Сэхээтний тэнэглэл

Багш. Энэ үг ямар үнэ цэнэтэй билээ. Хүүхэд бүхэн л багш болохсон гэж мөрөөддөг шүү дээ. Хүн болгон л багш нарыг хүндэтгэж явдаг. Ийм хүндлэм мэргэжлийг эзэмшсэн багш нарын амьдрал ч утга учиртайсан. Түмэн шавь, буман хүүхдийн сайн сайхны төлөө оюун бодлоо бэлчээн суух багшийн талаарх иргэдийн хүндлэл их. Харин багш нарын саяхнаас гаргаж буй амиа бодсон авир түмний хүндлэл багш нарт хүнддэхдээ хүрээ юү дээ гэж бодогдоход хүргэв. Тэд ажил хаялт зарлаад гурав, дөрөв ч хонож байна. Хүйтний эрч чангарсан өвлийн өдрүүдэд дулаан анги танхимдаа эрдэм номоо сураад ая тухтай сууж байх ёстой алдрай бяцхан үрс “Хичээл орох үгүйг мэдэхгүй ээ, багш мэдээ үз гэсээн” хэмээгээд зурагт ширтэнэ. Харин ахлах ангийн хүүхдүүдийн олонх нь кино ший үзсэн шиг гудамж талбайгаар хий дэмий сэлгүүцэж эцэг, эхийнхээ санааг зовооно.

Багш нарын ажил хаялт цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгчдийг ч уруу татсан болохоор хүний хараа хяналт шаардлагатай нялх балчир хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд ажилдаа явах уу, гэртээ суух уу гэдэг хэцүү асуудалтай нүүр тулсан хүнд өдрүүд үргэлжилж байна. Цалинг нь ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, аравдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэхээр болчихоод байхад наана нь нэмүүлнэ гэж улайран дайрч байгаа нь утгагүй юм. Багш нар олон түмний хийгээд төр, засгийн хайр энхийрлэлд бялуурчээ. Сурч мэдэх хүсэл эрмэлзлэл нь бялахсан олон зуун мянган хүүхдийн эрх ашгийг уландаа гишгэх эрх тэдэнд байхгүй. Тэд ардын олон хүүхдийн эрхийг ийн зөрчих биш, өчүүхэн ч цаг хугацаа алдахгүй сургах үүрэгтэй. Дураараа аашилж олон хоног ажил хаяж болно оо. Гэхдээ ард нь алаг үрс л хохирно гэдгийг эцэг, эхчүүд л мэднэ. Энэ олон хоногийн хичээлийг тэд бүрэн гүйцэд нөхөн зааж чадах уу гэдэг эргэлзээтэй. Орхигдсон хичээлийг зааж болох авч зарим сургууль, цэцэрлэгийнхэн ажил хаялтад нэгдээгүй учраас улс орон даяар нэгэн зэрэг мөрдөж явуулах учиртай сургалтын программыг дураараа авирласныхаа төлөө хэрхэн гурилдах бол гэдэг сонин байна. Үүрэг хариуцлагаа умартсан багш нараас болж зөвхөн хүүхэд багачууд төдийгүй аав, ээжүүдийн дээрх хугацаанд алдсан ажил, сэтгэлийн шаналал зовлонг тэд нөхөн төлж чадах бил үү.

Багш хэмээх оюуны далай болсон хүмүүс хаврын синдромд автан зүг чиггүй жагсагчдаас ялгарах зүйлгүй авирлаж байгаа нь эмгэнэлтэй. Даваа гаригаас эхэлсэн багш нарын ажил хаялт өдөр хоног өнгөрөх тусам намжих биш, харин ч хүрээгээ тэлж орон нутгийнханд “халдварлаж” эхэлжээ. Улмаар МҮЭ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны ажилтны ҮЭ-ийн холбоо, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэд цалингаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмүүлнэ гэсэн шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх юм байна. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд нийцэх болов уу.

