С.Болд: Инфляцийн түвшинг найман хувиар томъёолсон

Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болдтой Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд ямар бодлого, зорилт дэвшүүлсэн талаар ярилцлаа.

-Ирэх оны мөнгөний бодлогод инфляцийг 8 хувьд барих зорилтыг төв банкны зүгээс тавилаа. Энэ онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогоос ирэх жилийнх юугаараа онцлог байна вэ. Мөн 2013 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого 2012, 2011 оныхоос эрс өөрчлөгдсөн гэдэг нь юугаар илэрхийлэгдэж байгаа юм бэ?

-Төв банк 2014 оны мөнгөний бодлогодоо 2013 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээгээ үргэлжлүүлнэ, мөн төв банкны хувьд санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хадгалах, эдийн засгийн бодит секторыг мөнгөний бодлоготой уялдуулж дэмжих бодлогыг үргэлжлүүлэх зорилт тавьсан. Мөн мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засгийн дархлааг сайжруулах, макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг бэхжүүлж, мөнгөний бодлогын хүрээнд иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах зорилгоор инфляцийн түвшинг найман хувь гэж томъёолсон. Дунд хугацааны буюу 2015-2016 оны инфляцийн зорилт маань 7 хувиас хэтрэхгүй байх заалтыг оруулж ирлээ. Инфляци дунд хугацаандаа 7-8 хувийн төвшинд байна гэдэг нь нийт иргэдийн орлогыг хамгаалах зорилго агуулж байгаа гэж ойлгож болно. Ханшийн тухайд, төгрөгийн гадаад валюттай харилцах ханш эдийн засгийнхаа суурь нөхцөлтэй уялдаж уян хатан тогтож байх зарчмыг тууштай баримтална. Энэ бол Монголын эдийн засагт хамгийн тохиромжтой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой ханшийн бодлого юм. Харин 2013 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого өмнөх жилийнхээс эрс өөрчлөгдсөн гэдэг нь нэгдүгээрт, эдийн засгаас мөнгө татаж инфляцитай тэмцэх биш, эдийн засагт мөнгө нийлүүлж инфляцитай тэмцэх бодлогын концепцийг 2013 онд хэрэгжүүлж зохих үр дүнд хүрснийг хэлж байгаа юм. Энэ агуулгаараа мөнгөний бодлого шинэчлэгдэж ахиц дэвшил гарсан. Үр дүнд нь ДНБ-ний бодит өсөлт өнгөрсөн гурван жилийн дундажтай харьцуулахад ойролцоо төвшинд гарч байгаа. Тодруулбал, өнгөрсөн гурван жилд дунджаар ДНБ бодитойгоор 12 хувийн өсөлттэй гардаг байсан бол энэ оны эхний хагас жилд 11.3 хувиар өссөн байгаа. Инфляци өнгөрсөн гурван жилд дунджаар 13 хувьтай гардаг байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 9.4 хувьтай гарч байна. Энэ нь иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гол хэрэглээний сагсанд ордог суурь хэрэглээ болох мах, гурил, шатахуун зэрэг бүтээгдэхүүн дээр төв банк, Засгийн газартай хамтран тусгайлсан хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа учраас нийлүүлэлтийн шалтгаантай холбоотой инфляцийн дарамт буурч үр дүнгээ өгч байгаа юм.

-Ер нь энэ онд төв банкны зүгээс 3 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн тухай яригдаж байна. Гэтэл тэдгээр нь ямар хөтөлбөрүүдэд зарцуулагдчих вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй тэрбум төгрөг, ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гээд тооцохоор цаана үлдэж байгаа нь юунд зарцуулагдчих вэ. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр ирэх онд мөн үргэлжилнэ гэж ойлгосон зөв үү?

