Сэтгэлгээгээ цэгцлэхэд хамтдаа аялцгаая

Д. Жаргалсайхан Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, Системчлэх үйлчилгээний "ТУС Солюшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Эрхэм уншигчид та бүхэндээ аливаа тулгамдсан асуудлуудыг танин мэдэх, улмаар шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай Системийн сэтгэлгээ, логик сэтгэлгээний талаарнийтлэл болонтанин мэдэхүйн бусад арга хэрэгслэлийн тухай Mongolian Economy сэтгүүлээр тогтмол уулзах болсондоо таатай байна.

Системийн сэтгэлгээ, логик сэтгэлгээ гэхээр олон хүний санаанд шууд л учир начир нь олдохгүй араа шүд, томьёо тэгшитгэлүүд ордог, тэгээд түүнээсээ болж уг сэдвийг судлах хүсэл эрмэлзэлдээ цэг тавьдаг. Гэтэл бодит байдалд системийн сэтгэлгээ, логик сэтгэлгээ гэдэг маань ердөө л эмх цэгцтэй, аливаа асуудлыг бүрэн бүтнээр нь харж сэтгэх тухай л асуудал юм.

Эмх цэгцтэй сэтгэлгээ нь тодорхой юмс, үзэгдлийн талаар өгөгдөл, мэдээллийг цуглуулж, ангилж, боловсруулсны үндсэн дээр дүгнэлт хийх ур чадвар юм. Бид эргэн тойрноосоо мэдээлэл, өгөгдөл байнга хүлээн авдаг, цуглуулдаг боловч, тэдгээрийг ангиланболовсруулж өөрийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхэд шаардлагатай мэдлэг болгон ашиглах нь тун ховор.


Сүүлийн арав гаран жилийн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг задлан үзвэл бүх төрлийн бараа, үйлчилгээнүүд дотроос хамгийн үнэ цэнэтэй нь алт биш, нефть биш, мөнгө биш , зэвсэг биш харин бүтэцжүүлсэн өгөгдөл, мэдээллүүд болсон байна. Хамгийн оновчтой бүтэцжүүлсэн, шуурхай мэдээлэлтэй хүн бол алт, нефть, мөнгө, зэвсэгтэй болж чадах төдийгүй аливаа зорилгоо тууштай хэрэгжүүлдэг гэдэгт хэн ч одоо эргэлзэхгүй биз ээ. Эмх цэгцтэй сэтгэлгээ нь таны амьдралын бүхий л хүрээнд таныг олон олон таагүй асуудлаас сэргийлэн хамгаалах төдийгүй тайван амгалан, сэтгэл ханамжтай амьдрахад зайлшгүй шаардлагатай.

Аж үйлдвэрийн IV хувьсгал нэрээр олноо танигдах болсон мэдээлэл, харилцааны хувьсгагч технологийн ололтууд дээр суурилсан аварга том өөрчлөлтүүд дэлхий даяар өрнөж түүний гадна нэг ч улс, нэг ч байгууллага, нэг ч гэр бүл, хувь хүн үлдэх боломжгүй боллоо. Бидний хэдэн монголчууд л Таван толгой, Оюу толгой зэрэг толгойнуудаа ярьсаар гадна нь үлдэх нь. Аж үйлдвэрийн IV хувьсгалын хөдөлгүүр нь болж байгаа 10 гаруй технологийг эрдэмтэд нэрлэж байна.

Тэгвэл тэдгээр технологийн хэв шинж нь чухам юундаа байна вэ? Танин мэдэх процессыг техникийн ололтыг ашиглан хурдасган, сайжруулж байгаа нь л тэдгээрийн нийтлэг хэв шинж юм. Урьд өмнө цуглуулах боломжгүй, эсвэл цуглуулах, бий болгох нь маш өндөр өртөгтэй realtime өгөгдлүүдийг маш бага зардлаар цуглуулж, улмаар тэдгээр өгөгдлүүдээ боловсруулан мэдлэг болгох аргыг хүний амьдралын бүхий л салаа мөчирт хэрэглэдэг болсноор хэний ч төсөөлж байгаагүй өргөн цар хүрээтэй эерэг өөрчлөлтүүд бий болгож, түүний давалгаа нь улам бүр эрч аван даялж байна..

Уудам тал шигээ, хөх тэнгэр шигээ чөлөөтэй, задгай сэтгэлгээгээ цэгцтэй, цогцболгож чадвал дэлхийд бий болсон технологийн ололтуудыг Монголчууд амьдралдаа давуу тал болгон ашиглаж болох төдийгүй өөрсдөө шинэ технологи боловсруулан гаргаж олон улсын зах зээл дээр амжилт гаргах цаг холгүй мэт.

Өнгөрсөн нийгмээсээ өвлөн авсан хуучинсаг сэтгэлгээ, хялбар аргаар том үр дүнд хүрэх эрмэлзлэлээс угшилтай бэлэнчлэх сэтгэлгээ, аливаа асуудлын нарийн ширийнийг судалдаггүй ерөнхийлдөг сэтгэлгээнүүд бидний сэтгэлгээнд давамгайлсаар байгаа нь бидний өмнө тулгарсан хамгийн хүнд асуудал болоод байна. Иймсэтгэлгээг өөрчлөх ньбид хөгжил дэвшилд хүрэх цорын ганц зам бөгөөд энэхүү өөрчлөлтийн их аянд хамтдаа гарцгаая.