Талхын үнээ үйлдвэрлэлээс шалтгаалан нэмсэн гэв

“Талх-Чихэр” компанийн гүйцэтгэх захирал Х.Батцоож, Бодлого зохицуулалтын албаны дарга С.Тамираа мөн Борлуулалтын албаны дарга Б.Нямхүү нар энэ сарын нэгнээс нэмэгдээд байгаа талхны үнийн талаар мэдээлэл хийлээ. 1984 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани 15-16 нэр төрлийн талх үйлдвэрлэж байгаагийн зүсэж савласан “Мишээл”, “Зуйван чех” зэрэг талхны үнээ 50-70 төгрөгөөр нэмээд байгаа юм байна.

Тус компаны гүйцэтгэх захирал Х.Батцоож хэлэхдээ “Өнөөдөр талхны үнэ нэмэгдэж буй нь түүхий эд, материалаа Герман, ОХУ-аас оруулж ирэн Европ технологиор үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүнсний тансаг, эрүүл хэрэглээг бий болгохын тулд хичээж ажиллаж байна. Тиймээс өртөг болон зардлаа тусгахаар шинэ нэр төрлийн талхны үнэд нэмэгдэл орохоос өөр аргагүй болоод байна. Түүнчлэн хэрэглэгчдийн гар дээр бүтээгдэхүүнээ хурдан шуурхай хүргэхэд зөөврийн машин, техникийн нөөц болон ажиллах хүчний орон тоог нэмсэн. Энэ нь зарим төрлийн талхны үнэ нэмэгдсэн шалтгаан юм. Цаашид талхны үнэ нэмэгдэх болон буурах нь гадаадын зах зээлийн эдийн засгийн байдлаас шалтгаалах бөгөөд дотоодод үүсээд байгаа шатахууны үнийн хэлбэлзэлтэй хамааралгүй” гэлээ.