С.Мөнхсүх: “Хувийн агаарын тээвэрлэгч аюулгүй, тогтвортой, ашигтай ажиллаж болдгийг баталсан

“Изинис эйрвэйз” ХХК-ийн ерөнхий захирал С.Мөнхсүхтэй ярилцлаа.

-Дэлхийн иргэний агаарын тээврийн хөгжлийн ирээдүйн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Өнөөдөр дэлхийн иргэний агаарын тээврийн хөгжил даяаршил, дэлхийн хүн амын өсөлтийг дагаад хурдацтай хөгжиж байна. Мөн иргэний агаарын тээврийн компаниудын хувьд өрсөлдөөн улам эрчимжиж байна. Ширүүн өрсөлдөөний явцад зах зээлээс чадвар муутай компаниуд хасагдаж, иргэний агаарын тээврийн үйлчилгээг өндөр түвшинд явуулж буй компаниуд үлдэх тул энэ нь үйлчлүүлэгчдийн хувьд ашигтай. Мөн онгоцны техник технологи ч илүү сайжирч, үр ашиг бүтээмж нэмэгдсэнээр үнэ өртөг буурах ач холбогдолтой. 20 жилийн өмнө аль ч улсын хувьд хөрөнгө мөнгөтэй хүмүүс нислэгээр үйлчлүүдэг байсан бол өнөөдөр агаарын тээвэр харьцангуй хүртээмжтэй болж, ихэнх улс оронд өдөр тутмын хэрэгцээ болсон байна.

-Тэгвэл Монголын иргэний агаарын тээврийн хөгжлийг дэлхийн хөгжилтэй харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?

-Манай улсын хувьд зах зээл хязгаарлагдмал иргэний агаарын тээврийн салбар боломжийнхоо хэрээр хөгжиж байна. Аливаа улсын нэг хүнд ногдох агаарын тээврийн зорчигчдын тоо гэж байдаг бөгөөд Монгол Улсын хувьд энэ харьцаа 0.1 байна. Дэлхийн хөгжингүй болоод хөгжиж яваа, буурай хөгжилтэй бүх л орнуудын дундаж харьцаа 0.5 буюу хоёр хүний нэг нь агаарын тээврийн хэрэгслээр дотооддоо зорчдог гэсэн статистик бий. Эндээс харахад манай улсын хувьд агаарын тээврээр зорчигчдын тоо тав дахин нэмэгдэж байж дэлхийн дундаж жишигт хүрэхээр байна.

1990 онд манай улсын иргэний агаарын тээврийн салбар ид цэцэглэж байсан үе гэж хэлж болох юм. Тухайн үед орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд 79 онгоц ашиглагдаж, 800 мянга орчим зорчигч тээвэрлэдэг байсан гэсэн тоо баримт бий. Харин 2010 оны байдлаар орон нутгийн нислэгийн үйлчилгээнд долоон онгоц нисэж, 150 мянган зорчигч үйлчлүүлжээ. Эдийн засгийн өсөлт, агаарын тээврийн хөгжил хоёр хоорондоо нягт уялдаа холбоотой. Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өсөхөд агаарын тээврийн урсгал хоёр хувиар өсдөг гэсэн статистик тоо байдаг. Ирэх таван жилийн хугацаанд Монголын ДНБ гурав дахин өсөх төлөвтэй байна. Энэ тоон дээр үндэслэн агаарын тээвэр энэ хугацаанд зургаа дахиннэмэгдэнэ гэж таамаглаж болохоор байна. Иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт өсөх бөгөөд зах зээлийн хуулиар эрэлт нэмэгдэхэд нийлүүлэлт дагаад өснө.

Дэд бүтэц муу хөгжсөн манай орны хувьд агаарын тээвэр хурдацтай хөгжих боломж байгаа. Ялангуяа орон нутгийн агаарын тээвэр эрчимтэй хөгжинө гэдэг нь тодорхой юм. Олон улсын агаарын тээврийн нислэгийн хувьд манай улс өнөөдрийн байдлаар БНСУ, БНХАУ, ХБНГУ, ОХУ, Япон гэсэн хэдхэн гарцтай байгаа. Цаашдаа нислэгийн шинэ гарцыг нэмэгдүүлэх замаар салбарын хөгжил улам хурдацтай явагдана гэдэгт итгэлтэй байна.

