Сэтгүүл зүйн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг илтгэлээ

Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо. 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монголд тогтмол хэвлэл үүссэн гэж үздэг бөгөөд 100 жилийн ойд зориулан сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн, доктор, төлөөллүүд илтгэл хэлэлцүүлсэн юм.

“Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл хүрээний сонин бичиг” зэрэг Монголын тогтмол хэвлэлийн ууган сонинуудыг үүсгэн, эрхлэгчээр нь ажиллаж байсан соён гэгээрүүлэгч Ж.Цэвээний амьдрал, уран бүтээлийн талаарх илтгэлээрээ МУИС-ийн НШУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор, профессор Б.Норовсүрэн эрдэм, шинжилгээний хурлын салхийг хагалсан юм.

100 жилийн тэртээ шангаа татсан Монголын сэтгүүл зүйн салбар өдгөө өдөр тутмын 17 сонин, 50 гаруй телевиз, 60 гаруй сэтгүүл, 130 гаруй цахим сайттай болон өргөжжээ. Хэдийгээр тоо нь олон ч чанарын хувьд ярих, шүүмжлэх зүйл нэлээдгүй байгааг МУИС-ийн багш, доктор, профессор М.Зулькафиль илтгэлдээ дурдав. Мөн тэрбээр “Мэргэжлийн сэтгүүлчид мэдээллийг дамжуулдаг байсан бол интернэт хэрэглэгчид мэдээллийг шуурхай авч дамжуулдаг иргэний сэтгүүл зүй хөгжиж байна” гэв.

Уг хуралд 200 орчим төлөөлөгч оролцож, сэтгүүл зүйн үүсэл, хөгжил хийгээд өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаарх илтгэлүүдийг сонссон юм.