Супер молекул

Хүнд буян үйлд хэмээвээс тархинд нь мэдлэг үлдээ
Байгаль дэлхийд буян үйлдэх гэвээс хэвлийд нь ус үлдээ хэмээн монголчууд усыг чандмань эрдэнэ мэт хайрладаг ард түмэн. Учир нь, монголчууд усны ид шидийг мэддэг юм. Харин XXI зууны эхээр эрдэмтэд усны нууцыг тааварлаж эхэлсэн. Өдгөө ус нь онцгой молекул бүтэцтэй буюу супер молекулаас тогтдог болохыг тогтоосон байна. Ус амьдралыг тэтгэгч төдийгүй усгүй эдийн засаг, их бүтээн байгуулалт гэж үгүй. Тиймээс ус үнэхээр супер молекул юм . . . Алга ташив. Бүдэг гэрэл. Хэсэгхэн хором чимээ аниргүй. Ийнхүү Азийн сан, БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтэс хамтран зохион байгуулж буй “Усны бодлого-нэгдмэл үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох уулзалт эхэлсэн юм. Уулзалтад усны чиглэлээр ажилладаг холбогдох яам, тамгын газрын төлөөллүүд ирж усны салбарын бодлого ирээдүйд хийгдэх ажлын талаар үзэл бодлоо солилцлоо. АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Лендберг “Ус бол хүний төрөлх эрхтэй холбоотой асуудал. Тэр ч утгаараа 2013 оныг НҮБ-аас “Олон улсын усны түншлэлийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотой олон улс усны асуудалд анхаарал хандуулж байна. Танай улс ч ялгаагүй. Шинэ Засгийн газар гараад удаагүй байгаа энэ үед усны ирээдүйн талаар ийнхүү санал солилцож байгаа нь талархууштай хэрэг. Уулзалтын үеэр чухал олон сэдэв хөндөгдөх байх гэж найдаж байна” гэв.

Говь усаар цангахгүй
Монгол орны 70 орчим хувийг нар шарж, зэрэглээ татсан тал хээр, говь нутаг эзэлдэг. Уг бүс нутагт жилд дунджаар 100 орчим мм тунадас унадаг төдийгүй гадаргын усны ердөө 20 хүрэхгүй хувь нь ногддог учир байгалийн чийгшил нэн дутмаг хуурай уур амьсгалтай. Нутгийн ардууд гадаргын усны нөөц бага байдаг учраас инэнхдээ гүний усаар хэрэгцээгээ хангадаг. Дээрээс нь Оюутолгой, Тавантолгой гэх уул, уурхайн томоохон төсөл хэрэгжихтэй зэрэгцээд гүний усыг их хэмжээгээр хэрэглэхээс өөр аргагүй. Гэтэл газрын гүний усны нөөц нөхөн сэргээгддэг эсэхийг монголчууд одоо хүртэл мэдэхгүй байна. Нөхөн сэргээгддэг байлаа ч маш удаан хугацаанд хэвийн хэмжээнд очих талаар таамаг төдийхөн ярьдаг. Усны үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Бадрах “Говьд усны менежментийн асуудал хүндрэлтэй байдаг. Дээрээс нь манай улсын газрын доорх усны судалгаа хангалтгүй байна. Усаар хомс говийн бүсийг хатсан цөл болгочихгүйн тулд эртнээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Эхнээс нь ч зарим ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, говийн бүсийн гурван сав газарт Австарлийн Засгийн газар болон АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр усны нэгдсэн менежментийн таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон. Мөн Оюутолгойд 16 усны хяналтын цооног байсан. Харин саяхнаас нэмж дөрвөн хяналтын цооног байгуулсан. Эдгээр ажлын хүрээнд бид говийн гүний усны нөөцийн талаарх тодорхой мэдээлэлтэй болно” гэлээ. Цаашдаа Засгийн газар усны урсацад менежмент хийх, цас борооны усыг хуримтлуулах замаар говийн их бүтээн байгуулалтын усны асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга “Ер нь монголчууд газрын доорх усаар хэрэглээгээ хангадаг. Тодруулбал, нийт хэрэгцээний ердөө 20 хувийг гадаргын усаар хангадаг байх жишээтэй. Тиймээс энэ байдлыг өөрчлөх шаардлагатай. Ямартай ч 10 жилийн хугацаанд ядаж энэ харьцааг 50:50 хувь болгох хэрэгтэй байна. Дээрээс нь Орхон голын усны урсацад менежмент хийх замаар Оюутолгой, Тавантолгойн усны хэрэгцээг хангах боломж байгаа. Тиймээс говийн айл ус бага хэрэглэдэг гэх ойлголтыг халах боломж бидэнд байна” гэлээ. Гадагш урсгалтай Орхон, Сэлэнгэ гэх томоохон гол мөрний урсгалыг өөрчлөх талаар өнгөрсөн Засгийн газрын үеэс л ярьж эхэлсэн. Гэхдээ одоо болтол эхэлсэн дорвитой ажил алга. Уулзалтад ирсэн мэрэгжилтнүүд ч уг асуудлын хүрээнд шинжлэх ухааны үндэстэй нэг ч судалгаа шинжилгээний ажил байхгүй байгааг шүүмжилж байсан юм.

