Тавантолгойг ойлгоход толгой хүрэхгүй нь ээ

Засгийн газар наадмын өмнөхөн ээлжит бус хуралдаан хийж, Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг “бий болголоо”. Ийн онцолсны учир олон улсын сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тунаж үлдсэн зургаан компани, консорциумын нэг нь ч ялсангүй. Харин Хятадын “Shenhua Energy”, Америкийн “Peabody Energy”, Орос-Монголын хамтарсан консорциумын хуваан эзэмших нэгэн компани гараанаас гараагүй ч барианд ороод ирлээ. Энэхүү гэнэтийн шийдвэр Япон, БНСУ-ын Засгийн газрыг гайхшралд оруулаад зогсохгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчдийг хям­рааж, хэл ам дагуулав. Ерөнхийлөгчийн Эрдэс баялгийн бодлогын зөвлөх П.Цагаан “Зөөлхөн хэлбэл бүрдэл дутуу, хатуухан хэлбэл хариуцлагагүй материал ирүүлсэн учраас нэмж мэдээлэл шаардаж авч, судалж үзсэний дараа байр сууриа илэрхийлэх боломжтой” гэж тайлбарласан бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч Б.Алтан-Очир “Энэ гэрээгээр явбал бид баруун Цанхиа алдана” хэмээн шуудхан хэлжээ.

Ийнхүү баруун Цанхийг тойрсон дуулиан намжиж амжаагүй байтал “Эрдэнэс Тавантолгой” Хятадын “Chalco”-той 250 сая ам.долларын гэрээ хийж, зүүн Цанхийн нүүрсийг урагш зөөж эхлэв. Коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт эрбэмбэлэгдэх энэхүү орд газартай холбоотой шинэ мэдээлэл, шийдвэр болгон монголчуудын төдийгүй гаднынхны толгойг улам л ихээр гашилгах боллоо.

Баруун Цанхи

Монгол Улсын төр, засгийн тэргүүн ОХУ, БНХАУ, АНУ руу ээлж дараалан хүлгийн жолоо залж ирсний дараахан дээрх гурван их гүрний ашиг сонирхлыг Тавантолгойд багтаасан шийдвэр гарч ирэв. Тодруулбал, Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагч компанийн 40 хувийг БНХАУ-ын “Shenhua Energy”, 24 хувийг АНУ-ын “Peabody Energy”, үлдсэн 36 хувийг Орос-Монголын хамтарсан консорциум тус бүр 18 хувиар хамтран эзэмшихээр болжээ. Тэгээд тэднээс монголчууд нэг тэрбум ам.доллар авах юм байх.

Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд “дэр нэгтгэн” орсон “Peabody Energy”, “Shenhua Energy” яагаад хоёр тийш салсан, мөн тэдэнтэй хамтарч байсан Японы “Mitsui” хаашаа алга болсон нь сонирхол татна. Түүнчлэн “Оросын төмөр зам”-тай гар барилцан гараанаас гарсан Япон, БНСУ-ын компаниудын нэгдэл яагаад “жийгдчихсэн” юм бол? Энэ талаар зөвхөн монголчууд мэдэхгүй ангайж суусан юм биш ажээ. Япон, Солонгосын төр засгийн зүгээс Монгол Улсыг тендерээ ойлгомжгүй, шударга бус явуулж байгаад гомдоллож, холбогдох яам, тамгын газрууд руу тайлбар шаардсан албан бичгийг удаа дараа явуулсан тухай AFP, “Reuters” зэрэг олон улсын хэвлэл, мэдээллийн агентлаг ам уралдан бичицгээв. Хамгийн инээдтэй нь Монголын удирдагчид тодорхой тайлбар шуудхан өгчихөж чадахгүй дэлхийн өмнө онигоогоо дэлгэлээ.

Гэтэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын ярьж буйгаар Япон, Солонгосын компаниудыг “жийсэн” юм байхгүй, ажил зохион байгуулж байсан хүмүүс холбогдох консорциумд урилга өгөхдөө зөвхөн гол үүрэгтэй газрууд руу нь явуулчихснаас үл ойлголцол үүссэн аж. “Солонгос, Японы хөрөнгө оруулагчдыг бүр хассан гэх ойлголтыг засах нь улс төр, эдийн засгийн харилцаа талаасаа чухал” хэмээн тэрбээр тайлбарлаад, “Монгол-Оросын консорциумд Монголын талаас хэн ч оролцож болно. Монгол компанийн хувьд бие даагаад дөрөв дэх консорциум болж орох, эсвэл бусадтай хамтрах эрх нь ч нээлттэй” гээд бүр ч толгой эргүүлээд явчихлаа.

Ийм учир нь ойлгогдохгүй шийдвэр гаргах байсан бол яах гэж анхнаасаа 15 компани, консорциум өрсөлдүүлж, тэднээсээ зургааг нь шигшиж гаргаж ирсэн юм бэ? Эрчим хүчний нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлдэг Австралийн “Xstrata coal”, төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр ¹1 Бразилийн “Vale”, гангийн үйлдвэрлэлийн “акул” болох Люксембургийн “ArcelorMittal” яагаад гологдсон нь тодорхойгүй байна. Хамгийн гол нь 40:24:36 гэсэн тоог гаргаж ирэхдээ ямар зарчим баримталснаа Засгийн газар ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй болжээ. “Яагаад Хятадын төрийн өмч давамгайлсан компани ганцаараа 40 хувийг буюу төслийн гүйцэтгэх захирлыг томилох болон бусад бүх эрх мэдлийг авсан бэ? Тэгсэн атлаа Орост 18 хувь ногдож байгаа нь хоёр хөршөө адил тэгш тавьж, дээр нь гуравдагч хөршийн бодлого явуулна гэсэн манай улсын гадаад бодлогын гол шугамтай аль зэрэг нийцэх вэ?” хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан бичжээ.

Зүүн Цанхи

“Эрдэнэс Тавантолгой” компани “бор зүрхээрээ” хариуцаж, борлуу­лалтаа өөрөө хийнэ хэмээн амлаж байсан Цанхийн зүүн хэсэгт захиалгаар олборлолт явуулахын тулд БНЭУ-ын “Mesco Steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” гэсэн гурван компани өрсөлдсөн. Гэтэл Монголын зүгээс энэхүү сонгон шалгаруулалтын дүнг мөн л зарлаагүйгээр барамгүй өөрсдөө нүүрсээ олборлоод, Хятад руу зөөж эхэлснийг юу гэж ойлгох вэ? Монголчууд өөрсдөө чадна гэдгийг үгүйсгэх гэсэнгүй, чадахын дээдээр чадна. Тэгвэл аль эртнээс ийм зорилго тавиад ажиллах нь яасан юм бол? Олон улсын сонгон шалгаруулалт тоглоом юм уу? Үүний өмнө Монголын хөрөнгийн биржийн менежментийн багийг сонгохдоо мөн л тендерээ цуцалж, бөөн шуугиан дэгдээсэн. Эргэж буцсан инээдтэй байдлаараа дэлхийн өмнө шившгээ дэлгэх нь манай Засгийн газрын “стратеги” болчихсон бололтой.

За тэр ч яах вэ. Хамгийн гол нь Цанхийн зүүн хэсгийн нүүрсний борлуулалтыг монголчууд өөрсдөө хийхгүй юм байна гэдгээ мэдээд олон хүн санаагаар унах биз. Мөн л урд хөршийн “Сhalco” (“Cinalco”-гийн охин компани) энэ амин чухал асуудлыг хариуцахаар тусгасан 250 сая ам.долларын гэрээг “Эрдэнэс Тавантолгой” дур мэдээд хийчихсэн байгаа юм. Тэгээд БНСУ болон Японы компаниудыг гомдоохгүйн тулд нүүрснийхээ 30 хувийг тэдэнд борлуулах тухай санамж бичиг мөн үзэглэжээ.
Дээрх гэрээг байгуулснаас нэг их удалгүй хүнд даацын 40 машинаас бүрдсэн анхны цуваа зүүн Цанхийн дөрвөн мянган тонн нүүрсийг ачсаар Гашуунсухайтын боомтыг чиглэн хөдөлсөн. Бас болоогүй, эхний машины орой дээр алтан соёмбо залчихсан байгаа юм аа. Тэгээд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй албаны хүмүүс бөөн баяр болоод байсныг ердөө ойлгосонгүй. Энэ нь тийм сайхан мэдээ гэж үү?

