С.Амарсайхан: Бүсчилсэн хөгжил бол шинэ цагийн сэргэн мандалтын бодитой хэрэгжихүйц бодлого юм
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай Бүгд Найрамдах Узбекистан Улсын СамаркандТашкент чиглэлийн хурдны галт тэргэнд хийсэн ярилцлагыг хүргэж байна. Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан хоёрдугаар сард тус улсын нийслэл Ташкент хотод болсон бөгөөд С.Амарсайхан сайд тус комиссын Монголын хэсгийн даргаар ажилладаг юм. Харин Самарканд нь Узбекистан улсын түүх, соёлын гол төв төдийгүй монголчуудын өвөг дээдэс суурьшиж байсан хот гэдгээрээ онцлогтой. Иймээс бид ярилцлагаа Самаркандын түүхээс эхлүүлсэн юм.
-Доголон Төмөр (Тэмирлан) гэж алдаршсан Их хааны бунхан: Өвөг дээдсээрээ бахархахын сацуу асар их зүйл бодогддог -Бид түүхэнд Доголон Төмөр (Тэмирлан) гэж алдаршсан Их хааны бунхант цогцолборыг үзэж сонирхоод, одоо Ташкент руу буцаж байна. Танд ямар сэтгэгдэл төрснөө хуваалцахгүй юу?
-Монгол хэмээх энэ нэр, энэ түүх мянга мянган жилийн хатуу ширүүн нугачааг даван туулж, энэ цагийн бидний түүхийг ч Монгол хэмээх нэг дээвэр дор он цагийн судар бичээст тамгалсаар байгаа нь монголчуудын бахархал юм. Дэлхийн цөөнгүй улс орны түүх дурсгал, мөн бахархал нь болж өнөөг хүртэл хадгалагдан байгаа өвөг дээдсийнхээ түүхэн ул мөр, улбаа хэлхээг үзэж судлах бүрт асар их зүйл бодогддог. Та бүхэнд ч тийм л байдаг байх. Манай эх орны тусгаар тогтнол, үнэ цэн өвөг дээдсийн минь ямар их ур ухаан, сэтгэлийн хат, итгэл зүтгэлээр бидэнд өвлөгдөн ирсэн бэ гэдгийг сануулдаг, сэрээдэг, мэдрүүлдэг. Энэ түүхээрээ бид бахархаж, эрч хүч авч, илүү хариуцлагажиж, бүр ихийг хийж бүтээх итгэл үнэмшил авч байх ёстой юм.
Дэлхийн талд Pax Mongolica буюу Монголын их амар амгалан хэмээх тодотголтой дэг журмыг тогтоож явсан өвөг дээдсийн үр сад бид өнөөдөр төөрөлдөж, биенээ үгүйсгэж, бусдын золиос болж болохгүй цаг үед амьдарч байна. Он цагийн уртад нүүдэлчин соёл иргэншлээ түүх болгон бичиж үлдээгээд зогсохгүй үргэлжлүүлэн өвлүүлж ирсэн ард түмний хойч үе гэдгээрээ бид дэлхийд ондоошин ялгардаг. Тиймээс дотооддоо илүү эв эетэй, хүндэтгэлтэй хандах уламжлалт ёс заншлаа хадгалж байж л бид Монгол хэмээх энэ улс үндэстнээ хэвээр хадгалж үлдэнэ. Мөн бусад улс үндэстэнд ч илүү их хүндэтгэлтэй, зарчимтай байх, аливаа асуудалд илүү ухаалаг, ул суурьтай хандах учиртай гэж би боддог.
Торгоны зам ба эртний “бүсчилсэн хөгжил”
-Монголын эзэнт гүрний хаад, ноёд энэ бүс нутгийг эзэлж, улмаар худалдаа наймааны гол цэгээ болгож байсан түүхтэй. Өвөг дээдэс маань худалдаа наймаа хийх үүднээс зах зээлийг тэлж, “бүсчилсэн хөгжил”-ийн бодлогыг XIII зуунаас хэрэгжүүлж иржээ. Олон зуун жилийн дараа Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан баг Узбекистан улсад мөн зах зээлээ тэлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ирээд байна. Энэхүү ажлын айлчлалын гол ач холбогдлын талаар ярина уу?