Том ажлын том асуудал
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, аж үйлдвэрийн цогцолбор барьж, ажилгүйдлийг бууруулах мөрөөдөл ажил хэрэг болох эхний алхам бол Сайншандын аж үйлдвэрийн парк. Уг цогцолборыг байгуулснаар Монгол Улсын эдийн засагт, тэр тусмаа өнөөдөр мөхлийн ирмэгт байгаа боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гэрэл гийх учиртай. Гэхдээ уг бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд усны асуудал толгойны өвчин болоод байгаа аж. Учир нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бас л усгүй говийн хөрсөн дээр сүндэрлэх учиртай. Цогцолборын хүрээнд 2 сая тонн коксжих нүүрсний, 10 сая тонн зэс хайлуулах, төмөр хүдэр бутлах 4,5 сая тонн, цементны 10 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэр барихаар төлөвлөсөн. Харин эдгээр үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд 13.7 сая шоо метр ус шаардлагатай аж. Энэ нь усгүй говийн хувьд том тоо юм. Тиймээс засгийн газар аж үйлдвэрийн цогцолборын усны асуудалд нэлээд анхаарал хандуулсан бөгөөд таван аргаар усны хангамжийн асуудлыг шийдэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнд, Газар доорх усны нөөц, ус хэмнэх технологийг нэвтрүүлэх, цас борооны усыг хуримтлуулах, бохир усыг цэвэршүүлэх, хойд бүсээс ус тээвэрлэх зэрэг аргууд багтаж байгаа аж. ҮХААЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэрэгжилтэн Д.Батмөнх “Бор хөөвөрийн усны нөөцийг энэ онд нарийн тогтоохыг Засгийн газраас үүрэг болгосон. Анхан шатны судалгаагаар Бор хөөвөр болон нутгийн иргэдийн усны хэрэгцээг хангадаг Зээгийн хөтөлийн сав газрын нийт нөөц 21.3 сая шоо метр гэж тогтоосон байгаа. Гэхдээ энэ хоёр сав газрын нөөцөөр аж үйлдвэрийн цогцолборын нэг хэсгийг л хангах учиртай. Харин үлдэгдэл хэсгийг аль болох хэрэглэсэн усаа дахин ашиглах замаар хангах нь чухал” гэв. Ямартай ч Дорнын их говьд сүндэрлэх их бүтээн байгуулалт Монголдоо үлгэр дуурайлал болохуйц усны ашигтай хэрэглээ бүхий ажил болох учиртай гэдгийг талууд анхааруулж байлаа.

Хэрэгцээ дагасан хүндрэл
Хөдөөгийн хүн ам болон малыг усаар хангах үндсэн арга болох гар худаг нь бэлчээрийг доройтуулах үндсэн шалтгаан болдог ажээ. Тухайлбал, 800-гаас дээш толгой малтай нэг суурийг усаар хангахад өдөрт доод тал нь найман цаг шаарддаг байна. Энэ үеэр усны дараалал үүсгэсэн олон тооны малын хөлд бэлчээр нутаг үрэгддэг ажээ. Тиймээс энэ байдлыг цэгцлэх талаар төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгаа гэдгийг Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга Д.Болд хэлсэн юм. Мөн нутгийн иргэд худаг гаргахдаа ямар нэг нөөцийн судалгаагүй газар таамгаар ухах нь байгальд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэрэгжилтнүүд сануулж байлаа. Гэвч малчдын усны хэрэгцээг хангадаг гар худаг ойрын 10 жилдээ шахагдахгүй гэдгийг Батмөнх дарга хэлсэн. Харин малчид мэргэжлийн байгууллагатай хамтран гар худаг гаргах хэрэгтэй. Ер нь гол усаа хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг уулзалтын үеэр нэг бус удаа онцолж байлаа. Тиймээс ус ашиглагч нь усаа хайрлан хамгаалах учиртай гэдгийг ард иргэдэд таниулах ажлыг харилцан уялдаатай хамтран зохион байгуулахыг талууд хүлээн зөвшөөрсөн юм.