С.Цэрэндэмбэрэл: Хилийн чанадад буй иргэд рүүгээ хандсан төрийн бодлого хэрэгтэй байна

Mongolian Economy
2026-05-11 13:27:40
Ангилал: Ярилцлага

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ийн Тэргүүн С.Цэрэндэмбэрэлтэй ярилцлаа. Тус байгууллага Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг өнгөрсөн зун Бельги улсад, Хилийн чанадад сурч буй оюутан, залуучуудын чуулга уулзалтыг БНТУ-ын Истанбул хотноо 2025 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан билээ. 

Дэлхийн улс орнуудад сурч буй монгол залуусын цар тахлаас хойших хамгийн том цугларалт Турк улсын Истанбул хотод болсон. Уг уулзалтын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

Хилийн чанадад 300 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдардаг. Үүний 70-80 мянга нь оюутнууд гэж бид тооцоолж байгаа. Ер нь хилийн чанадад буй монгол иргэдийн талаас илүү нь 45-аас доош насныхан буюу залуучууд. Иймээс “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” (ХЧМЗ) НҮТББ-ын анхаарлын төвд оюутан залуучууд байдаг. Манай зөвлөлийн үйл ажиллагааны бүтцэд дөрвөн хороо байдгийн нэг нь Оюутан залуучуудын хороо юм. Хорооны гол зорилго нь хилийн чанадад сурч буй оюутан, залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, холбоо харилцаа бий болгох, танилцуулах, урам өгөх, туршлага мэдээлэл солилцох, үйл ажиллагааг төрийн бодлоготой уялдуулахад чиглэдэг. 

Үүний нэг хэсэг нь Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын чуулга уулзалт юм. Анхны чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо Төрийн ордонд 550 гаруй оюутан залуусын оролцоотой зохион байгуулсан бол түүнээс хойш ОХУ, Япон, Хятад, Өмнөд Солонгос, хамгийн сүүлд 2019 онд Унгарт зохион байгуулсан. Зургаадугаар чуулга уулзалтыг БНТУ-д хийхээр төлөвлөсөн ч Ковид цар тахал гарснаар хойшлогдоод зургаан жилийн дараа Туркийн Истанбул хотноо боллоо. Энэхүү уулзалтад 24 улсаас 250 гаруй монгол оюутан, залуус ирж оролцсон.

Энэ удаад зөвхөн оюутнууд төдийгүй хилийн чанадад ажиллаж амьдарч буй залуусыг оролцуулснаараа онцлог боллоо. Оюутнууд маань өргөнөөр оролцох боломжтой гэж үзсэн учраас Турк улсыг сонгосон юм. Визийн хязгаарлалтгүйгээс гадна газарзүйн байршил, тээвэр, логистикийн хувьд Европ, Азийг холбосон улс. Түүнчлэн ХЧМЗ-ийн томоохон баг энд ажилладаг тул Истанбулыг сонгосон гэж болно. 

Тус чуулга уулзалтад ирсэн оюутнуудын 70 гаруй хувь нь техник технологи, инженер зэрэг нарийн мэргэжлээр сурч буй оюутнууд байсан нь бас нэгэн онцлог байлаа. Бидний гол зорилго бол оюутан залуусаа уулзаж танилцуулах, холбоо харилцаа бий болгох, мэдлэг туршлага хуваалцах, урам өгөх, тэднийг оролцоог нийгмийн хөгжилд татан оролцуулах юм. Тэрхүү зорилгоо энэ удаад бүрэн биелүүлсэн гэж бид үзэж байгаа.

Чуулга уулзалтын үндсэн илтгэлүүдийн агуулга дээр сайн ажиллажээ. Монголын ирээдүй болсон залууст эдгээр илтгэлээр дамжуулан юу өгөх вэ гэдэгт анхаарч сэдэв, илтгэгчдээ сонгосон байна. Илтгэлүүдээс эх орон, үнэт зүйлс, ирээдүйн хөгжил, залуусын хүч гэсэн агуулгууд үнэртэж байлаа.