-Бүсчилсэн хөгжил гэдэг шинэ ойлголт огт биш. Тод жишээ нь Торгоны зам. Эрт цагт бүс нутгуудын худалдаа, наймааны гол зангилаа нь Торгоны зам байсан шүү дээ. 1200-гаад онд Их эзэн Чингис хааны хөвгүүд Зүчи, Цагаадай нар Хорезмын улсыг дайлаар мордож, энд нутагшин суурьшиж, ажил амьдралаа үргэлжлүүлсэн байдаг. Тухайн үед Хорезм бол Төв Ази, Дундад Азийн гол төв, Торгоны замын хамгийн чухал зангилаа байсан түүхтэй.
Түүхийн улбаа хэлхээтэй манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 33 жил болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургаадугаар сард Узбекистан улсад анх удаа төрийн айлчлал хийсэн. Тэгвэл энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдаанаар хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зэрэг томоохон санаачилга, шийдвэр гаргалаа. Бизнесийн салбарт ялангуяа “хил орчмын худалдаа арилжааг бүс нутагтайгаа уялдуулах” ажлуудад илүү ач холбогдол өгч байна. Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас доорх онцлох шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Доголон Төмөр хааны бунхны өмнө. Узбекистан. Самарканд хот. 2025 оны хоёрдугаар сар
Нэгдүгээрт, Улаанбаатар– Ташкентын хооронд шууд нислэгийг энэ оны хоёрдугаар улирлаас эхлүүлэхээр тохиролцсон. Үүгээр аялал жуулчлалын салбарт асар том шинэ боломж нээгдэнэ.
Хоёрдугаарт, Авто тээврийн шинэ маршрутыг нээлээ. ОХУ-аар дамждаг байснаас 1000 км-ээр дөт, Узбекистан–Киргизстан–Үрүмчи– Ховд–Булган боомт–Улаанбаатар чиглэлийн замыг албан ёсоор нээсэн. Энэ нь тээврийн зардал, хугацааг эрс багасгах ач холбогдолтой.
Гуравдугаарт, Хөдөө аж ахуйн салбарын бодит хамтын ажиллагаа ажил хэрэг болж эхэллээ. Узбекистан манай улсаас 100 мянган хонь авахаар гэрээ байгуулсан бөгөөд 2024 онд 7000 хонийг онгоцоор тээвэрлэсэн. Монгол хонь маань эхнээсээ төллөж эхэлсэн сайхан мэдээ сонслоо. Цаашид узбек үүлдрийн хуц Монголдоо авчран шинэ үүлдэр гаргах, хонин сүргийн бүтцийг сайжруулах зэрэг ажил хийнэ.
Дөрөвдүгээрт, Худалдаа, эдийн засгийн төвүүдийг нээнэ. Энэ зургаадугаар сардаа багтаад Улаанбаатар, Ташкент хотуудад худалдаа, эдийн засгийн төвийг харилцан нээхээр боллоо. Монголын талаас 50 гаруй бизнес эрхлэгч ирж, Монгол–Узбекистаны бизнес форумд оролцсон. Манай 10 гаруй компани энэ улсын зах зээлд аль хэдийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тухайлбал, “Монгол Базальт” үйлдвэрээ Ташкент хотод барьж байна, “Таванбогд Групп” НУРА төв салбараа нээсэн, “Voyage Mongolia” төлөөлөгчийн газраа нээж усаа борлуулаад эхэлсэн гэх мэт олон ажил амжилттай урагшилж байна. Манайх хүн ам цөөн, дотоодын зах зээл жижиг улс. Гэхдээ байгалийн асар их нөөц баялагтай. Тиймээс бидэнд гадагшаа чиглэсэн шинэ зах зээл нээх нь хамгийн чухал. Узбекистан бол 40 орчим сая хүн амтай, хүн ам нь жилд дунджаар 1-3 саяар нэмэгдэж буй, далайд гарцгүй улс. Амьдралын хэв маяг, зан араншин монголчуудтай төстэй учир ойлголцоход амар, зах зээл нь ч том улс юм. Энэ боломжийг бизнес эрхлэгчид маань өргөнөөр ашиглаасай гэж хүсэж байна.
