Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ хямдарлаа

Шинэ долоо хоногийг бид хэтэвчиндээ сайн мэдээтэйгээр эхэлж байна. Тодруулбал, сүүлийн үед хэн бүхний халаасыг хоосолж байсан махны үнэ “Хүчит Шонхор” зах дээр ойролцоогоор 100-200 төгрөгөөр хямдраад байна.

Тав хоногийн өмнө тус зах дээр хонины цул мах кг нь 7000-7500 төгрөг байсан бол өнөөдөр 7300, адууны ястай мах кг нь 5600-5500, цул-6000-5800 болж, хамгийн өндөр үнээр зарагддаг үхрийн цул мах кг нь 9500 төгрөг байсан бол өнөөдөр 9300 болж хямдарчээ.

Зуны дэлгэр цаг ирж сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ литр тутамдаа 500-1500 төгрөгөөр хямдарсан таатай мэдээг танд дуулгахдаа баяртай байна. Шингэн сүү, тараг литр тутамдаа 1000 төгрөг байгаа бол чихэртэй ааруул кг тутамдаа 6000-6500 төгрөгөөс 4500-5000, чихэргүй ааруул 3000-4500 төгрөгөөс 3000-4000 төгрөг, ээзгий 4000-3000, сарлагийн өрөм 4500-4000, цөцгий 6000-5000 болж хямдарсан байна. Харин "Сүү" зэрэг компанийн савлагаатай сүү, тараг литр тутамдаа 100-150 төгрөгөөр хямдарчээ.

Хүнсний ногооны хувьд манжингийн кг тутмын үнэ өссөн байгаа бол бусад хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байна. Тус зах дээр өмнөх долоо хоногт лууван кг нь 800-1000 төгрөг байсан бол 200 төгрөгөөр нэмэгдэж, 1200 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна.

Мөн дотоодын гурилын үнэ тогтвортой байгаа ч “Алтан тариа”-н I гурил тус зах дээр тасарч, орос гурил ховордож буйг худалдагчид хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар Цесна, Мука зэрэг гурил кг нь 880 төгрөгийн ханштай байна.