Сэргээгдэх эрчим хүч “хүч түрж” байна

B Shurenchimeg
2026-04-21 13:09:12
Ангилал: Эрчим хүч

2025 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нүүрсийг гүйцэж түрүүлснээр, дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр боллоо. Цэвэр эрчим хүчний шилжилтийг түргэтгэх зорилготой “Эмбер” судалгааны байгууллагаас жил тутам гаргадаг шинэ тайланд онцолсноор 2025 онд нар болон салхины эрчим хүчний хэрэглээ 1919 оноос хойш анх удаа өсөж, нүүрсний эзлэх хувь буурсан байна. Тухайлбал, чулуужсан буюу малтмал түлшний хэрэглээ өнгөрсөн онд 0,2 хувиар буурч, нар, салхины эрчим хүч өсөн нэмэгдэж буй эрэлтийн 99 хувийг бүрдүүлжээ. Ялангуяа нарны эрчим хүчний ашиглалт жилийн хугацаанд 30 хувиар нэмэгдэж, түүхэн өсөлтөө үзүүлсэн байна. Энэ нь дангаараа 2025 оны өсөлтийн 75 хувийг эзэлж байгаа юм.

Эрчим хүчний эх үүсвэрүүдийн өсөлт, бууралт

-2025 онд нарны эрчим хүчний хэрэглээ 636 тераватт цагаар нэмэгдэж, Ормузын хоолойгоор экспортлодог байгалийн шингэрүүлсэн хийн эрчим хүчний  хэмжээг давав.

-Салхинаас гаргаж авсан эрчим хүчний хэрэглээ хоёр дугаарт эрэмбэлэгдэж, 205 ТВт.цагаар тэлжээ.

-Нүүрсний эрчим хүчний бууралт үргэлжилж, түүхэндээ анх удаа олон улсын цахилгааны үйлдвэрлэлийн 30-иас бага хувьд хүрсэн байна.

Малтмал түлшний хэрэглээ жилийн хугацаанд буурсан ч, энэ нь эдийн засгийн хямрал болон онцгой тохиолдлууд гэхээс илүү анх удаа цэвэр эрчим хүчний шилжилтээс улбаатай хэмээн Эмбер дүгнэсэн байна.

Нүүрс эрчим хүчний “номер нэг” тоглогч хэвээр байна

Нүүрс нь Азиас бусад бүх бүсэд сэргээгдэх эрчим хүчний дараа орох эх үүсвэр болж байна. 2025 онд энэ түлшний хэрэглээ 63 ТВт.цаг буюу 0,6 хувиар буурсан ч, 10,476 ТВт.цаг-аар нийт эх үүсвэр дэх хамгийн том ганц гол эх сурвалж хэвээр байлаа гэж Эмбер тайландаа дүгнэжээ.

Тэгвэл Олон улсын эрчим хүчний агентлагийн төсөөллөөр, сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байсан дэлхийн нүүрсний үйлдвэрлэл 2025 онд огцом буурч, 2026 онд үргэлжлэх төлөвтэй байна. Ингэснээр XXI зуунд анх удаа хоёр жил дараалан дэлхийн нүүрсний арилжааны хэмжээ буурах магадлалтай гэж шинжээчид төсөөлж байна.

Сэтгүүлч Б.Даваажав

B Shurenchimeg