Зах зээлээ тэлэх нь Бүсчилсэн хөгжлийн бодлогын нэг зорилго
-Бүсчилсэн хөгжлийн бодлогын гол зорилго дотооддоо бус гадагшаа зах зээлээ өргөжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Нэг аймаг, нэг суманд асуудлаа төвлөрүүлж ярьсаар байвал урагшлахгүй нь тодорхой болсон. Бид эдийн засгаа өсгөж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн ч дотооддоо эрэлт бага учраас зайлшгүй гадагшаа гарах шаардлага үүсэж байна. Үүний тулд эхлээд хоёр хөрштэйгээ хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлж, улмаар хоёрдогч, гуравдагч улс орны зах зээл буюу Узбекистан, Киргизстан, Казахстан, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, цаашлаад дэлхийн бусад зах зээл рүү гарах үүд хаалгыг нээх шаардлагатай. Засгийн газраас 21 аймаг, 330 сумыг долоон бүсэд хувааж, аж үйлдвэр, аялал жуулчлал, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна. Нийт 91 хөгжлийн төв байгуулах шийдвэр гарсан. Энэ бүхэн дотооддоо үйлдвэрлэл, үйлчилгээг эдийн засгийн тусгай бүсүүд, үйлдвэр технологийн паркаар дамжуулан хөгжүүлэх, хүний хөгжлийг чөлөөтэй дэмжихийн зэрэгцээ гадаад орчинд гарц нээх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилготой цогц бодлого юм.
Бид дотооддоо хүний хөгжил рүү чиглэсэн, бүсүүдийн хүн амын бүтэц, амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэд бүтцийг сайжруулах ёстой. Гадаад талдаа хил орчмын болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааны гол гарцыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Улаанбаатар дангаараа Монгол Улс биш шүү дээ. Тэгэхээр бусад бүсдээ гамшигт тэсвэртэй, чанартай, найдвартай дэд бүтцийг бий болгож, томоохон мега төслүүдээ хэрэгжүүлэх нь чухал. Зөв төсөл, зөв хөрөнгө оруулалт, төрийн зүгээс таатай орчныг бүрдүүлэх зэргээр системтэй дэмжээд өгвөл бизнес эрхлэгчид бүс нутагт очно, улмаар өрсөлдөөнд орж, боломж чадвараа нэмэгдүүлнэ.
Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид бол улс орны хөдөлгөгч хүч
Шуудхан хэлэхэд хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжихгүйгээр Бүсчилсэн хөгжил урагшлахгүй. Бизнес эрхлэх, ашиг орлогын боломжгүй газар ямар ч компани хөрөнгө оруулахгүй. Тиймээс бид татварын уян хатан бодлого, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдан татвар, хөрөнгө оруулалт, нийгмийн даатгалын реформ хийхээр ажиллаж байна. Жишээлбэл, тодорхой тооноос доошгүй ажлын байр бий болгож, хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаалан татвараас чөлөөлөх, давхар татварыг багасгах зэрэг уян хатан зохицуулалт бий болгоно. Бизнес эрхлэгчдэд ийм ашигтай нөхцөл олгосноор бүсчилсэн хөгжил бодит ажил болж урагшилна.