-“Изинис” нь иргэний агаарын тээврийн салбарт хувийн хэвшлийг төлөөлж буй компани. Иргэний агаарын тээврийн салбарын хууль эрх зүйн орчин хэр байна вэ?

-Агаарын тээврийн салбар өөрөө маш том онцлогтой. Учир нь маш их хөрөнгө мөнгө шаарддаг учраас сайтар бодож төлөвлөх ёстой. Өнөөдөр энэ салбарын эрх зүйн орчинд засаж сайжруулах зүйл байгаа хэдий ч сүүлийн хэдэн жил нэлээд амжилтад хүрсэн гэж бодож байна.
Манай компанийн хувьд Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагаас дэмжигдэж манай улсын болон дэлхийн олон орны агаарын тээврийн үйл ажиллагаанд хэрэгждэг “шийтгэлгүй мэдээллийн систем”-ийн тогтолцоог мөрдөн ажилладаг. Энэхүү тогтолцоо нь үйл ажиллагаанд байж болох дутагдлыг арилгах, улмаар нислэгийн аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй аргад тооцогддог юм. Учир нь алдаа дутагдал гарсан тохиолдолд ажилтантай хариуцлага тооцож, шийтгэл оногдуулах бус харин үйл ажиллагааны процесс, тогтолцооны хаана нь ямар дутагдал байгааг илрүүлэн, нийт системийн хувьд сайжруулалт хийх зарчмыг баримталдаг. Мэдээж хэрэг үүний хажуугаар нисгэгч, онгоцны үйлчлэгч, инженер техникийн зэрэг нислэгийн удирдлагын ажилчдаа өндөр түвшинд бэлтгэх, мэдлэг боловсрол, ур чадварыг нь дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг.

-Монголын иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөн ямар байна вэ?

-Дотооддоо эрүүл өрсөлдөөн явж байгаа гэж хэлж болно. Харин МИАТ дотоодын зах зээлд зуны ид ачаалалтай үед түр хугацаанд орж ирвэл шударга, тэгш өрсөлдөөний нөхцөл алдагдана. Тухайлбал, 2-3 жилийн өмнө МИАТ орон нутгийн нислэгийн зах зээлд зуны улиралд нислэг үйлдсэн. Дотоодын иргэний агаарын тээврийн салбарт ажиллаж буй хоёр жижиг авиа компани өвөл, зунгүй бүх л ачааллыг нуруу дээрээ үүрч яваа. Бидэнд ашигтай ажиллах зуны цөөхөн хэдэн сар байдаг. Гэтэл энэ үеэр нь МИАТ-ийн том онгоцууд орж ирэх нь эрүүл бус өрсөлдөөн болно шүү дээ. Өвлийн улиралд орон нутгийн бараг бүх чиглэл алдагдалтай бөгөөд бид нислэгийн урсгалаа хэвийн хэмжээнд байлгахын тулд алдагдлаа үүрээд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахыг хичээдэг. МИАТ орон нутгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах тохиолдолд төрөөс бидэнд олон улсын нислэгийн боломж бололцоог нээлттэй болгож өгснөөр өрсөлдөөний тэгш байдлыг хангах нь чухал юм.
Яг үнэндээ хамгийн анхны мөн төрийн компани гэдэг утгаар бүхий л ашигтай саналууд МИАТ-т ирдэг. Харин бусад компанийн хувьд боломж бага байна. Гэхдээ энэ байдал цаашдаа өөрчлөгдөх байх. Манай Зам тээвэр, барилга хот багуулалтын яамнаас агаарын тээврийн зах зээлийг либеральчилж хувийн хэвшлийн тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэлд нислэг үйлдэх томилогоо олгохыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Олон улсын жишгээс харахад улс орнууд эхлээд төрийн компаниа дэмждэг. Альтернатив хандлагын үүднээс төрийн компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хувийн компанийг гаргаж ирэх туршлага байдаг. Ажлаа сайн хийхгүй тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэх хувийн хэвшлийн компани байгаа шүү гэсэн санааг агуулж заавал төрийн болон хувийн хоёр компанийг байгуулдаг аж. Хоёрдугаарт, үндэсний аюулгүй байдлын үүднээс ч төрөөс нь хоёуланг нь зэрэг дэмжиж хүчтэй байлгах зорилготой ажилладаг байна. Солонгосын жишээгээр аваад үзвэл “Кореан Эйр”, “Асиана Эйрлайнс”, Японд ЖАЛ, “Олл” “Ниппон Эйрвэйз” (АНА) байна. Хувийн болон төрийн компаниудыг аль альныг нь төрөөс бодлогоор ижилхэн дэмжих нь зүйтэй. Олон улсын жишгээр тухайн улсын төрийн болон хувийн авиа компаниуд хоорондоо өрсөлдөх бус харилцан хамтарч ажиллаж гадаадын зах зээлд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлдэг юм байна лээ. Монголын нөхцөлд хязгаарлагдмал зах зээлд буюу өргөн уудам нутагт цөөн зорчигчид цөөхөн онгоцоор үйлчлүүлдэг ч үйлчилгээ, стандарт бүх зүйл өндөр түвшинд байх ёстой тул харилцан биенээ дэмжээд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй.

