Тавантолгойн асуудал толгой эргүүлсээр...

Хувьцаа эзэмшигчдийн орон


2011 оны гуравдугаар сарын 31. Энэ өдрөөс өмнө мэндэлсэн Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн нэгээхэн хэсгийг үнэ төлбөргүйгээр эзэмших эрхтэй боллоо. “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулан 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасны 10 хувийг ард түмэнд тараах түүхэн шийдвэрийг Засгийн газар гаргасан нь энэ.
Монголчууд бид хоёр сая 796 мянгуулаа. Монгол хүн бүр нэрийн данстай, дансандаа 536 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай болох нь. Төр засаг одоогоор хувьцааны тоог хэлсэн ч түүний нэрлэсэн үнийг зарлаагүй байна. Бас дээр нь

“Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаа гаргаж, хүн бүрт нэг ширхэгийг бэлэглэх тухай Засгийн газар хэлэлцэж, дэмжээд байгаа билээ. Цаашдаа иймэрхүү сюрприз олон гарч мэдэхийг хэн байг гэх вэ, сонгуулийн өмнөх жил шүү дээ! Ингэхэд иргэн бүр нь “хувьцаа эзэмшигч” болсон Монголоос өөр орон байдаг болов уу?
“ОХУ, Саудын Араб болон бусад оронд хувьчлалын жишээ гарч байсан л даа. Гэхдээ яг Монгол шиг бүх иргэндээ хувьцаа тараасан орныг би л хувьдаа мэдэхгүй юм байна” хэмээн “Евроази капитал” группийн захирал Алишер Али хариулав. “Ер нь иргэн бүртээ хувьцаа үнэгүй өгсөн туршлага бусад оронд байхгүй л болов уу. Гэхдээ энэ нь бэлэн мөнгө тарааснаас хамаагүй дээр гэж бодож байна. Хүмүүс хувьцаагаа барьцаалаад банкнаас зээл авч болно, ирээдүйд зарсан ч болно. Бас ногдол ашиг аваад, тэрийгээ боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах боломж бүрдэх байх” хэмээн Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг учирлаад, “Гол нь энэ хувьцааны бодит үнэ цэнийг иргэд сайн ойлгох хэрэгтэй” хэмээн онцлов.

Гэхдээ гурван монгол хүний нэг нь нэн ядуугийн ангилалд багтаж байгаа өнөө үед үнэгүй авсан хувьцаагаа хүмүүс хамгийн анхны боломжоор зарж, хоногийн хоолоо залгуулах магадал тун ч өндөр. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, зах зээлийн үнэ цэнэ нь тогтох үед арилжаа нээлттэй болно гээд байгаа шүү дээ. “Арга зальтай этгээдүүд худал, үнэн аргаар бүх хувьцааг цуглуулан авсаар, 10 жилийн дараа гэхэд иргэдийн ихэнх нь нөгөө л ядуу хэвээрээ, бүх баялгийг гартаа төвлөрүүлсэн цөөхөн этгээдийн зарц болох вий” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан бичжээ. Үнэхээр 1990-ээд онд төрийн өмчийг цэнхэр, ягаан тасалбар болгон үнэгүй тарааснаас болж эдүгээ Монголын хөрөнгийн бирж дэх компаниудын ихэнх нь нэгдмэл сонирхол бүхий хэсэг хүний гарт төвлөрсөн байдаг. Тэд мэдээлэл хомс, хөрөнгийн зах зээлийн талаар ойлголтгүй хүмүүсийг “мангартуулж”, хувьцааг нь хуулийн дагуу болон хууль бус аргаар дээрэмдсэн нь түүхэн сургамж. Манай хөрөнгийн зах зээл дэх эмх замбараагүй байдал ч үүнээс улбаатайг “Mongolian Economy” сэтгүүл өмнөх дугаартаа дэлгэрэнгүй бичсэн билээ.

“Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд сайн анхаарахгүй бол 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбар шиг юм болж магадгүй” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан зовних. “Маш том сургалт явуулах учиртай. Алс хөдөө сууж байгаа малчин ч хөрөнгийн зах зээлийн тухай ойлгочихсон байх ёстой шүү” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сануулах. Ямартай ч төр, засаг нэг бүдэрсэн газраа дахиж унахгүй гэж найдах л үлдлээ.