2024 оны зургаадугаар сард УИХ Бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн баталсан. Удахгүй Удирдлага зохицуулалтын тухай хуулийг шинэчилнэ. 2025 оны төсөвт бүсчилсэн хөгжилд чиглэсэн томоохон төсөл, ТЭЗҮ боловсруулах ажлуудын зардлыг суулгасан нь манай төсвийн бодлогын түүхэнд анхны том алхам боллоо. Нийт 91 хөгжлийн төвийг байгуулах ажлыг бодит болгохын тулд Засгийн газар ТЭЗҮ, зураг төслийг үнэ төлбөргүй хийж өгч байна. Энэ нь хувийн хэвшлийнхэнд томоохон дэмжлэг болно. Бүсийн хөгжлийн зөвлөлүүдийг байгуулна. Тус зөвлөлийн гишүүд болох тухайн бүс нутгийн аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хамтран бүсийн бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрэмбэлж хэрэгжүүлэх бодлого механизмыг бий болгох юм.
Бүсчилсэн хөгжлийн асуудлыг энэ удаа цогцоор нь шийдсэн. Төрийн түвшинд эсэргүүцэл багатай, олонх нь дэмжиж байна. Өмнө нь нэг аймаг, нэг сум гэж ярьдаг байлаа. Харин одоо УИХ-ын гишүүд хүртэл “бүсчлэлээрээ” хамтарч асуудлаа оруулж ирдэг болсон. Жалга довны үзэл өөрчлөгдөж, асуудлыг том хүрээнд хардаг болж байна. Бүсүүд хоорондоо өрсөлдөх боломж үүсэж байгаа нь хамгийн чухал. Тухайлбал, Говийн бүс эрчим хүчний асар их нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүд барьж дотоодын хэрэгцээг хангаад, цаашлаад экспортолно. Баруун бүс мах, ноос, арьс ширний үйлдвэрүүдийг бий болгоод хөрш зэргэлдээ улс орнуудаар дамжуулан зах зээлээ тэлье гэх мэт санаачилга гарч байна.
Ард иргэдийн оролцоо, оюун сэтгэлгээний шинэчлэл
-“Манай өвөг дээдэс оюун сэтгэхүйдээ дэлхийг багтааж явсан, харин бид их жижигхэн сэтгэлгээтэй болжээ” гэж манай эрдэмтэд хэлсэн. Та бүсчилсэн хөгжил бол газарзүйн байршлаас гадна ард иргэдийн оюун сэтгэхүйг тэлэх, задлах бодлого гэж үзэж байна уу?
-Өнгөрсөн 30 жил “тэлэх бус хумих” сэтгэлгээгээр явснаар нийслэлд хүн ам бөөгнөрөх, хот төлөвлөлт алдагдах, утаа, түгжрэл гэх мэт сөрөг үр дагаварт хүргэсэн. Хүмүүсийн сэтгэлгээ ч өдөр тутмын ахуйн асуудалдаа л бухимдаж, томыг харж, өргөнөөр сэтгэх бололцоогүй болж ирсэн. Тэгвэл бүсчилсэн хөгжлөөр дамжуулан иргэдийн оюун санааг тэлж, бүтээлч сэтгэлгээг дээшлүүлнэ гэж харж байна. Бидний өвөг дээдэс үнэхээр дэлхийн түвшний дипломат бодлого баримталж, олон улсыг холбосон худалдаа наймааг сэдэж, өөрсдийнхөө элч төлөөлөгчдийг илгээж байжээ. Чингис хаан Хорезм руу өөрийн гол элчийг 600 хүний хамт худалдаа наймаа, зах зээлийг тэлэх зорилготой явуулсан байдаг. 600 хүний бүрэлдэхүүнтэй баг гэдэг бол тухайн үедээ маш том үйл явдал. Харин Хорезмын хаад ноёд элч төлөөлөгч нарыг нь устгаснаас болж Чингис хаан дайлаар мордсон гэдэг түүх бий. Гэлээ ч өвөг дээдсийн маань дайлаар мордох эцсийн зорилго нь дэлхийд эв найрамдал, амар амгаланг тогтоох явдал байсан билээ.

-Улстөрчид, бизнесийнхэн, олон улсын байгууллагууд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг ойлгож дэмжиж байна. Харин ард иргэдийн түвшинд ойлголт ямар байна вэ?