-Төв банкны зүгээс 3 их наяд төгрөгийг ямар зорилгоор зах зээлд нийлүүлсэн бэ гэхээр 2012 оны төсгөлд зээлийн тасалдал бий болох, санхүүгийн систем маань хүндэрч мэдэх хямралын шинж тэмдэг илэрсэн учраас түүнээс сэргийлэх зорилгоор 2012 оны арваннэгдүгээр сараас тодорхой зорилтын хүрээнд үе шаттайгаар мөнгөний нийлүүлэлт хийсэн. Тухайлбал, эдийн засагт учирсан хүндрэлийг саармагжуулах, нөгөө талдаа болзошгүй хямралаас сэргийлэхийн тулд банкны систем дээрээ 900 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан. Хоёр дахь мөнгөний нийлүүлэлтийг орон сууцны санхүүжилтийн ипотекийн тогтолцоо бий болгох зорилгоор хийсэн. Энэ зорилгоор нэг их наяд төгрөгийн эх үүсвэрийг банкуудад байршуулсан. Дийлэнх нь өмнө нь олгогдчихсон байсан ипотекийн зээлийн хүүг дахин санхүүжүүлэхэд, мөн зарим хэсгийг шинээр ипотекийн зээл олгоход зарцуулсан. Үлдэж байгаа нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдсан гэж ойлгож болно. Тэгэхээр төв банкны зүгээс энэ онд хийсэн нийт мөнгөний нийлүүлэлтийг гурван зорилгоор ангилж авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор буюу инфляцийг бууруулах зорилтын хүрээнд тодорхой хэмжээний эх үүсвэрийг зарцуулсан. Дараа нь зээлийн тасалдал бий болгохгүйн тулд банкууд дээрээ тодорхой эх үүсвэрийг байршуулсан. Гуравдугаарт, барилгын салбар, орон сууцны ипотекийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор эдийн засгийн бодит сектор луу нийлүүлэгдсэн мөнгөний нийлүүлэлт хийсэн гэж ойлгох хэрэгтэй.

-Ирэх онд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр үргэлжлэх нь гэж ойлгосон. Эл хөтөлбөрийн хүрээнд нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад тэчнээн тэрбум, мах, гурилын үнийг тогтворжуулахад төдий хэмжээний мөнгийг зарцуулна гэсэн тодорхой тоо хэлэх боломж байна уу. Ер нь энэ хөтөлбөрийг төв банк жил бүр Засгийн газартай хамтран хэрэгжүүлсээр л байх юм уу?

-Ирэх онд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжинэ. Гэхдээ хөтөлбөрт зааснаар дунд хугацаанд хувийн хэвшилдээ тулгуурласан зөв тогтолцоог зах зээлд бий болгоод Монголбанк хөтөлбөрөөс гарах заалтыг хөтөлбөртөө тусгачихсан байгаа. Яваандаа хувийн хэвшил нь дээрх схемийг үргэлжлүүлээд явдаг, төрийн оролцоо нь бага систем рүү шилжинэ гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа 2014, 2015, 2016 онуудад энэ хөтөлбөрийн хүрээнд хэчнээн хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийгдэх вэ гэдэг нь тухайн үеийнхээ макро санхүүгийн орчин ямар байна, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ ямар байна, гаднаас орж ирэх валютын урсгал сайжирсан уу, үгүй юу, Монгол Улсын эдийн засаг дахь гадаад цэвэр актив, дотоод цэвэр активын хэмжээ яаж өөрчлөгдөхөөр байна, гол зорилт болсон инфляцийн хэтийн хандлага яах вэ гээд олон зүйлээс хамаарч тодорхойлогдоно.

-Мөнгөний бодлогод ДНБ-ний өсөлтийг 14.4 хувиар тооцсон байсан. Энэхүү өсөлтийг хангахад Оюутолгой төсөл гол үүрэг гүйцэтгэхээр байгаа. Хэр бодитой төсөөлөл вэ?