Гараа амжилттай, харин бариа?


Монголын Засгийн газар түүхэндээ анх удаагаа олон улсын хөрөнгийн зах зээлээс их хэмжээний хөрөнгө татах гэж байна. Энэ гараа ч амжилттай эхлэв. Дэлхийд толгой цохих хөрөнгө оруулалтын 20 гаруй банкны төлөөлөгчид Улаанбаатарт цуглан, монголчуудтай хамтарч ажиллахын төлөө өөр хоорондоо өрсөлдсөн нь урд хожид үзэгдээгүй гайхамшигт явдал болсон гэлтэй. Хэдхэн жилийн өмнө хэний ч анхаарлыг татахгүй байсан манай орон ийнхүү уул уурхай, банк санхүүгийн “акул”-уудыг даллаж эхэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ком­­панийн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд хийх ажлыг зохион байгуулах эрхийг одоогоор дөрвөн банк аваад байгаа нь Германы “Deutsche bank”, АНУ-ын “Goldman Sachs”, Францын “BNP Paribas”, Австралийн “Macquarie” билээ. Эдүгээ тэд Тавантолгойд мөнгө босгож өгөх бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон тухай албаны эх сурвалж мэдээлэв. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг монголчууд үнэгүй өмчилж байгаа нь олон улсын зах зээлээс хөрөнгө татахад сөрөг үр дагавар авчрах юм биш биз?

“Олон улсын IPO-д харин ч сайнаар нөлөөлөх болов уу. Энэ компанийн ард бүхэл бүтэн улсын ард түмэн байна гэхээр хөрөнгө оруулагчдын хувьд таатай байж болох юм. Улс төрийн тогтвортой байдалд ч чухал шүү дээ” хэмээн Ө.Ганзориг учирлав. Үнэхээр ч “Эрдэнэс Тавантолгой”-н хувь заяанаас нийт монгол үндэстний амьдрал, амьжиргаа шалтгаалах болоод буй.
Ямартай ч Наадмаас өмнө иргэдэд хувьцааг нь тараана, тэгээд энэ ондоо багтаан олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийнэ хэмээн төр, засгийн эрхмүүд амлаж байна. Гэтэл ийм томоохон ажил хийхийн тулд наад зах нь хоёр жил бэлтгэх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж буй. Одооны өрнөөд буй үйл явдлаас дүгнэлт хийхэд “Эрдэнэс Тавантолгой” компани нэлээд үнэ хүрэхээр байгааг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар учирлаад, “Дэлхийн зах зээлээс 2-4 тэрбум ам.доллар босгох хэлцэл маш их хүч шаардана шүү дээ” хэмээн онцлов. Яг хэдий хэмжээний мөнгө босгохоо ч тогтоогоогүй байж Засгийн газар яараад л байх юм.

Гэхдээ “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг дээ. Олон улсын зах зээлд гарах компани өндөр шалгуур давж гарах ёстой байдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Техник, эдийн засгийн үндэслэлээ ч гүйцэд боловсруулаагүй, оператор компаниудаа ч сонгоогүй, дэд бүтцийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүй үед “Эрдэнэс Тавантолгой” маань олон улсын зах зээлд хувьцаа гаргана гэдэг үнэмшилгүй ажээ. Гаргалаа ч үнэд хүрэхгүй байж болохыг шинжээчид анхааруулсаар.
“Уурхай бүрэн ашиглалтад орж, тодорхой хэмжээний үр өгөөжийг өгдөг болсон цагт IPO хийх нь хамгийн сайн. Түргэн зуур мөнгөтэй болох гээд яаруу, сандруу зүтгэснээр хямд үнэлгээтэй, түүхий ажил болбол хоёр, гурван жилийн дараах хариуцлагыг хэн үүрэх вэ. Хамгийн үнэтэй өөрийн хөрөнгийг /equity/ хамгийн хямд үед нь маш их хэмжээгээр гадагшаа гаргаж байгааг гэмт хэрэг гэж үзэж байна” хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Тавантолгой тойрсон тав, зургаан асуулт” нийтлэлдээ бичжээ.