-Ард иргэдийн оролцоо хамгийн чухал. Уг бодлогын хөдөлгөгч хүч нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд. Энэ бодлогын ач холбогдлыг иргэдэд хүргэх, тэдний санал, шинэ санаачилгыг тусгах нь нэн чухал. “Бүсийн хөгжлийн боломж, инновац технологи нэвтрүүлэх, иргэд орлогоо нэмэгдүүлэх” гэх мэтчилэн өргөн хүрээтэй оролцоог хангаж идэвхжүүлэх цогц хөтөлбөрүүд хэрэгжинэ. Жишээ нь мэтгэлцээн, хэлэлцүүлгээс эхлээд инновац технологи, шинэ нээлт, бүсийн хөгжлийг дэмжихүйц төсөл хөтөлбөрийн нээлттэй уралдаануудыг иргэд, олон нийтийн дунд зарлаж орон даяар эхлүүлнэ. Мөн оюутан, сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан, мэтгэлцээн зохион байгуулж, инновац, технологийн шалгаруулалт явуулна. Аймаг, орон нутгийн түвшинд хэлэлцүүлгүүд хийнэ.
Бид дээрээ бодлого яриад, доороо гүйцэтгэлгүй үлддэг алдааг давтахгүй байхыг зорьж байна. Өмнө нь бүсчилсэн хөгжил ажил хэрэг болоогүй гол шалтгаан нь “дундын холбоос” байгаагүйд оршино. Тиймээс бид “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”-г байгуулсан. Энэ хүрээлэн бол бүсчилсэн хөгжлийн бодлогын “уураг тархи”, төр, орон нутаг, хувийн хэвшил, судалгааны хүрээлэнгүүдийг холбох “гүүр” байх юм. Мөн эрдэмтэн судлаачдын зөвлөлийг байгуулж, бодлого, шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргана. Ингэснээр залгамж чанарыг алдалгүй, улс төрийн нөхцөл өөрчлөгдсөн ч бодлогоо үргэлжлүүлдэг байх тогтолцоо бүрдэнэ.
Дараагийн 3–4 жил шийдвэрлэх үе
-Засгийн газрын ирэх 3–4 жилийн төлөвлөгөөнд ямар ажлуудыг түлхүү хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бэ?
-Энэ 3-4 жил бол бүсчилсэн хөгжлийн бодлогоо “араамнаас нь гажаахгүй” зөв голдиролд нь оруулж зангидах чухал үе. Бүс бүрийг холбосон дэд бүтэц, хөгжлийн төвүүдийг байгуулж, хөрш орнууд болон бусад улстай гадаад хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Үүнд:
- Татварын бодлогоор бүсчилсэн хөгжлийг дэмжиж, хөрөнгө оруулалт татах ажлуудаа эрчимжүүлнэ.
- Бизнес төв, аялал жуулчлалын төв, шинжлэх ухаан, инновац хөгжлийн төв зэрэг томоохон төслийн зураг төсөвт улсын төсвөөс 60 тэрбум төгрөг баталсан.
- Өв соёл, амьдралын хэвшил, соёл урлаг, спортын арга хэмжээгээрээ бүсүүд хоорондоо ялгарч, жуулчдыг татах, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилго ажил хэрэг болно.
- Жижиг, дунд, бичил үйлдвэрлэгчдийг кластер тогтолцоонд оруулж, бүтээгдэхүүнийг нь дотоод, гадаадын зах зээлд гарахад тусална. Бүсчилсэн хөгжлийн тусгай болон чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулбал бүх төрлийн татвараас 5–10 жил чөлөөлөх зэрэг таатай орчин бүрдүүлнэ.
Ирэх 30 жилийн итгэл үнэмшил
-Бид өмнө нь сонгуулийн мөчлөгтэй холбоотойгоор бодлогоо ойр ойрхон өөрчилж, хөгжлийг хойш чангаасан түүхтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого ийм байдалд дахин өртөхгүй гэдэгт найдаж болох уу?
