Таван мянган ам.долларын үнэтэй ТЭЗҮ

Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг Дорноговь аймагт барихаар болсон билээ. Энэхүү төслийн Ерөнхий зөвлөхөөр АНУ-ын “Bechtel” компанид манай талаас гэрээний үнэлгээний дагуу таван мянган ам.доллар төлж, төслийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргуулахаар ажиллаж байгаа хэмээн Академич Т.Намжим ярьсан юм. Тэрбээр “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг эргэж харах, зарим үйлдвэрийг өөр бүс нутагт шилжүүлэх шаардлагатай. Таван мянган ам.долларын үнэтэй ТЭЗҮ гэхэд үр ашиг нь тодорхой бус байна” хэмээн шүүмжиллээ. Тэгвэл “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор барих ажил ямар шатанд яваа талаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын мэргэжилтэн Г.Мишээлтээс тодруулахад “Аж үйлдвэрийн төлөвлөгөөг энэ оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна. “Bechtel” компани аж үйлдвэрийн төлөвлөгөөг энэ улиралд багтаан өгөхөөр болсон. Ерөнхий төлөвлөгөө удахгүй тодорхой болно” гэв.