“Хагас толгой”, зургаан сонирхол


Тавантолгойн орд нь Цанхи, Ухаа худаг, Зүүн болон Бортолгой гэсэн хэсгээс бүрддэг. “Энержи ресурс” компани Ухаа худагийг буюу 4000 га газрын тусгай зөвшөөрлийг авсан байдаг бол орон нутгийн “Тавантолгой” компани нийт 270 га газар эзэмшиж буй. Харин “Эрдэнэс МГЛ”-ын мэдэлд 68 мянган га газар байгаа ажээ. Өөрийн мэдлийн энэхүү 68 мянган га “толгой”-гоо Засгийн газар хоёр ч хувааж, олон улсын уралдаант шалгаруулалт зарлаад байгааг бид мэднэ.
“Эрдэнэс Тавантолгой” компани “бор зүрхээрээ” хариуцаж, борлуулалтаа өөрөө хийх Цанхийн зүүн хэсэгт захиалгаар олборлолт явуулахын тулд БНЭУ-ын “Mesco Steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” гэсэн гурван компани саналаа ирүүлсэн билээ. Эндхийн хөрсийг хуулж, олборлолт эхлэхэд бэлэн болсон тухай “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал Б.Энэбиш мэдэгдсэн нь бий.

Харин Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа хариуцах эрхийн төлөө таван тивийн 15 компани, консорциум өрсөлдсөн. Энэхүү тендерийн эхний ялагч нарыг Үнэлгээний хорооныхон тодруулсан бөгөөд хоёрдугаар шатанд АНУ-ын “Peabody Energy”, БНХАУ-ын “Shenhua Energy” болон Японы “Mitsui & Co” компаниудын консорциум, “Оросын төмөр зам” болон Японы консорциум, БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австралийн “Xstrata coal”, Бразилийн “Vale”, Люксембургийн “ArcelorMittal” тунаж үлдээд байгаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй Ажлын хэсгийн эрхмүүдийн тэдэнтэй хийх хэлэлцээр үргэлжилсээр.

Угтуулан тавих нөхцөл бол Тавантолгойн гол “хагас толгой” болох Цанхийн баруун хэсгийн олон улсын тендерийг дүгнэх чухал шалгуур юм. Нүүрс тээвэрлэх төмөр зам, транзит тээврийн үнэ, боомтын шийдэл, шилдэг технологи, боловсруулах үйлдвэрлэлийн туршлага зэргээр нь дээрх зургаан компанийг эрэмбэлнэ гэсэн үг. Бас дээр нь урьдчилгаа төлбөрөө ярих нь гарцаагүй. Уг тендерийн ялагчаар аль нэг консорциум, эсвэл консорциумуудын нэгдэл болсон хэдэн ч оролцогч тодорч мэдэх аж. Гэвч энд бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй болов уу. Хэлэлцээр зөвхөн монголчуудын талд ашигтай болно гэж хүлээж суух нь өрөөсгөл ойлголт юм. Нэгэнт л хөрөнгө мөнгөө зарцуулж, Тавантолгойн нүүрсийг олборлохын тулд өрсөлдөж буй зургаан компани, консорциум тус бүрдээ өөрийн сонирхол, ашиг хонжоог хайх нь ойлгомжтой. Харин Монголын Засгийн газрыг, энэ орны нийт ард түмнийг төлөөлөн хэлэлцээрийн ширээний ард сууж буй эрхмүүд л алсын хараатай байж, аль болох ухаалаг шийдвэр гаргаасай гэж залбирнам.

“Засгийн газар хөрөнгө оруулагчийг сонгохдоо зөвхөн урьдчилгаа төлбөрт хэтэрхий хөтлөгдөх вий. Урьдчилгаа мөнгө авна гэдэг бол нэг л асуудал. Цаана нь дэд бүтэц, нөгөө угтуулан тавих нөхцөл гээд том асуудлууд байгаа шүү” хэмээн Ерөнхийлөгч сануулсан юм. Ямартай ч олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийхээс өмнө Цанхийн баруун хэсгийн бүх асуудлыг шийднэ гэж албаны хүмүүс ярьж байна.