-Зөв бодлого тогтвортой байх ёстой. Бид олон жил эргэж буцаж явсны эцэст “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-аа тодорхой болголоо. Түүнтэй уялдаад 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилж явуулсан. Аймаг, сум, баг гэсэн жалга довны сэтгэлгээнээс улбаалсан жижиг тойрог, жижиг ашиг сонирхлыг аль болох багасгахыг зорьсон хэрэг. Одоо ухарвал бүхнийг эхнээс нь шинээр эхэлнэ. Тэгвэл бүр ухарна, бүр их алдана. Энэ бодлогоо илүү сайжруулж цааш нь өргөжүүлж, улс үндэстний түвшний сонгуулийн тогтолцоо руу шилжих ёстой. Нэг жижигхэн нутаг дэвсгэрийн төлөө биш, бүхэл бүтэн улсынхаа төлөө бодлого ярьдаг, улстөрч бүр үндэсний хэмжээний том зорилго дэвшүүлдэг болох нь шинэ цагийн хөгжлийн сэргэн мандалтын том хөдөлгүүр болно. Монгол Улс яг одоо түүхэн хөгжлийнхөө эхлэл цэг дээр ирээд байна.
-Ирэх 30 жилд Монгол Улсын хөгжлийг Та хэрхэн төсөөлж байна вэ?
-Би маш өөдрөгөөр хардаг. Бүсчилсэн хөгжлийн бодлого, зорилго бол амьдралын гашуун сургамж дундаас олж авсан, хамгийн зөв шийдэл. Ковидын дараах эдийн засгийн болон геополитикийн олон хямрал, хөршүүдийн зах зээл хаагдсан гээд бид маш хүнд нөхцөлийг давлаа. Энэ бүхний эцэст “өөрөөр хөгжих хэрэгтэй” гэсэн ухааралд Монгол хүн бүр хүрсэн гэж боддог. Тиймдээ ч нийгмийн шаардлага асар өндөр болсон гэж ойлгодог. Боомтын сэргэлтийн бодлого, төмөр замын томоохон төслүүд, экспортын гарцыг нэмэгдүүлэх хэрэгцээ, эдийн засгийн аюулгүй байдлыг дотооддоо хангах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, Цагаан алт хөтөлбөр зэрэг нь энэ бодлогын салшгүй хэсэг. Ирээдүйн 3–4 жилийг зөв ашиглавал манай эдийн засаг энерциэрээ өсөж, хурдтай хөгжинө. Монгол Улс 30, 50 жилийн дараа ч илүү хүчирхэг, нээлттэй, бүсчилсэн хөгжлөөрөө манлайлсан тогтвортой хөгжлийн загвар улс болж чадна.
Шинэ цагийн сорилт ба гадаад хүчин зүйлс
Олон улсын тогтворгүй байдал, дайн дажин, энх тайван, аюулгүй байдлын асуудлууд хурцдаж байгаа энэ үед бид илүү ухаалаг байх ёстой. Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, геополитикийн таахын аргагүй хурцадмал үйл явцын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын сүүлийн жилүүдэд барьж ирсэн бодлого, үзэл баримтлал маш зөв чиг зүгт явж байгааг онцлох нь зүйтэй.

Гадаад харилцааны сайд ч маш сайн ажиллаж байна. Сонголтоор бус хувь заяагаар мөнхийн хөрш болцгоосон ОХУ, БНХАУ-тай харилцах харилцаа манай гадаад бодлогод үргэлж тэргүүлэх байр суурьтай байж ирсэн. Үүний зэрэгцээ гуравдагч хөршүүдтэйгээ стратегийн болон иж бүрэн түншлэлийн харилцаагаа өргөжүүлж, үр ашигтай бөгөөд тэнцвэртэй харилцах нь манай улсын язгуур эрх ашигтай нийцнэ. Цаашдаа ч Монголын төр хэн нэгний явцуу эрх ашиг, явуургүй шүүмжлэлээс ангид байж гагцхүү улс эх орны оршихуйн чухал үндэс болсон гадаад харилцааны илүү ухаалаг, уян хатан, оролцоотой, нарийн судалгаа тооцоотой, цаг үеийн мэдрэмжтэй бодлогыг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулсаар байх ёстой.
