Сэтгэл гутралтай тэмцлээ

1992 оноос хойш “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн энэ өдрийг энэ жил “Сэтгэл гутрал: Даяарчлалын тулгамдсан асуудал” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Манай улсын хувьд тус өдрийг 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн жил “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хөрөнгө оруулалтыг дэмжье” уриан дор тэмдэглэж байсан бол энэ жил дэлхий нийтээрээ сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, архаг ядаргаатай тэмцэж байна. Энэ хүрээнд иргэдэд тус асуудлаар мэдээлэл хүргэх үүднээс ЭМЯ-ны Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 121 сая хүн сэтгэл гутралын эмгэгт нэрвэгдэж, жил бүр 850 мянган хүн тус өвчний улмаас амь насаа егүүтгэж байна. Мөн 2020 он гэхэд хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаанаас бий болсон сэтгэл гутралын хувь маш өндөр түвшинд хүрнэ гэж үзжээ. Түүнчлэн сэтгэл гутрал нь дэлхийн өвчлөлийн түвшинг нэмэгдүүлэхэд нэг том хүчин зүйл болж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 350 сая хүн сэтгэл гутралтай байна гэж тодорхойлогдсон байна. 17 оронд явуулсан дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанаас харахад 20 хүний нэг сэтгэл гутралд орж байна.

ДЭМБ-аас манай улсад хийсэн судалгаанаас үзэхэд 1200 төрсөн эхийн 20 хувь нь сэтгэл гутралтай гарсан байна. Сэтгэл гутрал нь хүйс, ядуурал, эдийн засгийн хямрал, нийгмийн нөлөө, хүний удмын хүчин зүйлс, хүчирхийлэл зэргээс ихээхэн хамаардаг байна. Тус хурлын үеэр СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Эрдэнэбаяр хэлэхдээ “Манай улсын хэмжээнд сэтгэл, мэдрэлийн 200 гаруй эмч байна. 550 ортой сэтгэл, мэдрэлийн өвчинтэй тэмцэх манай төв найман оронтой хамтарч ажиллаж байна. Өнөөдөр манайд эмчлүүлж байгаа 480 хүний 80 нь хурц солиорлын байдалтай эмчлүүлж байна. Сэтгэцийн эрүүл мэнд нь нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал асуудал юм. Тиймээс бид ирэх жилийн энэ өдөр хүртэл 40 гаруй ажил хийхээр төлөвлөөд байна. Нэн тэргүүнд улсынхаа 21 аймаг, есөн дүүрэгт сэтгэл гутралын талаар ойлголт, мэдээллийг тараах ажилдаа энэ сараас орж эхэлнэ” гэлээ.