-“Изинис” компани Монголын иргэний агаарын тээврийн салбарт шинэ өнгө аясыг бий болгож, орж ирсэн. Харин одоо ямар зорилго, үүрэгтэйгээр ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаж ажиллаж байгаа талаараа ярина уу?

-Манай компанийг анх үйл ажиллагаагаа эхлэх үед хувийн компанид итгэх итгэл сул байсан. Хувийн компани зөвхөн ашгийн төлөө ажилладаг, тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй гэдэг үзэл бодол тухайн үед нийгэмд байсан. Харин бид хувийн авиа компани ньтогтвортой, ашигтай, аюулгүй ажиллаж чадна гэдгийг баталсан. Энэ бол манай компанийн хамт олны нэг том бахархал.
Бидний баримталдаг зарчим бол нислэгийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад оршино. Манай компани аюулгүй байдлаа хангахын тулд зарим тохиолдолд борлуулах суудлын тоогоо буюу орлогоо хязгаарладаг. Хүмүүс танайх билет дууссан гэсэн мөртлөө онгоцонд сул суудалтай явдаг гэдэг. Үнэндээ бол онгоцны жингээ хязгаарлаад аюулгүй байдлаа хангаж байгаа хэрэг.

Гадаад хамтын ажиллагааны хүрээ ч өргөжин тэлж байгаа.Тухайлбал, Японы ANA болон Германы Люфтханза Техник компанитай удаан хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. ANA компанийн үйлдвэрлэл хариуцсан захирлаар олон жил ажилласан япон “Изинис” компанийн үйлдвэрлэлийг хариуцаад ажиллаж байна. Одоогоор бид боловсон хүчин, техник технологи, нисгэгчдээ бэлтгэж байгаа гэж хэлж болно.

Нислэгийн аюулгүй найдвар­тай байдлыг хангахаас гадна үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг. Нислэгийн үеийн үйлчилгээ болон хоол хүнсэнд багагүй анхаарал тавьж байна. Тийзний үнэ тарифаа үе шатлалтайгаар тогтоосон. Ингэснээрээ хүүхэд, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, урьдчилан захиалагчдад илүү хямд тийз авах боломжийг бий болгодог. Харин нислэгийн өдрийг тулгаж захиалга өгсөн үйлчлүүлэгчдэд бага зэрэг үнэтэй тусна.
Манай компани өнөөдөр орон нутагт хамгийн олон чиглэлд буюу 14 чиглэлд нисэж байна. Эдгээр нислэг зуны улирлаас бусад үед ашиггүй байдаг ч бид нислэгээ тасралтгүй тогтвортой үйлдэж ирлээ. Яагаад алдагдалтай чиглэлүүдэд байнгын нислэг хийгээд байна вэ гэвэл бид ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Алдагдалтай ч нислэгийн чиглэлүүдэд тогтмол нислэг тасралтгүй үйлдсэнээр иргэдэд “Изинис” компани үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг, алга болчихдоггүй гэсэн итгэл бий болно. Ингэснээр зах зээл цаашаа өргөжин тэлж хөгжих болно.

-“Изинис” өнөөдөр олон улсын ямар чиглэлд нисэж байгаа вэ?