Чуулганы үндсэн сэдэв нь “Дэлхийд хүрэх монгол оюун”. Гадаадад сурч буй оюутан залуусыг 3-4 бүлэгт хувааж болно. Нэгд, Монголд төгсөөд гадаадад суралцаж буй том бүлэг орно. Хоёрт, хувиараа, эсвэл төрийн сан, тухайлбал, Ерөнхийлөгчийн илгээлтээр сурч буй бүлэг. Гуравдугаарт, аав ээж нь 20,30 жилийн өмнө тухайн улс оронд очиж ажиллаж амьдарсан бүлэг байна. Дөрөвдүгээрт, эх орондоо сургуулиа төгсөөд гаднын улс оронд бакалавр, магистраа хамгаалан тухайн улсад мэргэжлээрээ ажиллаж буй хэсэг байна. Энэ бүлэг залуусын оролцоог уг чуулга уулзалтаар хангаж өгснөөрөө Истанбулын арга хэмжээ их ач холбогдолтой.

Дэлхийн олон оронд сурч, ажиллаж буй монголчууд хамгийн түрүүнд ази царай зүсээрээ ялгарна. Дараа нь үндэсний хэл соёл, өв уламжлалаар ялгарч ондоошно. Энэ утгаар залууст монгол хүн байхын утга учир, монгол хүн болж төрсний онцлог давуу тал, Монгол Улсынхаа түүх соёл, уламжлал, үндэсний онцлогийн талаар ойлголт мэдээлэл өгөхийг хүссэн. Тухайлбал, судлаач, доктор Ё.Отгонбаяр гуай “Монгол хүн байхын утга учир” илтгэл тавилаа. “Монгол адууны диваажин” хөтөлбөрийг санаачлагч, монгол адууны чиглэлээр томоохон ажлууд хийж байгаа Б.Наранбадрах монгол адуу, монгол соёл өв соёл болон “Хүний энэрэнгүй сэтгэл” сэдвийн хүрээнд ярилаа. 

Нийт зургаан илтгэгч бид урьсан. Эхний илтгэлүүдээр монгол хүн байхын утга учир, өв соёл, ондоошлын талаар судалгаа баримттай ярьж залуусын урам зоригийг сэргээсэн.

Хоёр дахь хэсэг нь Их Британийн Лондон Саут Банк их сургуулийн бизнесийн сургуулийн ахлах багш, MBA хөтөлбөрийн захирал Х.Саранзаяа доктор “Өөрсдийн үнэт зүйлс, онцлогт тулгуурлан дэлхийн иргэд болох нь” илтгэлээ уншлаа. “Даяаршсан нүүдэлчин” шинэ үеийн монгол залуус дэлхийд ямар үнэт зүйл, хувь нэмэр авчрах болон монгол онцлогтой маркетингаар дэлхийн зах зээлд гарах боломжийн тухай илтгэл байв.

Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч, гавьяат багш Х.Хатанбаатарын шинэ орчинд амжилттай суралцах, өөрийн чадавхыг хөгжүүлэх, суралцах ур чадварын цогц ойлголт бүхий “Хурдтай суралцах чадвар” илтгэл оюутан залуучуудын сонирхлыг ихэд татлаа. “Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий Эрхлэгч Д.Бэхбаяр “Монгол залуусын ирээдүйн боломж ба сорилт” илтгэлээрээ Монгол Улсын ойрын болон ирээдүйн хөгжлийн үзэл баримтлал, бодлогын талаар товч танилцуулж, түүнд залуусын боломж, оролцоо хэр байх, шинэ үеийн залуусыг хөгжлийн ямар бодлоготой улс орон хүлээж байгаа талаар мэдээлэл өглөө.

