Сэтгэцийн өвчинтэй иргэдийн тоо өсөж байна

“Сэтгэл судлалын үндэсний төв”, “Монгол өрх” сэтгэл заслын холбоо тэргүүтэй сэтгэл судлалын байгууллагын судлаачид өнөөдөр чуулж, “Монголын сэтгэл зүйчдийг бэлтгэж буй өнөөгийн байдал”, “Монголд сэтгэл зүйчдийн нийгэмлэг байгуулах ба сэтгэл зүйчдийн ажлын эрх зүйн орчин бүрдүүлэх ач холбогдлын тухай” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Тус чуулган нь сэтгэл зүйчдийн хувьд өргөн хүрээг хамарсан анхны уулзалт бөгөөд энэ үеэр “Сэтгэл судлалын нийгэмлэг” байгуулав.

Монгол Улсын хэмжээнд сэтгэл судлаач мэргэжлээр жилд 300-аад хүн төгсдөг аж. Мөн сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 40-50 байгууллага улирал бүр уулздагаас зөвхөн Сэтгэл судлалын үндэсний төвөөр сард 200 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Аливаа улсын нийгэм, эдийн засгийн байдал тухайн орны иргэдийн сэтгэл зүйд ихээхэн нөлөө үзүүлдэг хэмээн олон улсын сэтгэл судлаачид үзэж буй. Монгол Улсад 2008 оны байдлаар сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмчийн хяналтад эмчлүүлдэг байж. Харин сүүлийн жилүүдэд сэтгэл судлалын төвүүдийн уялдаа холбоо саарсан ч сэтгэл судлаачид хандах иргэдийн тоо өсөж буйг Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг онцлов.

ДЭМБ-ын өнгөрсөн жилийн судалгаагаар дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчин, эмгэгтэй байна. Харин энэ онд Тайланд улсад хийсэн судалгаанд дэлхийн хүн амын 14.3 хувь, БНХАУ-ын судалгаагаар 17.5 хувь нь сэтгэцийн ямар нэгэн өвчлөлтэй гэсэн дүн гарсан хэмээн “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэд захирал Л.Насанцэнгэл хэллээ. Сэтгэцийн өвчин үүсэхэд тухайн улсын нийгэм, эдийн засгийн байдал голлон нөлөөлдөг байна.