Сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дуудлага худалдаа зохион байгуулна гэв

Sarangerel
2024-07-08 19:23:13
Ангилал:

Монголын эдийн засгийн форумын үдээс хойших нэгдсэн хуралдаан “Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт” сэдвээр болов. Тус хэлэлцүүлэгийн чиглүүлэгчээр CNN телевизийн сэтгүүлч Ричард Остин Квест, панелистаар ОУСК-ын Монгол дахь үйл ажиллагааг удирдах Суурин төлөөлөгчөөр Руфат Алимарданов, “Envision Energy”-ийн төлөөлөгч Лижи Лу, УИХ-ын гишүүн Э.Болормаа, “Греран” группын ерөнхийлөгч Randeep Singh Grewal, “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард нар оролцов.

Дэлхий даяар улс орнууд сэргээгдэх эрчим хүч ашиглаж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг нэмэгдүүлэхгүй байх үүрэг хүлээсэн. Гэвч Монгол Улс өнөөг хүртэл  нүүрс ашиглаж, цахилгаан дулаанаа үйлдвэрлэж байна. Уг нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй хэрнээ түүнийгээ ашиглаж, тэр бүү хэл гадагшаа экспортлох тал дээр ахиц дэвшил гаргахгүй  байна. Эрчим хүчнийх нь үнэ тариф зах зээлийн зарчимд шилжээгүйгээс энэ салбар алдагдалтай ажилладаг нь бодит бэрхшээл болоод байна. Үүнээс гарахын тулд гарц гаргалгаа нь юу байх вэ, бодит үр дүнд хүрэхгүй байгаагийн шалтгаан нь юу байна вэ зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөв.

“Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх: Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчийг бий болгох тал дээр бид ажилласан.  Шийдвэр гаргалт удаашралтай. Засгийн газар нь хурдан хугацаанд өөрчлөгдчихдөг. Залгамж чанар алдагдсан. Шилдэг шийдэл байхгүй байхгүйд гол учир нь байна. Иргэд цахилгаанаас илүү гар утсандаа их мөнгө төлдөг. Ирэх жилүүдэд энэ Засгийн газар тарифын уян хатан бодлого бий болгох байх гэж найдаж байна. Стратеги төлөвлөгөөний замын зураглалыг ярьж байна.

ОУСК-ын Монгол дахь үйл ажиллагааг удирдах Суурин төлөөлөгчөөр Руфат Алимарданов: Эрчим хүчний салбарт шийдэл олон байгаа. Хувийн хэвшил энэ салбарт орж ирлээ гэхэд боломжгүй байдаг. Удаашраад байгаа нь  шалтгаан нь  шийвэр бодитой гараагүйтэй холбоотой. Наад зах нь нүүрсний ашиглалт өндөр хэвээр байх. Манай байгууллага Эрчим хүчний яамтай гэрээ байгуулсан. Тэр нь юу вэ гэхээр 100 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дуудлага худалдааны аргаар гэрээ байгуулах өөрчлөлт хийж байна. Журам бооловсруулж байгаа. Ирэх аравдугаар сард хэрэгжиж эхлэх байх.

“Греран” группын ерөнхийлөгч Randeep Singh Grewal: Засгийн газар нэгэнт л шийдвэр гаргачихвал эрчим хүчний шилжилт хийх хэрэгтэй. Эвслийн Засгийн газар аливаа гэрээг байгуулах ажлыг хурдтай хийх болов уу, гэж найдаж байна. Аль аль талдаа ашигтай учраас. Эрчим хүчний нийлүүлэлт дээр оновчтой зохин байгуулалт хийх хэрэгтэй.

Хэлэлцүүлэгт оролцогчид “2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний хэрэглээний  30 хувьд хүргэх зорилт тавих нь чухал.  Цэвэр эрчим хүч ашиглах хэрэгцээ өсөх учраас төр болон хувийн хэвшил хамтарч эрчим хүчний шинэтгэлийг судлах хэрэгтэй болов уу. Цаашид олон улсын санхүүгийн байгууллагууд нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг санхүүжүүлэх сонирхолгүй байгаа. Гэвч нүүрсний үйлдвэрлэл үргэлжилсэн хэвээр байна. Алхам алхамаар шинэ технологиуд гарч, амьдралд нэвтрэх  нь ойлгомжтой” хэмээн онцолсон юм. Хэлэлцүүлгийн чиглүүлэгч CNN телевизийн сэтгүүлч Ричард Остин Квест “Намайг ирэх жилийн эдийн засгийн форумаар ирэхэд эдгээр нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн байх вэ” гэдэг асуултыг панелистуудад тавив. Тэд “ Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоо сайжирсан байх болов уу, нэг жилийн дотор 100 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр дуудлага худалдаа зохион байгуулах ажил эхэлсэн байна. Хамгийн гол нь олон талт стратегийн асуудлаа шийдэх, хөрөнгө оруулалтын орчныг нээлттэй байлгах, ур чадвар мэдлэг чадвараа сайжруулах нь чухал” хэмээн хариулав.