“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эзэмшлийн 340,092 тонн нүүрсийг зөвшөөрөлгүй ашиглажээ

Дэнсмаа
2022-12-20 10:13:54
Ангилал: Эдийн засаг

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол болсон. Энэ үеэр Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал 2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа улсын хилээр хоосон гарсан, “Тавантолгой” ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудал гарсныг тогтоосон болохоо мэдээлсэн.  

Үүнээс гадна “Таван толгой” ХК “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн эзэмшлийн 340,092 тонн нүүрсийг ашигласан болох нь тогтоогдож, 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 69,427.8 тонн нүүрс буцаан байршуулсан акт үйлдэж, 270,665.1 тонн нүүрсний авлагатай байгаа тухай мэдэгдлээ. 

Эдгээр асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгсний зэрэгцээ УИХ-ын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, нягтлан шалгах ажлыг эхлүүлжээ. 

Монгол Улс 2019-2022 онд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтуудаар БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улс руу чулуун нүүрс экспортолсон. Үүний 92.1-98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна. Иймд Гаалийн ерөнхий газраас БНХАУ-ын Гаалийн байгууллагатай зарим бараа бүтээгдэхүүний статистик зэрэгцүүлэлтийг жил тутамд хийж, гарч байгаа зөрүүд нөлөөлсөн хүчин зүйлсэд талуудын уулзалтаар дүн шинжилгээ, тодотгол хийж олон нийтэд нээлттэй тайлагнах тогтолцоо бий болгох шаардлагатай байна. 

 

 

Дэнсмаа