Су.Батболд: Улаанбуудай импортлохыг дэмжихгүй

Манай улс 2012 оны ургацаар дотоодынхоо гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаад зогсохгүй 100 мянган тонн улаан буудай экспортлох тухай ярьж байв. Харин энэ онд хэрэглэх гурилаа үйлдвэрлэхийн тулд дээр дурьдсан тооны буудай импортлохоор болчихоод байгаа. Тиймээс дээрх буудайг хил, гаалиар НӨАТ-аас чөлөөлүүлэхийн тулд Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд буй. Уг асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг эсрэг байр суурьтай байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Су.Батболдоос тодрууллаа. Тэрээр тус намаас байгуулагдсан ажлын хэсгийг ахалж буй юм.
-Ажлын хэсгээс ямар санал дүгнэлт гарсан бэ?
-1990 он хүртэл манай улс дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж ирсэн. Үүнээс хойш 2000 он хүртэл энэ байдал доголдож эхэлсэн. Улмаар 2000 оны дундаас улаанбуудайд урамшуулал олгож, “Атрын-III” аян өрнөсөн нь энэ салбарт сэргэлт авчирсан юм. Үүний үрээр манай улс 2012 онд 100 мянган тонн улаанбуудай экспортлох нөөцтэй болсон. Гэтэл жил гаруйн хугацаанд энэ нөөц дуусч, импортлох хэмжээнд хүрсэн нь Засгийн газар ажлаа хангалтгүй хийсний илрэл. УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны удирдлагууд энэ талаар мэдээлэл хийсэн. Тэдний өгсөн мэдээлэл мэргэжилтнүүдийнхээс нь зөрж байна. Нөөцөд байсан улаанбуудайг ямар үйлдвэрүүдэд өгсөн нь тодорхойгүй байгаа.
-Нэгэнт нөхцөл байдал ийм болчихлоо. Улаанбуудай импортлохгүй бол бид энэ жил хэрэглэх гурилаа үйлдвэрлэж чадахгүй. Тэгэхээр үүнээс өөр гарц байхгүй юм биш үү?
-Олон улсын зах зээл дээр улаанбуудай тонн тутам нь 280 ам.доллар гэсэн. Бид 100 мянган тонн буудай импортолвол 30 гаруй сая ам.доллар зарцуулна. Энэ мөнгийг эх орондоо үлдээгээд гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа буудайн нөөцөө шавхаж хэрэгцээгээ хангаж болно. Одоо байгаа нөөцөөр бид гал алдахгүй байх бүрэн боломжтой. Дотоодын нөөцийг хангах зорилгоор тодорхой нэр бүхий ашиг сонирхлын зөрчилтэй гурилын үйлдвэрүүдийг дэмжих гээд байна. “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд өнгөрсөн жил 48 тэрбум төгрөг өгсөн. Гэтэл нэр нь төдийлэн сонсогдож байгаагүй гурилын үйлдвэрүүдэд уг зээлийг олгосон байна лээ.
-Буудай импортлохгүйгээр сайн чанарын үр нөөцлөх саналыг зарим гишүүн гаргаж байсан. Танай намын бүлэг үүнтэй санал нийлэх үү?
-Улаанбуудай стратегийн бүтээгдэхүүн. Тариаланчид өнгөрсөн жил нийт ургацынхаа 30 хувийг алдсан гэсэн ташаа мэдээллийг салбарын яамны удирдлагууд өгсөн. Гэтэл буудай тариалах талбайдаа рапс буюу тосны ургамал тарьснаас ийм байдал үүссэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн амжилтыг жил гаруйн хугацаанд унагасан салбарын яамны удирдлагуудтай хариуцлага ярих ёстой. Бид цаашид улаанбуудайн талбайг хамгаалах хуультай болох ёстой. Зарим улс цагаан будаагаа хамгаалж, ийм эрхзүйн орчин гаргасан байдаг юм билээ. Улаанбуудайд өгдөг урамшууллыг тогтмолжуулах хэрэгтэй. Түүнчлэн улсын хэмжээнд нөөцөлсөн буудайгаа шинэчлэх ёстой. Үүнийг шинээр сайн чанарын үр оруулж ирэх замаар шийдэж болно.