Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ

Дэлхий нийтээр эрчим хүч гаргаж авахын тулд их хэмжээний нүүрс шатааж байна. Тэр хэрээр агаар дахь нүүрсхүчил, хүлэмжийн хийн найрлага ихэсч, хүн төрөлхтнийг хорт агаараар амьсгалуулж буй. Тиймээс зарим улс нүүрсний хэрэглээгээ багасгаж, яваандаа татгалзахаар төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Харин оронд нь сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх аж. Нар, салхинаас эрчим хүч гаргаж авах нь олон зуун мянган тонн нүүрс олборлож, шатааснаас хамаагүй бага зардал гарах юм. Тиймээс манай орон ч гэсэн энэ чиглэл рүү явах шаардлагатай байгаа.
Энэ хүрээнд өнгөрсөн жил 50 мгВ-тын хүчин чадалтай Салхин цахилгаан станцыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт ашиглалтад оруулсан. Гэхдээ энэ нь Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 4-5 хувийг хангаж буй гэсэн. Уг нь УИХ-аас 2006 онд баталсан Сэргээгдэх эрчим хүчний бодлогод 20 хувьд хүргэх заалт бий аж. Энэ бодлогоор явбал 2030 он гэхэд манай улсын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 4-5 мгВ байхыг гадны судлаачид хэлж байна. Уул уурхай хөгжиж буй манайд энэ нь маш бага үзүүлэлт гэнэ. Цаашид хэрэглээг нь нэмэгдүүлэхийн тулд ямар гарц буйг БНСУ-ын “Global green growth institute”-ийнхэн Монголд ногоон эрчим хүчний системийг хөгжүүлэх стратеги” төслийг жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусчээ. Төслийн дүнд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх боломжит дөрвөн хувилбарыг гаргаж ирсэн байна. Үүний эхнийх нь болох уламжлалт нүүрсний цахилгаан станц давамгайлсан, сэргээгдэх эрчим хүчний оролцоотой нүүрсхүчлийн хий бага ялгаруулах технологитой байх зарчим тохиромжтой буй аж.