-ӨМӨЗО-ны Хайлаар, ОХУ-ын Улаан-Үд рүү нисэж байна. Цаашид Хятад, ОХУ болон Казахстан улсын бусад хотууд руу нислэг нээх боломжийг судалж байна.

-Дотоодод аль чиглэлийн нислэг хамгийн их эрэлттэй байдаг вэ?

-Зуны улиралд Өмнөговь болон Хөвсгөл аймгуудыг чиглэсэн зорчигч урсгал их байдаг. Одоо манай компани Даланзадгад, Мөрөн рүү өдөрт тус бүр 2-3 удаа нислэг үйлдэж байна.

-Иргэний агаарын тээврийн салбар дахь боловсон хүчний мэдлэг чадвар хэр байна вэ?

-Ерөнхийдөө сайжирч байгаа. Гэхдээ улам сайжруулах ихээхэн хэрэгцээ шаардлага болон өргөн боломж байна. 1990-ээд оныг хүртэл төрийн бодлогоор энэ салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг байсан. Харин 90-ээд оноос одоог хүртэл нарийн мэргэжлийн инженер, нисгэгчдийг бодлогоор дэмжиж шинэ чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх ажил хангалтгүй байсан гэж хэлж болох талтай. Харин сүүлийн жилүүдэд анхаарч эхлээд байгаа.

Манай компанийн хувьд ч энэ талд боловсон хүчнээ сургах дадлагажуулахад ихээхэн анхаарч ажилладаг. Гадаадын олон байгууллагатай харилцаж, тэднээс туршлага судалж байна. Жишээ нь, Японы АНА компаниас “Изинис” ажилтан авч ажиллуулах, мөн монгол ажилтнуудаа АНА-гийн үндсэн ажилтнаар 1-2 жил ажиллуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн Германы Люфтханза Техник компанийн инженер манай дээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд монгол инженерүүдийг сургаж дадлагажуулахад ихээхэн анхаарч байна. Энэ нь хүний нөөцийн капитал бий болгож байгаа нэг хэлбэр юм. Хуучнаараа бус дэлхийн стандартаар сэтгэе гэсэн уриаг бид баримталдаг.

-“Изинис” компани нислэгийн үнэ тарифаа хэр бодит түвшинд тогтоосон гэж үздэг бол?

-Иргэний агаарын тээврийн салбар өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад манай нислэгийн тариф өндөр. Хүн ам олон орнуудын хувьд агаарын тээврийн зорчигч урсгал их тул том онгоцоор нислэг үйлдсэнээр нэг суудалд оногдох зардал доогуур байдаг бөгөөд энэ нь хямд зардлаар үйлчлэх боломжийг олгодог. Харин манайд эсрэгээрээ. Зорчигч цөөхөн, жижиг онгоцоор хол зайд нисдэг, техник технологийн ихэнхийг гаднаас оруулж ирдэг. Үүний зэрэгцээ, Монголд онгоцны түлшнийүнэ өндөр бөгөөд дэлхийд хамгийн өндөр үнэтэй түлш хэрэглэдэг гэж тооцогддог. Энэ бүх шалтгаан нислэгийн тийзний үнэд нөлөөлдөг. Гэвч бусад орны жижиг онгоцтой авиакомпаниудтай харьцуулбал үнэ тариф ойролцоо түвшинд байгаа.

-Парк шинэчлэлийн хувьд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Одоогийн байдлаар манай компани таван онгоцтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Зургаа дахь онгоцоо худалдан авах гэрээгээ хийчихсэн байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард Монголд ирнэ. Зургаан онгоцны хоёр нь 93 хүний суудалтай, тийрэлтэт хөдөлгүүртэй, 4000 км-ийн зайд буулт хийлгүйгээр алс нисэх боломжтой Авро Ар-Жэй 85 маягийн агаарын хөлгүүд юм. Бусад дөрөв нь 34 хүний суудалтай сэнст тийрэлтэт хөдөлгүүртэй Сааб 340Б онгоцууд. Ирэх жил тав дахь Сааб хөлгөө оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Манай компанийн бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа тэлэх ажлын төлөвлөгөөнд олон улсын томилгоо маш чухал үүрэгтэй. Тиймээс төрөөс бодлогоор дэмжих тохиолдолд том онгоц оруулж ирэн хамтарч ажиллахад бэлэн байна.