ХЧМЗ-ийн дэд тэргүүн асан, SKS LLC-Deed motors, Japanshop.mn үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Долгион “Гэртээ харих зам-Гэрэл ба давс болохын үнэ цэн” илтгэлээр дамжуулан гадаадад сурч байх хугацаандаа бусдын төлөө сайн дурын ажил хийхийн үнэ цэн, гэртээ харих замаа тодорхойлон эх орондоо буцаж ирэх шийдвэрийн хүч, Монголдоо хэрхэн очих, эргэж очоод ажиллаж амьдрахад тулгардаг асуудлууд, гарц шийдлийн талаар өөрийн жишээнд тулгуурлан ярьсан нь залуусын урам зоригийг сэргээж өглөө.Мөн чуулга уулзалтын нэг гол зорилго оюутан залуусын улс орныхоо хөгжилд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс NextGen төслийн уралдааныг зохион байгуулсан. Залууст урам өгөх, тэдний санал санаачилгыг бодитой болгох, Монгол орны хөгжилд залуусын хувь нэмрийг татан оруулах үүднээс NextGen төслийн уралдааныг зарласан юм. Эхний шатанд 19 төсөл ирснээс есөн төслийг шалгаруулсан. Энэхүү есөн төслийн оролцогч оюутнуудад чуулга уулзалтын үеэр төслөө биечлэн танилцуулах боломж олгосноор эхний гурван байрын төслийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнасан. 

Оюутнууд маань улс оронд тулгамдаж буй асуудлуудыг сурч буй мэргэжил чиглэлээрээ хэрхэн шийдэж болох талаар төслийн санаагаа бичсэн юм. Тухайлбал, нийслэлийн утааны асуудлыг шийдэх, боловсролын сургалт хөгжлийн арга барилыг технологийн аргаар шийдэх, хөдөөний малчдад үйлчилгээ үзүүлэх дроны төсөл, ногоон байгальд ээлтэй технологийн төслүүд байлаа. Шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд ХЧМЗ, Оюутан залуусын хороо дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Бид Оюутан залуусын чуулганыг зохион байгуулахаас гадна дадлагажигч оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай. Гадаадад сурч буй оюутнуудыг төр болон төрийн бус, бизнесийн байгууллагуудад дадлага хийх боломжоор хангадаг энэхүү хөтөлбөрийг эргэн сэргээхээр бид ярилцаж байна. Зуны амралтаараа дадлага хийсний дараа оюутнуудын 20-30 хувь нь тухайн байгууллагадаа ажилд орсон гэсэн үзүүлэлт бий. Мөн бид ажиллах боловсон хүчнийг холбох зорилготой Хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ ажлыг үргэлжлүүлэхээр судалж байна.

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн 2025 онд хийсэн нэг том ажил бол Дэлхийн монголчуудын наадмыг зохион байгуулсан явдал гэж дүгнэж болох уу?

Дэлхийн монголчуудын наадам зохион байгуулахаар 2021 оноос ярьж хэлэлцээд 2025 оны зун хийлээ. Хилийн чанад дахь монголчууд маань дэлхийн 30 гаруй  улсын 50 гаруй газарт Үндэсний баяр наадмаа тэмдэглэдэг. Харин эдгээр наадмыг нэгтгэж, Монгол бахархлыг сэргээх, монгол хүүхдүүдийн хэл, соёл уламжлалыг нэгтгэх зорилго бодлоготой арга хэмжээг хийхээр 2021 оноос төлөвлөсөн. Энэ санал санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч дэмжлэг үзүүлсэн боловч цар тахал таарснаас болж хойшилсон. Ингээд 2025 оны зургаадугаар сард Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг Бельги улсын нийслэл Брюссель хотод хийсэн. Уг наадмыг Монгол Улсын төр засгийн бодлого болох “Үндэсний  наадам” брэндингтэй уялдуулж монгол уламжлалт өв соёлоо дэлхий дахинаа сурталчлах хүрээнд хийлээ.