Яагаад борлуулалтаа өөрөө хариуц­на гэж байсан “Эрдэнэс Тавантолгой” энэ ажлаа хятадуудад даалгачихав? “Нэгэнт хүнээс урьдчил­гаа мөнгө авч байгаа юм бол тэдний өмнө ямар нэгэн нэмэгдэл үүрэг хүлээх ёстой биз дээ” хэмээн Д.Сугар тайлбарласан байх юм. Тодруулбал, монголчууд 250 сая ам.доллараа төлж барагдуулах хүртлээ нүүрсээ зөвхөн “Сhalco” компанид 100 хувь өгнө. Тэгээд хятадууд манай нүүрсний 20-30 хувийг Япон, Солонгост хүргэх юм. Энэ жилийн хувьд Цанхийн зүүн хэсгийн тонн нүүрсийг 70 ам.доллараар борлуулж байгаа нь зах зээлийн ханшаас доогуур үзүүлэлт гэдэг нь ойлгомжтой. “Ойролцоогоор 5-6 жилийн дараа Монголын Засгийн газар өөрийнхөө нөөцийг өөрөө мэдэж борлуулдаг болно” гэж Д.Сугар ярьсан бол “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Л.Энэбишийн хэлснээр Цанхийн зүүн хэсгээс энэ ондоо 1.3 сая тонн нүүрс экспортолж, 2015 он гэхэд уг үзүүлэлтийг 15 саяд хүргэх аж. Бид энэ их нүүрсээ хятадуудад хямд үнээр өгөх юм биш биз?
Цанхийн баруун хэсэгт урд хөршийн компанид үнэмлэхүй хувь өгөөд зогсохгүй үлдсэн зүүн хэсгийнхээ борлуулалтыг мөн л хятадуудад даатгаж байгаа нь ямар учиртай юм бэ? Нүүрсний хэрэглээ төдийгүй үйлдвэрлэлээрээ БНХАУ дэлхийд тэргүүлдэг нь үнэн. Тэр тусмаа бид энэ орны нөлөөг бага байлгах ёстой бус уу? Тавантолгойн нүүрсний гол худалдан авагч энэ ордод гол байр суурийг эзлэх нь ямар үр дагавартай вэ? Хятадууд өөр хоорондоо Монголын нүүрсний үнийг наймаалцаж, борлуулна гэсэн үг бус уу? Ийм байхад монголчууд дэлхийн зах зээлийн ханшийн талаар нэг хэсэгтээ мартсан нь дээр ажээ.

Мөнгө цагаан, нүд улаан

Тавантолгойн энэ бүх толгой эргүүлсэн байдлыг ойлгомжтой тайлбарлаж өгөхийг монгол хүн бүр Засгийн газраасаа шаардах цаг иржээ. Энд ямар бодлого яваад байгааг “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг эзэмшиж буй хоёр сая 796 мянган иргэн мэдэх эрхтэй.

“Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгнө” хэмээн Засгийн газар мэдэгдсэн. Үгүй, энэ бол Монголын талын байр суурь биш. Харин сонгуулийн амлалтаа биелүүлэх гэсэн хэсэг бүлэг хүний ашиг сонирхол давамгайлж явааг үгүйсгэх аргагүй. Ер нь хэлэлцээр зөвхөн монголчуудын талд ашигтай болно гэж хүлээж суух нь тэнэг хэрэг. Нэгэнт л Тавантолгойг ашиглахын тулд хөрөнгө мөнгөө зарцуулах талууд тус бүрдээ өөрийн сонирхол, ашиг хонжоог хайх нь ойлгомжтой. Энэ сонирхлынхоо төлөө бүтэн тэрбум ам.доллар цацаж байгаагаас нь харахад тэд Цанхийн баруун хэсгийг бүрмөсөн өөрийн болгох юм биш байгаа гэсэн хар төрж буйг нуух юун. “Зүүн, баруун Цанхи төрийн мэдэлд 100 хувь байгаа. Бид зөвхөн баруун Цанхийг ашиглах компанийг яаж эзэмших вэ гэдэг хувь хэмжээг л яриад байгаа юм” гэж Д.Сугар тайлбарлажээ. Тэгвэл Оюутолгойн ордыг ашиглаж буй “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг авах гэж монголчууд бөөн юм болоогүй бил үү?

