Сэтгүүл зүйн салбар нэгэн зууныг үдлээ

“Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан нэгэнтээ хэлсэн байдаг. Бусдыг уриалан дуудах агуу урлагт хүчин зүтгэж буй манай салбарынхан өчигдөр 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Зөвхөн баярын хурал хийж, тэмдэглээд өнгөрөх бус явж ирсэн замаа эргэн харж, алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнүүллээ. Хийж бүтээх, бичих туурвих их хүч, энерги авлаа. Түүхэн ойн өндөр босгоор олуулаа давлаа. Цагийн шуурга, хөгжлийн салхинд сэтгүүл зүйн салбар тэсэрч, тэвчиж, тэнхээ орлоо. Билгүүн оюуны "фронт" гэж хэлж болох сэтгүүл зүйн салбар нэгэн зуунтай зэрэгцэж ирлээ. Зуунаар хэмжигдэх салбарын “гал тогоо”-нд багтаж буй уран бүтээлч бүхний баяр өчигдөр тохиов. Бидэнд зам нээсэн, нээсэн замаар нь сэтгүүл зүйн салбар өнөөгийн түвшинд хүрсэн энд байхгүй ч тэнд буй үзэг нэгт нөхдөө 100 жилийн босгон дээр эргэн дурслаа.

Сэтгүүл зүйн салбарын нийгмийн оюун санаанд үйлчлэх мөр нь тод юм. Тод учраас түүх нь сод. Сод түүхийг бүтээсэн, түүнийг бүтээлцэж яваа, ирээдүйд түүхийг бичих, түүнийг үргэлжлүүлэх үе үеийн сэтгүүлчдэд мэхийе. Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон. Тэртээх 1913 оноос улбаатай сэтгүүл зүйн салбарын сэтгүүлч, сурвалжлагч бидэнд “сэргээш” болох чин сэтгэлийн үгийг Ерөнхийлөгч хэллээ. Орчин цагийн сэтгүүл зүйн салбарынханд чих, нүд, хэл байх үүргийг Ерөнхийлөгч дахин сануулахын зэрэгцээ цаг үетэйгээ хөл нийлэх зүг чигийг ч бас зөвлөж өгөв. Тэрбээр “Сэтгүүлч гэдэг нэрийн цаана зөвхөн бичдэг, сурвалжилдаг хүмүүс биш, бүхэл бүтэн баг байгаа. Маш олон мэргэжлийн хүмүүс байдгийг бид мэднэ. Энэ багт, нэг үгээр хэлбэл сэтгүүлч гэдэг нэрийн цаана байдаг тэр хүмүүст монголын ард түмэн ийм хамгийн нандин зүйлээ өгсөн байгаа юм. Хамгийн үнэтэй зүйлээ эзэмшүүлсэн байгаа юм. Тэр нь бол нийгмийн оюун санааны хөтөч байх эрх. Ерөөсөө нийгмийн оюун санааны толь байх, нийгмийн сэтгэл зүйн засалч байх, юмыг түрүүлж мэдэх, түрүүлж мэдээлэх тэр гайхамшигтай эрхийг олгоно гэдэг бол үнэхээр монголын ард түмэн нэн хүндтэй, хариуцлагатай эрхийг энэ хэвлэл, мэдээллийн салбарынханд найдаж олгожээ гэж би хувьдаа боддог. Иймээс би хэвлэл, мэдээллийн салбараас олон зүйл шаардахгүй байгаа. Гуравхан зүйлийг шаардаж байгаа. Ёс зүйтэй байхыг шаардаж байгаа. Хариуцлагатай байхыг шаардаж байгаа. Хараат бус байхыг шаардаж байгаа” хэмээсэн юм.

Тэрбээр цааш нь “Анхны “Шинэ толь” хэмээх сонин нь тухайн үеийн эрх баригчдаас санхүүждэггүй байсан. Үнэнийг хэлэх гэж бие даасан, эрх чөлөөт хэвлэл гарч ирсэн. Ингээд 18 нас хүрээд өөр тогтолцоо руу шилжин орсон байдаг. Тухайн үеэс хойш манай сэтгүүлзүйн салбар үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр иржээ. Ерөнхийд нь харвал сэтгүүлзүйн салбар гурван төрийн нүүр үзсэн гэж хэлж болохоор байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон, Богд хаанаар эхлүүлсэн төр, дараачийн төр болон ардчилал, эрх чөлөөний үеийн төр гэсэн ийм гурван үеийн төрийн түүхийг хамтран бүтээсэн салбар бол сэтгүүл зүй” хэмээн онцлов.