Сүүлийн үед хоёр хөрштэй төдийгүй гуравдагч хөршүүдтэй зориуд үл ойлголцуулан, эх орныг маань хагалан бутаргах гэсэн элдэв явуулгууд их явж байна. Бид хөндлөнгийн санаатай, санамсаргүй аливаа явуулга, хатгаас, сэтгэлийн хөөрөлд автсан үйлдлээс улбаалан уламжлалт, найрсаг харилцаатай хоёр хөршөөсөө нүүр буруулж, гуравдагч хөршүүдтэйгээ харилцах хаалгаа хаачихаад гадаад ертөнцөд танигдах, хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн хөгжих, урагшлах ямар ч боломжгүй шүү дээ. Зэрэгцэн оршиж буй тохиолдолд харилцан эв найртай, бусад бүх улс үндэстэнд хүндэтгэлтэй хандаж байж хүндэтгэл итгэлийг харилцан бий болгоно. Бид улс орны хөгжлөө урагшлуулах нэг хүсэл зорилготой ард түмэн. Тиймээс дотооддоо чадавхжих, хөгжиж, сэргэн мандах нь бидний нийтлэг эрх ашиг байх ёстой. “Бүсчилсэн хөгжил бол шинэ цагийн сэргэн мандалтын бодлого” гэж миний хэлдэг нь ийм учиртай. Энэ бол Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн хөгжин урагшлах хамгийн зөв бөгөөд цорын ганц зам юм.
Ярилцлагын төгсгөлд…
Хурдны галт тэрэг Узбекистан улсын Самарканд–Ташкентын хооронд хоёр цаг явдаг. Бидний ярилцлага ч ижил хугацаанд өрнөж дуусахад, галт тэрэг Ташкент хотын өртөөнд ирлээ. 25 жил эдийн засгийн чиглэлээр бичиж ирсэн сэтгүүлч миний хувьд 700–800 жилийн өмнө өвөг дээдсийнхээ байлдан дагуулж, төвхнүүлж байсан Дундад Азийн төвд, Монгол Улсын Шадар сайдтай уулзан улс эх орныхоо хөгжлийн талаар ярилцсан нь үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүллээ. Дэлхийн түүхэнд их гүрэн мандаж, доройтож, оронд нь шинэ улс гүрэн бий болж, амьдрал ээлжлэн үргэлжилсээр ирсэн нь жам. Гэвч дэлхийн талыг эзэгнэн явсан Монголын эзэнт гүрний шууд өв залгамж үр сад нь өнөөдөр ч Төв Азийн цээжинд тусгаар улсаа тунхаглан амьдарч байгааг харахад бахархахгүй байхын аргагүй. Одоо бид урвалзан савлах шүүмжит сэтгэлгээгээ орхиж, илүү өргөнөөр сэтгэж, өөрсдийгөө дэлхийн хөгжилтэй уялдуулан өндийх цаг иржээ.
“Бүсчилсэн хөгжлийн бодлого бол зах зээлээ тэлэх, орчин цагийн сэргэн мандалтын бодлого юм” гэж С.Амарсайхан сайд хэлсэн. XIII зуунд манай Их хаад Дундад Ази руу зах зээлээ тэлэх бодлогыг Торгоны замаар дамжуулан хэрэгжүүлж, ард иргэдийнхээ аж амьдралыг нь дээшлүүлж байсан бол өнөөгийн төрийн бодлого ч бүс нутаг, гадаад ертөнц рүү чиглэж байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийн хамгийн зөв гарц төдийгүй, сэтгүүлч миний хувьд ч бүсчилсэн хөгжил бол ирээдүйн итгэл найдвар, хөгжлийн гол тулгуур гэж онцлон тодотгомоор байна.
Д.Бэхбаяр /Mongolian Economy сэтгүүлийн Эрхлэгч, сэтгүүлч/ Узбекистан, Самарканд–Ташкент, 2025 оны хоёрдугаар сар
/“Бүсчилсэн хөгжил” сэтгүүлийн анхны дугаараас 2025/