За тэгээд мөнөөх угтуулан тавих нөхцөл, нүүрс тээвэрлэх төмөр зам, транзит тээврийн үнэ, боомтын шийдэл зэргийн тухай тодорхой мэдээлэл байхгүйгээс гадна ямар технологи ашиглах нь ч одоог хүртэл ойлгомжгүй байна. “Урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн, мөн 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсны зэрэгцээ нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэр барихаар шийдсэн” гэсэн бүдэг бадаг гурван өгүүлбэрээс өөр юу ч бидэнд дуулгасангүй. ТЭЗҮ байтугай төсөлд хэдий хэмжээний хөрөнгө оруулах нь ч тодорхойгүй байна шүү дээ.

Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос таван хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон хэмээн Засгийн газрын хэвлэлийн мэдээнд онцолсон байв. Гэтэл тээвэрлэлтийн зардал ямар байх тооцоо нь хаана байгаа юм бэ? ОХУ бидэнд дамжин өнгөрөх тээврийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн яриа хэлэлцээр явагдаж байсан ч 18-хан хувь дээр дэнжигнэсэн тэдний ашиг сонирхол хаашаа эргэхийг хэн хэлж чадах вэ?

Цанхийн баруун хэсгээс тэрбум ам.доллар, зүүн хэсгээс нь 250 сая ам.доллар урьдчилгаа болгон авлаа хэмээн ам уралдан баясахаас өөрийг засгийн эрх баригчид ярихгүй байна. Үүнээс үүдээд энэ бүх гэрээ хэлэлцээр зөвхөн мөнгөн дээр тогтож байна хэмээн дүгнэхээс өөр арга алга. 3.2 их наяд ам.долларын гадаад валютын нөөцтэй хятадууд зангарагатай загналгүй яах вэ. Тэр хэрээрээ Тавантолгойд нөлөөгөө бататгасан юм биш байгаа? “Засгийн газар, хөрөнгө оруулагчийг сонгохдоо зөвхөн урьдчилгаа төлбөрт хэтэрхий хөтлөгдөх вий. Урьдчилгаа мөнгө авна гэдэг бол нэг л асуудал. Цаана нь дэд бүтэц, нөгөө угтуулан тавих нөхцөл гээд том асуудлууд байгаа шүү” хэмээн Ерөнхийлөгч хүртэл сануулж байсан. Улс төрийн намуудын сонгуулийн амлалт болох Хүний хөгжлийн сангийн 330 тэрбум төгрөгийг шинээр байгуулагдсан, дөнгөж хөлд орж буй “Эрдэнэс тавантолгой”-гоор гаргуулахаар шахаж буйг тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан ярьж байв. Урьдчилгаа мөнгөний тухай бодсоор хэлэлцээрийн ширээний ард суух нь аюултайг Дэлхийн банкны мэргэжилтнүүд ч анхааруулж байлаа.

“Мөнгө цагаан, нүд улаан” хэмээн монголчууд ярьдаг. Эдийн засаг, бизнес, геополитикийн олон сонирхлын огтлолцол болоод буй Тавантолгойн баялгаа нэг тэрбум 250 сая ам.долларын төлөө тарамдаад хаячих вий гэсэн болгоомжлол төрж буйг нуух юун. “Эрдэнэс тавантолгой”-н 536 ширхэг хувьцаа хоосон цаас биш, хожим нь монгол хүн бүрийн амьдрал, амьжиргааг дээшлүүлэх баталгаа болоосой гэж хүсэж байсан юм сан. Харин Засгийн газар иргэдийнхээ итгэлийг даах нь уу?