Таван тэрбум юанийн своп хэлцэл хийлээ

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Шиао Чуан нар үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ хийсэн билээ. Энэ нь монголчуудын хувьд шинэлэг ойлголт боловч бусад орны хүмүүст, ялангуяа хятадуудад бол огтхон ч тийм биш юм. Санхүүгийн хямралын дараа Хятадын Ардын банк БНСУ, Хонконг, Малайз, Беларусь, Индонези, Аргентин, Исланд, Сингапур, Шинэ Зеланд, Узбекистан болон Монголтой нийт 834.2 тэрбум юанийн своп хэлцэл байгуулаад буйг “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Гурван жилийн хугацаанд үйлчлэх дээрх гэрээний хүрээнд манайх Хятадын Ардын банкинд төгрөг өгөөд, оронд нь юань авах боломж бүрдэж буй. БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны гол түнш бөгөөд тус улсын юань манай валютын зах зээлд идэвхтэй арилжаалагддаг хоёр дахь гадаад валют билээ. 2010 оны байдлаар Монголын экспортын 84, импортын 30 хувийг урд хөрш дангаараа эзэгнэж байв. Гэвч Хятадтай хийж байгаа нийт худалдааны 35 хувийн төлбөрийг юаниар, үлдсэн 65 хувийг нь ам.доллараар хийдэг ажээ. Тэгэхээр своп хэлцлийн гэрээ байгуулснаар цаашдаа юаниар хийх гадаад худалдаагаа сайжруулах нөхцөл бүрдэж буй хэрэг. Тодруулбал, бид БНХАУ-тай хийх гадаад худалдааныхаа 30 хувийг төгрөгөөр төлж юань аваад санхүүжүүлэх боломжтой болсныг Монголбанкны Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаа тайлбарласан юм. Ингэснээр гадаад зах зээлийн янз бүрийн эрсдэлээс өөрсдийгөө тодорхой хэмжээгээр хамгаалж, дархлаажуулж байгааг тэрбээр онцлов.
Түүнчлэн төгрөгийн тогтвортой байдлыг хангахад ч дээрх гэрээ чухал үүрэгтэй юм байна. Арилжааны банкуудын юаниар төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудсан тохиолдолд Төвбанк зах зээлд Хятадын үндэсний валютыг шуурхай нийлүүлэх боломж бүрджээ.

Мөнгөний зах зах

Монголын санхүүгийн зах зээлийн холбоо, “Thomson Reuters”-ын хамтран гаргадаг UBIBOR буюу Улаанбаатарын банк хоорондын захын суурь хүү дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 16-ны хооронд огцом өөрчлөлтгүй байлаа. UBIBOR (Overnight)-ын зарах хүү 10 хувьтай байгаа нь Монголд зээлийн хүү өндөр байгааг харуулж байна. Учир нь ам.долларын LIBOR буюу Лондоны банк хоорондын захын суурь хүү 0.77 хувьтай байгааг мэргэжилтнүүд тайлбарлав.
Гэхдээ жилийн хугацаатай UBIBOR оны эхний улиралд зургаан хувиар буурсан нь цаашид бизнес эрхлэгчдийн зээлжих зардлыг багасгах сайн нөлөөтэй аж. UBIBOR нь банкуудын хадгаламж, зээлийн хүүг таамагладаг индикатор болдог буюу уг үзүүлэлтийн хэлбэлзлийг дагаад банкуудын хадгаламж, зээлийн хүү өөрчлөгддөг зүй тогтолтой. Гэхдээ энэ нь дунджаар дөрвөн сарын хугацааны хоцролттой явагддаг байна. Өөрөөр хэлбэл, UBIBOR хүү өөрчлөгдсөнөөс дөрөв орчим сарын дараа банкуудын хадгаламж, зээлийн хүү дагаж өөрчлөгддөг юм.

Бондын зах

ОХУ-ын голлох индекс болох РТС болон ММВБ өнгөрсөн дөрөвдүгээр сард оргил цэгтээ хүрч байсан бол тавдугаар сарын дунд үед 2011 оны доод цэгтээ тулаад байна. Дэлхийн зах зээл дэх газрын тосны эрэлт хумигдаж, үнэ буурч, АНУ-ын нефтийн нөөц тогтмол нэмэгдэж байгаа нь Оросын зах зээлд сөргөөр нөлөөлжээ. “Сбербанк”, ВТБ, ЛУКОЙЛ, “Газпром” зэрэг хойд хөршийн томоохон компанийн орлого нэлээд нэмэгдсэн талаар мэдээлэл цацагдсан нь ч нэмэр болсонгүй. Дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 16-ны хооронд РТС индекс 9.3 хувиар огцом унасныг хүснэгтээс харна уу. Нефтийн ханшаас гадна энэ оны эхний улиралд хойд хөршийн ДНБ ердөө 4.1 хувиар өссөн нь индексийн уналтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх магадлалтайг шинжээчид тайлбарлав. Тус улсын Эдийн засгийн хөгжлийн яам ДНБ-ээ 4.5 хувиар өснө гэсэн хүлээлттэй байжээ. Үүний хажуугаар Их Британийн ВР болон хойд хөршийн “Роснефть” компанийн хувьцаа солилцлох хэлэлцээ тасалдсан нь хөрөнгө оруулагчдын Оросын зах зээлд итгэх итгэлийг алдагдуулсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.