хөдлөл, баяр баясал, уур уцаараа удирдаж чаддаг, мөн стресст оруулж болох дотоод болон гадаад хүчин зүйлүүдийн талаар мэдлэгтэй байх нь тус болно. Эцэст нь, стресст орохоосоо өмнө урьдчилан сэргийлэх нь архагшсаных нь дараа өөрийгөө татаж гаргахаас хамаагүй хялбар бөгөөд та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах ганц арга юм.