“Супер татвар” батлагдах нь ойлгомжтой боллоо

Уул уурхайн томоохон компаниудад 30 хувийн татвар ноогдуулах талаар Австралийн Парламентын доод танхимаар хэлэлцсэний эцэст дэмжиж, Засгийн газар нь тус шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нийт саналын буюу 73 гишүүний 71 нь дэмжсэн бөгөөд “Ногоон” болон “Зүүний либерал” намынхан олонх болжээ.

Хятадын өндөр хэрэглээ Австрали улсын төмрийн хүдэр, нүүрсний үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Тус асуудлыг ирэх оны эхээр Дээд сенатын танхимаар хэлэлцүүлэх хэдий ч батлагдах нь бараг илэрхий байна. Энэ бол Австрали улс улам хүчирхэгжиж буй уул уурхайн салбараасаа илүү хүртээмжтэйгээр ижил тэнцүү ашиг хуваарилах арга хэмжээ юм гэдэг тайлбарыг Засгийн газрын зүгээс өгч байгаа. Тус шийдвэр 2012 оны долдугаар сараас хэрэгжиж, үр дүнгээ өгч эхлэх бөгөөд уул уурхайн магнатууд болох “Rio Tinto”, “BHP Billiton” зэрэг компанид хамгийн түрүүнд үйлчилж эхлэх гэнэ.

Ашигт малтмалд тэр дундаа нүүрс, төмөрт татвар ноогдуулахаар болж байгаа бөгөөд хуулиар батлагдсаны дараа уул уурхайн компаниуд эхний гурван жилдээ ойролцоогоор 11 тэрбум австрали долларыг төлөх ёстой гэнэ. Засгийн газрын зүгээс татвараас босгосон мөнгөө бусад салбарын компаниудын татварыг хөнгөлөх болон ирэх жилийн эдийн засгийн төсвийн алдагдлыг нөхөхөд тус болох зорилгоор ашиглана хэмээн төлөвлөж байгаа аж. Хятадын болон Энэтхэгийн эрэлт өссөнөөс үүдэн Австралийн төмрийн хүдрийн экспортын хэмжээ нэмэгдэж 6,3 тэрбум австрали долларт хүрч рекорд тогтоогоод байна.

Гэвч тус улсын нийгэмд 18 сарын турш олон нийтийг бухимдуулаад байсан уг татварын асуудал хүчтэй сөргөлдөөн үүсгэж эхлээд байгаа юм. Консерватив сөрөг хүчин татвар ноогдуулах тал дээр эсрэг байр суурьтай байгаа бөгөөд тус шийдвэрийн уршгаар уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Харин нөгөө талаас энэ бол австраличуудын хувьд чинээлэг уул уурхайн салбараасаа хувь хүртэх арга зам юм хэмээн үзэж байна. Дашрамд дурдахад монголчууд ашигт малтмалтай холбоотой нэгэн хуулийг “урт нэртэй” хууль хэмээн товчилсон шиг анх хуулийн төсөлд 40 хүртэл хувь байхаар туссан дээрх татварыг хэвлэлд “супер татвар” гэж бичсэн нь ч бий. Манай уул уурхайн компанийнхан болоод хүмүүс ч Австралийн “супер татвар”-ын тухай мэдээ мэдээлэлд байнга чих тавьж ирсэн билээ.