-Танай компани 93 хүний суудалтай шинэ онгоцоо хүлээж аваад удаагүй байгаа. Шинэхэн онгоц аль чиглэлд нисэж байгаа вэ?

-Ховд, Улаангом хотууд болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд нисэж байна. Үйлчлүүлэгчдийн хувьд сэтгэл хангалуун байгаа нь гурван зүйлээр харагдаж байна. Нэгдүгээрт, тийрэлтэт хөдөлгүүртэй өндөр хурдтай нисэх боломжтой онгоц тул цаг хэмнэнэ. Жижиг онгоцоор дээрх чиглэлд гурван цаг гаруй нисдэг бол том онгоцоор нэг цаг зарцуулж байна. Хоёрдугаарт, онгоцны бүхээгийн багтаамж сайтай тул тав тухтай аялах нөхцлийг бүрдүүлж байна. Гуравдугаарт, хоолны чанар болон нислэгийн үйлчилгээний хувьд таалагдаж байна гэсэн дүгнэлт хийгээд байна.

-“Изинис” компанийн ойрын болон ирээдүйн зорилгыг сонирхъё?

-Ойрын ирээдүйд техник технологи, хүний нөөц, материаллаг баазаа сайтар хангах бэлтгэл ажлыг маш эрчимтэй хийж байна. Техник үйлчилгээний төв барьж байна. Багаа бүрэлдүүлж байна. Инженер техникийн мэргэжилтэй таван залуусыг Германы Люфтханза техникийн инженерийн сургуульд явуулахаар ажиллаж байна. Ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.

Салбарын хувьд ирээдүйд орон нутаг болон олон улсын нислэгийн чиглэл болон нислэгийн тоо давтамж улам нэмэгдэж Монголдоо төдийгүй гадаадын улс орнууд руу зорчиход агаарын тээврийн үйлчилгээ улам хялбар, хүртээмжтэй төдийгүй өргөн сонголттой болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үед Ховд аймгийн Булган суманд амьдардаг иргэн тухайн газраасаа Франц руу нисэх тасалбарыг захиалан авч, зорьсон газартаа олон нислэг дамжилгүй түргэн шуурхай, ая тухтай зорчин хүрэх боломж бүрдэх болно. Мөн үйлчлүүлэгч дэлхийн аль ч өнцгөөс Монгол Улсын хүссэн газартаа онгоцоор хүрэх боломжийг бий болгох юмсан гэсэн мөрөөдөл байдаг.

Ирээдүйд бид дэлхийн хэмжээнд өөрийн гэсэн нэр хүндтэй болж, нислэгийн ажиллагааны олон улсын стандартыг хангасан тээвэрлэгч болох зорилгыг өмнөө тавин ажиллаж байна. Мөн тийзний үнийг илүү хүртээмжтэй болгох нь бидний нэн тэргүүний зорилт юм. Өртгийг хямдруулахын тулд системийн бүтэц, нисэж байгаа хүний нийт тоо их чухал. Дээрээс нь төр дэмжээд хөрөнгө оруулах хэрэгтэй. Иргэний агаарын тээвэрт оруулсан нэг долларын хөрөнгө оруулалт эдийн засагт буцаад найман доллар болдог гэсэн олон улсын статистик тоо байдаг. Мөн иргэний агаарын тээврийн салбарт бий болгосон нэг ажлын байр шинээр зургаан ажлын байр бий болгодог. Эндээс харахад иргэний агаарын тээврийн салбар эдийн засагт маш чухал ач холбогдолтой гэдэг нь тодорхой харагдаж байна.

-“Изинис” компанийг удирдаж яваа залуугийн талаар манай уншигчид сонирхох нь мэдээж. Та өөрийгөө танилцуулна уу?

-Миний бие 12 жил АНУ-д сурч, ажиллаж амьдарч байгаад 2009 онд гэр бүлийнхээ хамт эх орондоо ирсэн.Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжилтэй. “Изинис” компанийн гүйцэтгэх захирлын ажлыг аваад нэг жил болж байна. Надад итгэл үзүүлж, ийм өндөр хариуцлагатай албанд томилсонд талархаж явдаг. Мөн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг өндөр мэдлэг боловсрол, чадавхитай хамт олноороо бахархаж байна.