Өнөөдөр багш нар хамгийн бага орлоготой, амьдрал нь ажил хаялт зарлах хэмжээнд очтолоо тийм доошоо орчихсонд тооцогдохгүй гэдгийг ард түмэн сайн мэднэ. Сүүлийн жилүүдэд тэдний цалин харин ч зохих хэмжээгээр нэмэгдсэн. Амьдралын түвшин нь ч харьцангуй сайжирсан нь харагддаг. Харин ч тэгж ярих юм бол өнөөдрийн байдлаар хамгийн боломжийн цалин орлоготойд багш нар тооцогдоно. Цалингийн хэмжээгэрээ тэргүүлэхгүй юмаа гэхэд нэлээд дээгүүр орох нь ойлгомжтой. Үүнийг баримт жишээгээр баяжуулъя л даа. Ажлын туршлага юу ч үгүй анхны жилдээ хөдөлмөрлөж буй багшийн гар дээрээ бэлэн авдаг цалин 300 гаруй мянган төгрөг юм байна лээ. Арав, хорин жил ажилласан ахлах багш нар бол цол зэргийн нэмэгдэл гээд сардаа доод тал нь 500-600 мянган төгрөгийн цалин халаасалдаг байна. За тэгээд хажуугаар нь сурагчийн дэвтэр зассаны мөнгө, анги даасных гээд үндсэн цалинд орохгүй нэмэгдэл сул шахуу орж ирэх орлого бишгүй бий. Дээр нь Багш нарын баяр, Төгсөлтийн баяр, Хичээлийн шинэ жил гээд баяр ёслол тохиолдуулан авах бэлэг сэлт тэдэнд тасрахгүй.

Эрдэм номын их өргөөний эзэн гэдэг утгаар нь аав, ээжүүд багш нарт шаардлагатай үед нь мөнгө өгөхдөө луу унжаад байдаггүй. Үүний сацуу ялангуяа хот, суурин газрын багш нар болж л өгвөл хүүхдүүдийнхээ ар гэрээс мөнгө татчих гээд байдаг муу зуршилтай болсныг нь хэн хүнгүй гадарлаж байгаа нь бодит үнэн юм. Гэхдээ энд бүх багш нарыг хамруулж хэлээгүй гэдгийг ойлгоно биз. Уулын мод урттай богинотой гэдэгчлэн шавь нараа зовоогоод байхыг хүсдэггүй, үнэнч шударга багш олон бий нь мэдээж. Өнөөдөр хүртэл дээрх ажил хаялтад нэгдээгүй сурган хүмүүжүүлэгчид ч байгаагаас үүнийг харж болно. Гэхдээ дээр хэлсэн багш нарын цалин харьцангуй өндөр байдгаас гадна сул орлого мундахгүй гэдгийг ч би сэтгүүлчийнхээ хувьд цөөнгүй тоо баримтаар нотолно.

Манай гэр бүлд болоод хамаатан садангуудын дотор ч багш хүн цөөнгүй бий учраас сайн мэднэ. Багшийн ажилтай гэр бүлийн гишүүнтэй айл ч олон байдаг болохоор олон түмэн ч миний дэлгэж байгаа баримттай санал нэгдэх байх гэж бодож байна. Олон уншигч “Хүн баяжих тусмаа харамч болдог гэдэгчилэн багш нар цалингаа нэмүүлэх тусмаа даварч байна” гэж бухимдах нь мэдээж. Өнөөдрийн үнийн хөөстэй нийгэмд хийсэн хөдөлмөрөөсөө харьцангуй бага цалин авч, ёстой өдөр өдрийн нарыг чадан ядан өнгөрөөж яваа олон иргэн бий. Хувийн хэвшилд ч, төрийн байгууллагад ч ийм орлого багатай хүн цөөнгүй. Харин ч төр, засгийнхан багш нар хэт тал засаж байна гэлтэй. Нийгмийг гэгээрүүлж явах, хүмүүний оюун бодлыг цэлмээх багш нар сурагчдыг мөнгө, сургуулийг мөнгө, мэргэжлээ мөнгө гэж хардаг болсны илрэл нь энэ болов уу. Багш нар ийм өчүүхэн бодолтой, өрөвдөлтэй байвал ядуурал, ажилгүйдэл эрчээ авсан энэ нийгэмд бусад нь ямар байх болж байна вэ, мэргэн оюундаа болгоогоод үзээч багш нар аа. Хэн тэднийг нийгмийн шившиг болгоход турхирав. Нэр хугарвал яс хугар гэдэг. Нийтээрээ болохоо байгаад босож байгаа юм биш шүү дээ. Нэг хэсэг сургууль, цэцэрлэгийн багш ажил хаялтад нэгдэхгүй үлдчихээд, зурагт, радиогоор “Ингэж хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй шүү дээ” хэмээн өгүүлж суугааг бүгд харж байна. Миний ийн бичиж байгаа дээр манай нэг ажилтан маань дараах үгийг дайсан юм. “Манай нэг багш эгч бол ажил хаялтыг огтхон ч дэмжихгүй байна лээ. Тэрбээр ядаргаатай юм, ажил төрөл ч хийлгэхгүй, хий дэмий цаг нөхчөөгөөд, цалин мөнгөгүй хэцүү байна шүү дээ гэж бухимдаж байсан” хэмээн сонирхуулсан. Зөв шүү дээ, төрийн хайр ивээлд багтчихаад яасан гэж үнэ цэнэтэй цаг хугацааг зүгээр өнгөрөөх ёстой гэж.