Брюссель хот нь Европын холбооны нийслэл гэгддэг, Монгол Улсын гадаад бодлогын хувьд чухал ач холбогдолтой гэдэг утгаар, мөн монголчуудынхаа ирж очих боломж, төвлөрлийг харж сонгосон. Европт нийтдээ 100 мянга орчим монголчууд байдаг гэж үзвэл таван хувь буюу 5000 орчим монгол биечлэн ирж наадамдаа оролцлоо. Монголчууд Брюсселийн  хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдрийн турш баярлаж наадсан. Яг л эх орондоо наадамлаж буй мэт сэтгэгдэл төрсөн. Зүлэг ногоон дэвжээнээ 128 бөх барилдаж, 50 гаруй харваач нум сумаа харваж, 400 орчим шагайн  харваач оролцсон. Бид хоолны 20, бүтээгдэхүүн үйлчилгээний 20 гаруй асар барьсан. Түүнчлэн консулын үйлчилгээ, сайн дурын нийгмийн үйлчилгээг үзүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон тул төрийн зүгээс өндөр ач холбогдол өгч дэмжсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ, Засгийн газар, Гадаад хэргийн яам, Монголын үндэсний спортын хорооны удирдлагуудад энэ ташрамд баярлаж талархсанаа илэрхийлье.

Монголчуудаар зогсохгүй тухайн улсын иргэдийн сонирхлыг ч татсан сайхан наадам болсон байх. МҮОНТВ-ээр үзээд тийм сэтгэгдэл төрж байлаа.

Тийм ээ. МҮОНТВ-ээр  дамжуулсан. Гадаадын 15 мянга орчим иргэн манай наадмыг үзэж сонирхсон. Үйл ажиллагааны зохион байгуулалтыг ХЧМЗ, төрийн байгууллагуудаас гадна Европт буй дипломат төлөөлөгчийн бүх газрууд, тухайн улсад буй ТББ-ууд, урлаг, спортынхон дэмжиж, бид олон сарын турш хамтран ажилласны үр дүнд наадам маань маш сайхан болсон. 

Хилийн чанад, Европын улс орнуудад буй монгол иргэд тэр бүр эх орондоо очиж наадаж чаддаггүй. Тэгвэл яг л эх орондоо очсон мэт сайхан наадам боллоо гэцгээж байв. Дэлхийн монголчуудын наадам дараа жил өөр тивд болно. Одоохондоо байршлаа сонгоогүй байна. Бэлтгэл ажилдаа бид хэдийнээ орсон.

Нийгмийн даатгалын асуудал гадаад дахь монголчуудын хувьд бэрхшээл байсаар ирсэн. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

ХЧМЗ 2014 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үеийн Гадаад харилцааны сайд Л.Болдын дэмжлэгтэйгээр хилийн чанадад буй төрийн бус байгууллагууд уулзаж, нэг тогтолцоогоор ажиллах нэгдсэн байгууллагатай болох хэрэгтэй гэж үзсэнээр ХЧМЗ байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа л иргэдийн эрх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг анхаарлын төвдөө байнга байлгаж ирлээ. Тухайлбал, гадаадад буй ээжүүд Алдарт эхийн одонгоо авч чаддаггүй байсныг 2017 онд шийдүүлсэн.

Гадаад дахь монголчууд тухайн орондоо нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд тэтгэврийн насанд ирж, эх орондоо очихоор тухайн улсад төлсөн шимтгэлээ авч чаддаггүй асуудалтай нүүр тулдаг. 

Нийгмийн хамгааллын асуудлууд нь тухайн улс орны хуулийн зохицуулалтаас хамаардаг. Тухайлбал, Герман тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгийг нь өгдөг бол Польш өгдөггүй. Гэхдээ гарц гаргалгаа бий. Нийгмийн хамгааллын талаарх олон улсын гэрээ хэлэлцээр гэсэн үндсэн баримт бичигт жишээлбэл, иргэний тухайн улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг хүлээн зөвшөөрөөд эх орондоо очиход нь хоёр улсын нийгмийн даатгалын салбарууд нь мэдээллээ харилцан солилцсоноор тэтгэвэр авах боломж үүсдэг тухай заасан. Олон улсын энэхүү эрх зүйн актаар хэлцэл хийдэг юм байна. Монгол Улс БНСУ, БНТУ, Унгар, Чех, Казахстан, Польш зэрэг орнуудтай ийм хэлцэл хийсэн. Дараагийн ээлжинд Австрали, Швед, Австри, АНУ яригдаж байна. Мэдээж Засгийн газрын түвшинд гэрээ, хэлэлцээр байгуулагдсаны дараа тухайн улсын парламентаар соёрхон баталснаар гэрээ  хүчин төгөлдөр болдог. 2025 оны УИХ-ын хаврын чуулганаар Казахстан улстай хийсэн гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцээд дэмжлэг аваагүй. Засгийн газар, салбарын яам энэ асуудлыг УИХ-д дахин оруулах байх гэж найдаж байна. Энэ бол эхний боломжит хувилбар юм. 