Лааны гэрэлд нүүрсээ ухаад, Явган зөөх үү


Тавантолгойн нүүрсийг юу юугүй олборлож эхлэх тухай Б.Энэбиш онцолж буй хэрнээ түүнийгээ яаж олборлох, хаагуур тээвэрлэх, хэрхэн борлуулах асуудал дээр таг чиг. Наад зах нь эрчим хүчний асуудлаа хэрхэн шийдвэрлэх гээд байгаа нь ойлгомжгүй. “Эрдэнэс MГЛ” компани “Оюу Толгой”-той хамтарч цахилгаан станц барих гээд байгаа ч юм шиг, эсвэл Тавантолгойг төвийн эрчим хүчний системд холбох гээд байгаа ч юм шиг... “Тавантолгойн усны нөөц хангалтгүй гээд байгаа. Энэ үед нэмээд цахилгаан станц барих нь зөв үү, үгүй юү гэдгээ бид яриад л явж байна” хэмээн Б.Энэбиш тайлбарлажээ.
Төрийн өмчийн хороо Тавантолгой- Ханбогд-Ханги чиглэлийн 435 км авто зам “барих, ашиглах, шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалт зарласан байгаагийн ялагч хэзээ тодорч, зам нь хэзээ бэлэн болох юм, бүү мэд. Түүнчлэн Тавантолгойн нүүрсийг Сайншандад хүргэж, улмаар Чойбалсанг чиглээд суналзах 1100 км төмөр замын барилгын ажил яг хэзээ эхлэх, улмаар хэзээ ашиглалтад орох нь ойлгомжгүй. Товчхондоо, дэд бүтцийн тал дээр тодорхой зүйл огтхон ч алга. Тэгээд лааны гэрэлд нүүрсээ ухаад явган зөөх болж байна уу?

Ер нь Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг аваад гурав дахь жилтэйгээ золгож буй Засгийн газар одоо хүртэл барим тавим төлөвлөгөө ч боловсруулаагүй явж байгаа нь хачирхалтай. Энэ хугацаанд зохион байгуулсан уулзалт, зөвлөлгөөн, хэлэлцээр ч тоогоо алдсан. Гэтэл үр дүн нь хаа байна вэ? Тавантолгойн хэлэцээр одоо ч үргэлжилсээр, харин мэдээлэл нь хав дарагдсан хэвээр. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж хүртэл ард түмнээсээ ялгаагүй, энэ тухай мэдээлэл авч гависан юмгүй сууж байгааг хараад олон хүн гайхсан биз ээ. Гэтэл монгол хүн бүр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч бус гэж үү? Өөрийн өмчийн тухай мэдээлэл байнга авч, санаа тавих эрхгүй бил үү?
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгойн төсөл эдийн засаг, бизнес, геополитикийн олон сонирхлын огтлолцол болоод буй. Энэ төсөл хэрхэн хэрэгжихээс монгол хүн бүрийн амьдрал, амьжиргаа шалтгаалах гээд байна. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас томилсон Ажлын хэсгийн үйл ажиллагаа тунгалаг, нээлттэй байх ёстойг олон хүн сануулж байгаа юм.

Эцэст нь, Монгол Улсын хөгжлийн төлөө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, монгол хүн бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг бэлэглэж буй бол төр, засгийн эрхмүүдэд “баярлалаа” гэж хэлэхээс өөр яах билээ. Үнэхээр бэлэн мөнгө өгснөөс хамаагүй дээр, ухаалаг шийдвэр болсон байж ч мэдэх юм. Гэхдээ сонгуулийн шоу хийхийн тулд Тавантолгойн баялгаа тарамдаад хаячих вий гэсэн бодол төрж буйг нуух юун. 536 ширхэг хувьцаа хоосон цаас биш байгаасай, хожим нь ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх баталгаа болоосой.