-Макро эдийн засгийн төсөөллийг хийхдээ төв банк төрийн холбогдох байгууллагуудаас гадна эдийн засагт томоохон голлох үүрэгтэй байгаа хувийн хэвшлийнхнээс мэдээлэл солилцох гэрээ байгуулснаар ирээдүйн үйлдвэрлэлийн экспорт, валютын урсгалынх нь төсөөллийг гаргаж байгаа. Тийм учраас ирэх оны ДНБ-ний өсөлтийг гаргахдаа Оюутолгой компаниас авсан мэдээлэлд үндэслэж гаргасан тооцоо юм. Нөгөө талаас эдийн засгийн идэвхижил улирлын нөлөөллөөс хамаарч өөр, өөр байдаг. Тухайлбал, эдийн засгийн идэвхижил хоёр, гуравдугаар улиралд өндөр гардаг хэрнээ дөрөвдүгээр улиралд аж үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэл багасдаг. Энэ нь улирлын чанартай холбоотой үзэгдэл юм. Дээрх хандлагаар эдийн засгийн төсөөллийг салбар, салбараар ангилж авч үзсэн. 2013 оны төгсгөлд эдийн засгийн бодит өсөлтийн хүлээгдэж байгаа төсөөлөл 14 хувьтай гарах болов уу гэсэн тооцоолол бий. Цаашдаа 2014 онд яах вэ, ямар төвшинд байх вэ, хоёр оронтой тоон дээрээ хадгалагдах уу гэдэг маш чухал. Мэдээж эдийн засгийн өндөр тогтвортой өсөлтийг хадгалах, гэхдээ үнийн тогтвортой байдлыг хангахтай зэрэгцүүлж өсөлтөө хадгалах нь чухал байгаа. 2014 онд бидний хувьд юу чухал байгаа вэ гэхээр макро эдийн засаг талаасаа валютын орох урсгал сэргэж нэмэгдэх ёстой. 2012, 2013 оны туршид гадаад эдийн засгийн сөрөг нөлөө маш хүчтэй орж ирсэн, тэр тохиолдолд 2014 онд экспортоо урамшуулах, нэмэгдүүлэх, мөн хөрөнгө оруулалтаа сайжруулах, орж ирж байгаа валютын урсгалыг нэмэх зайлшгүй суурь нөхцөлөө хангах шаардлагатай болж байгаа. Ийм орчинд мөнгөний болон макро эдийн засгийн бусад бодлогын гол зорилтуудаа хангахын зэрэгцээ хувийн хэвшил рүүгээ, дотоодын үзйлдвэрлэл рүүгээ чиглэсэн, эдийн засгийнхаа дархлааг дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх замаар сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсч байгаа.

-Н.Золжаргал ерөнхийлөгч Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ “Банк санхүүгийн салбар системээрээ сайн байгаа” гэдэг мэдээллийг өглөө. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд сэргэхгүй болбол ажилгүйдэл нэмэгдэж тэр хэрээр иргэд банкнаас авсан зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй болбол яах вэ гэдэг болгоомжлол бий. Ер нь ирэх онд арилжааны банкуудыг эрсдлээс хамгаалах чиглэлээр 2014 оны мөнгөний бодлогод ямар бодлого дэвшүүлсэн бэ?

-Жил болгоны мөнгөний бодлогод хоёр үндсэн бодлогын зорилт дэвшүүлдгийн нэг нь яах аргагүй санхүүгийн салбарын тогтвортой байдал юм. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд мэдээж нийт санхүүгийн салбарын 90-95 хувийг эзэлдэг банкны салбарын тогтвортой байдал чухал. Тийм учраас ирэх онд одоогийн банкуудын төлбөрийн чадварыг хадгалах зорилт, шаардлага тавигдаж байгаа. Энэ зорилтын хүрээнд банкуудад хийгддэг хяналт шалгалтаа илүү сайжруулах, энэ хүрээндээ олон улсын аргачлал, туршлага дотоодын санхүүгийн системийн онцлогтоо тулгуурлаад эрсдлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх зорилт тавьсан. Эрсдлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалт гэдэг бол зөвхөн системийн эрсдлийг үнэлэх төдийгүй банк тус бүрээр тухайн нэг банкинд тохирсон макро зохистой бодлогыг хэрэглэх. Өөрөөр хэлбэл, ирээдүй рүү илүү чиглэсэн, тухайн банкны ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг нь бодитой үнэлсний үндсэн дээр зохих арга хэмжээг урьдчилж авдаг тогтолцоо гэж хэлж болно. Энэ тогтолцоо руу шилжсэнээр илүү банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал хангагдана гэж үзэж байна.

-УИХ-аас Төрөөс иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хуулийг баталж байсан ч хугацаа нь ирэх онд дуусах шиг санагдаж байна. Баталгаа дуусахаар цааш хамгаалагдах схем нь юу билээ?

-Иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламж Хадгаламжийн даатгалын тогтолцоонд бүрэн шилжээд байгаа. Ингэснээр Хадгаламжийн даатгалын корпораци нь байгуулагдсан, үйл ажиллагаа нь аль хэдийнэ эхлээд корпорацийн эхлэлийн санхүүжилт нь бүрдээд явж байна. Цаашдаа иргэдийн мөнгөн хадгаламж даатгалын оновчтой үр ашигтай системээр явах болно. Иргэдийн мөнгөн хадгаламж даатгагдсан байна гэдэг нь нөгөө талдаа банк санхүүгийн систем нь эрүүл илүү тогтвортой байх суурь нөхцөл нь болж өгөх юм.