Хоёр дахь хувилбар бол нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлөх. Энэ нь гадаадад буй иргэдэд маш чухал асуудал. Зөвхөн тэтгэврийн насныхан бус насанд хүрсэн хүн бүрд хамаатай. Сурах, ажиллах хугацаандаа сайн дурын даатгалд хамрагдаад явбал Монголдоо очиход маш хэрэгтэй. Эмнэлгийн үйлчилгээ авах, тэтгэвэр авах нөхцөл нь үүснэ. Сайн дурын даатгалд хамрагдсанаар гадаадад байхдаа хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд нөхөн олговор авах боломж ч нээгдсэн. БНСУ-д буй монгол иргэд төрийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу сайн дурын даатгал төлдөг учраас жилдээ дунджаар дөрвөн тэрбум төгрөгийн шимтгэл бүрдүүлдэг гэсэн мэдээлэл бий.

Тэгэхээр бусад оронд буй монгол иргэд ч шимтгэлээ төлөөд явбал энэхүү мөнгөний хэмжээ нэмэгдэх болно шүү дээ. Энэ мэт асуудлаар бид иргэдээ дэмжиж, ойлголт мэдээлэл өгөхийн төлөө ажиллаж байна. НДЕГ, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ажил хэрэг болгосон санаачилгууд ч бий. 

ХЧМЗ нийгмийн хамгааллын чиглэлээр өөр ямар ажлууд хийж байна вэ. Гаднын улс орнуудад буй манай консулын үйлчилгээ хэр хүртээмжтэй байдаг вэ?

Нийгмийн хамгааллын талаар бид багагүй ажил хийж ирсэн. ГХЯ-нд Хилийн чанад дахь иргэдэд туслах сан гэж байдаг. Энэхүү сан гадаадад буй иргэдэд нэн шаардлагатай өвчин эндэгдэл, эсвэл эх орон руугаа буцахад зардал мөнгө нь хүрэхгүй байгаа иргэдэд тусламж үзүүлэх зорилготой. Сангийн мөнгөн хөрөнгийн хэмжээ бага. Гэхдээ 2026 оны төсөвт сууснаар бол сангийн хөрөнгийн хэмжээ 2-3 дахин нэмэгдсэн. Энэ сан манай зөвлөлтэй ямар нэг байдлаар хамааралгүй. Харин сангийн хөрөнгийг зөв зүйтэй зарцуулахад бид санаа оноогоо өгөөд явдаг. Бид хилийн чанадад буй хэд хэдэн монгол иргэнд энэ сангаас тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлсэн. Энэ бүхэн ХЧМЗ-ийн дэргэдэх Нийгмийн бодлогын хорооны ажлууд л даа. Тухайлбал, Ковидын үеэр гадаадад гацсан 600 гаруй монгол иргэнээ дэмжиж, НҮБ-ын шилжилт хөдөлгөөний олон улсын аянуудтай хамтарч эх оронд нь буцаах ажлыг амжилттай зохион байгуулсан. ХЧМЗ нь төрийн бус байгууллага учир эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хувьд хомс. Тиймээс бүх зүйлд дэмжиж туслах боломжгүй ч зохион байгуулалтын талд боломжоороо ажиллахыг хүсдэг.