Ерөнхий сайд өчигдөр НХХ-ийн сайд, БСШУ-ны сайд болоод бусад холбогдох байгууллагынхныг хүлээн авч уулзжээ. Тэрбээр холбогдох хүмүүст “Багш нарын ажил хаялтыг зогсоох хэрэгтэй байна. Улсын төсвийн 30 хүртэлх хувийг зөвхөн боловсролын салбарт зарцуулж байна. Цалинг нь хамаагүй нэмж болохгүй, инфляци улам л өснө. Ажлын хэсэг байгуулж асуудлыг судалж үз” хэмээсэн байна. Ерөнхий сайд арай л яаран санаа тавьж байх шиг. Уг нь бол бусад орны туршлагаас харахад ажил хаялтыг тоогоод байдаггүй л юм байна лээ. Гэхдээ манай багш нарынх шиг ийм үндэслэл шалтгаан муутай зүйл дээр шүү дээ. Үнэхээр зайлшгүй асуудал дээр бол мэдээж цаг хугацаа алдахыг хүсэхгүйгээр өөр хандах нь мэдээж. Нэгэнт цалинг нь нэмнэ гэчихээд байхад ийн ёс зүйгүй аашилж ард түмнийг хохироох эрх байхгүй л баймаар.

Аавын хүүхдүүд адилхан л амьдрах гэж зүтгэж зовж яваа шүү дээ. БНСУ-д манайхан олон мянгаараа л ажиллаж хөдөлмөрлөдөг. Саяхан зурагтаар багш нарын ажил хаялтын тухай мэдээ үзэж байсан танил маань “Солонгост ажил хаяхаар төр, засаг нь тооддоггүй шүү дээ. Нийтийн тээврийн автобусныхан нь байж байгаад л ажил хаялт зарладаг. Төр, засгийнхан тоохгүй хаячихаар хэд хонож байгаад мөнгө төгрөг ч үгүй болдог биз ажлаа хийгээд унадаг” гэж сонирхуулж суусан. Онцын шаардлагагүй өөрсдийнхөө зүгээс шаардлагатай арга хэмжээ авсан гэж үзэж байгаа асуудал дээр тэгэх л хэрэгтэй шүү дээ, төрийн түшээд ээ. Суралцахад гэмгүй “зөвлөгөө” байгаа биз.

Багшийн эрдэм шавьд гэдэг. Ийм өнгөц боддог, өнгө мөнгөнд дарлагдсан багш нар ажиллах талбар нь дэлхий байх үр хойчийн маань оюуныг ямархан түвшинд цэнэглэх нь ойлгомжтой. Уг нь бол Монголын боловсролын чанар өнөөдөр ямар ичмээр байгааг Дэлхийн банк саяхан Азийн орнуудтай харьцуулж жишээд бэлээхэн хэлээд өгчихсөн шүү дээ. Ухаантай бол багш нар өнөөдөр цалингаа нэмүүлье гэж хашгичихаасаа ичиж, боловсролын чанарыг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр оюунаа чилээх учиртайсан. Тэдний энэ авирыг тэнэглэл гэж нэрлэвэл онох бололтой.