Хилийн чанадад буй монгол иргэдийн хувьд консулын үйлчилгээний хүртээмж асуудал болдог. Бид энэ талаар иргэдээсээ санал асуулга, судалгааг явуулдаг бөгөөд энэ жил дөрөв дэхээ явууллаа. Эндээс харахад, консулын үйлчилгээний соёл, хүртээмж харьцангуй нэмэгдсэн гэсэн дүн гарсан. ХЧМЗ-өөс багагүй хүчин чармайлт тавьсны дүнд консулын үйлчилгээ хүрч чаддаггүй, эсвэл огт байдаггүй газруудад ДТГ-ыг нээх, ажилтнуудын тоог нэмэх зэрэг санал тавьснаар бодит үр дүнд хүрсэн. Энэ бол төр, иргэн, ТББ-ын хамтын зүтгэл юм. Тухайлбал, АНУ-ын Чикаго хотод ДТГ нээсэн бол Ирланд улсын Дублин хотод ДТГ нээх асуудлыг ярьж байна.

Хилийн чанадад буй монголчууд маань гал түймэр, зуд турхан болоход хандив мөнгө өгдөг. Мөн эх орон руугаа шилжүүлж буй мөнгө дүн нь их өндөр тоо сонсогддог.

Манай зөвлөл сайн дурын олон ажлууд хийдэг. 2017 онд Монголд түймэр гарахад 72 сая төгрөгийн сайн дурын хандивыг ОБЕГ-т өгсөн. Ковидын үеэр “Эх орондоо маск хандивлая” аяныг өрнүүлснээр нэг сая гаруй маск, хамгаалалтын хувцсыг эрүүл мэндийн салбарт бэлэглэсэн. Гадаадад буй иргэдийн шилжүүлдэг мөнгөн дүнг Монголбанк гаргадаг. Жилдээ 380-500 орчим сая ам.доллар орж ирдэг гэсэн тооцоо бий.

ХЧМЗ-ийн Удирдах зөвлөлд байдаг эдийн засагч эрдэмтний тооцоогоор бэлэн мөнгөнөөс гадна бараа бүтээгдэхүүний хэлбэрээр, хилээр бэлэн авч ордог мөнгөн дүнг тооцвол хоёр тэрбум ам.доллар Монголын эдийн засагт ордог гэсэн барагцаа тоо гарсан.

2023 онд Үндэсний статистикийн хорооноос хилийн чанад дахь иргэдийн дунд албан ёсны судалгаа явуулсан юм. Дээрх судалгааг НҮБ-ын дэргэдэх шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран ХЧМЗ-ийн дэмжлэгтэй хийж, 5000 орчим иргэн хамрагдсан. Судалгааны зарим хариултыг та бүхэнд сонирхуулъя. “Та эх орондоо буцаж очих уу” гэсэн асуултад 20 хувь нь “Очих бодолгүй байна” гэж хариулсан бол “Ойрын таван жилд эх орондоо очих бодол байна уу” гэхэд 40 хувь нь “үгүй” гэсэн байгаа юм. Энэ нь хилийн чанад дахь иргэддээ хандсан бодит бодлого бий болгох шаардлагатайг харуулж байгаа юм. Улсын баялаг нь хүн шүү дээ.

Гадаадад буй нэг иргэн 2023 оны статистик мэдээллээр жилд Монгол Улсын эдийн засагт 19 сая төгрөг оруулж байгаа юм. Үүнийг 12 сард хуваавал 1.5 сая орчим төгрөгийг нэг иргэн сар бүр оруулж байна гэж бодвол Монгол Улсын нэг иргэний дундаж цалин, эсвэл хөдөлмөрийн хөлсний дундаж дүнг эх орондоо оруулаад байна. Тиймээс бид гадаадад буй нийт иргэн ийм хэмжээний мөнгийг Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа учраас  эргээд хилийн чанадад буй иргэд рүүгээ хандсан төрийн бодлого хэрэгтэй байна гэж үзэж   байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай зөвлөлийн санаачилгаар УИХ-д Хилийн чанад дахь монголчуудыг дэмжих бүлэг байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Дэмжих бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Бум-Очир ажиллаж байна. Дэмжих бүлгийн хувьд хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж буй. Үүнд, хилийн чанад дахь иргэдийн сонгуульд цахимаар саналаа өгөх боломжийг судлах ажлын хэсэг байгуулах, хилийн чанад дахь иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгох бодлогын бичиг баримт боловсруулах зэрэг багтаж байна.

Mongolian Economy