“Тамирчин” малын мах үнэд орох цагаар

Учир нь зул сарын баярын бууз хийхэд нэг клограмм хонины махыг 3800, үхрийн махыг 4200 төгрөгөөр худалдаж авав. Дараахан нь Цагаан сарын үеэр нэг ууцны үнэ гэхэд л 120.000-200.000 төгрөгийн хооронд хэлбэлзсэн нь мөн л өмнө нь байгаагүй өндөр ханш байлаа. Бараг 50.0 сая толгой малтай хэрнээ Улаанбаатарт хаврын махны үнийн хөөрөгдөл дүн өвөл айлчилсан нь анхных учраас хачирхалтай. Энэхүү махны үнийн гэнэтийн өсөлт монголчуудыг бид бараг 50.0 сая толгой малтай байж яагаад тэнгэрт гарсан үнэтэй мах идээд суух болов гэж гайхахад хүргэсэн хэрэг. Монголын мал сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд он дараалан өсч 2009 оны эцэст 44 саяд хүрсэн. Тиймээс монголчуудад малын тоо өсөхийн хэрээр дотоодод махны нийлүүлэлт сайжирч, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна байх гэсэн бодол төрнө үү гэхээс махны нийлүүлэлт, малын тоо толгойн өсөлт хоорондоо урвуу хамааралтай байна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Үнэ буурахгүй, нийлүүлэлт сайнгүй байгаа учраас жил бүрийн гуравдугаар сарын дундуур зах зээлд нийлүүлдэг Нийслэлийн нөөцийн махыг энэ удаа бүтэн хоёр сарын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард гаргалаа. Хаврын тарчиг цаг ирэхээр нөөцийн мах байх л байгаа даа.

Дотоодын махны үнийн асуудал Ерөнхий сайдын санааг ч зовоох болжээ. Тиймээс тэрбээр арванхоёрдугаар сард Монголын мах үйлдвэрлэгчдийн холбоо, хил гаалийнхантай уулзаж махны зах зээлийн нийлүүлэлт, экспортын талаар мэдээлэл сонссон. Ямааны мах Эрээний лангууг дүүргэсэн байна гэж яриад байгаа нь үнэн үү? Манай махны экспортын байдал ямар байгаа юм бэ гэсэн Ерөнхий сайдын асуултад Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав ”Энэ онд Монгол Улс 26.0 мянган тонн мах экспортолсон. Үүний 16.0 мянган тонн нь ОХУ болон Иран, Казахстан зэрэгт гарсан. 10.0 мянган тонн БНХАУ руу гарсан. Үүний 1000 тонн нь Хятадад албан ёсны хаягтай гарсан. Харин 9000 тонн нь Вьетнам улсад хүрэх хаягтайгаар хилээр гарсан” гэж мэдээллэв. Энэхүү мэдээллийг сонссоноор Монгол олон сая толгой малтай ч дотоодын зах зээлд яагаад махны үнийн өсөлт явагдаад байгаа шалтгаан тодорхой болов. Эндээс үзэхэд монгол малын мах урд хөрш рүү их хэмжээгээр гарсан нь экспортын хэмжээг нэмэгдүүлсэн сайн талтай ч 10000 тонн махны нэгхэн мянган тонн нь БНХАУ-д албан ёсны бүртгэлтэй гарч, үлдсэн 9000 тонн нь Вьетнам хүрэх хаягтай гарсан нь таагүй.

НЗДТГ-аас махны үнэ буурахгүй байгаа шалтгаан нөхцөлийг судалж, шалгахыг Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ-т өгсөний дагуу холбогдох шалгалт хийжээ. Шалгалтынхны олж тогтоосноор Замын -Үүд боомтоор 30 гаруй вагон мах хилээр гаргахаар зэхээд байгаа ч урд хөршид хүлээн авах хаяггүй, харин Вьетнам улс руу хүргэх адууны мах нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн талаар ярьсан байна. Ингэхдээ манайхаас хуурамч бүрдүүлэлт хийлгэж, уг ачааг Эрээнд хүлээж авдаг нэг бус хятад хүн байдаг тухай мэдээлэл манай өдөр тутмын зарим сонинд гарсан. Урд хөршийн улсдаа адууны мах бэлтгэх зөвшөөрөлтэй хүмүүс монгол ямааны махыг адууны мах болгон “хувиргадаг” талаар холбогдох албаны хүн ч ярьжээ. Ямааны махыг адууны мах болгон өөрчлөөд Монголоос урд зүгийг зорьсон махны нэг вагон тутмаас монгол төгрөгөөр 60-70 сая төгрөг халаасалдаг байна. Тиймээс 2010 оны өвөл буюу идэш уушны цагаар үнэ нь навс унадаг махны үнэ буурахгүй, харин ч өсөөд байсан нь үүнтэй холбоотой аж.

Монгол малаар баян. Бид мал, махаа экспортод гаргах эрмэлзэлтэй. Урд хөрш мах авах сонирхолтой. Нэг цэг дээр огтлолцож буй энэ эрх ашиг ажил болж хэрэгжих бүрэн боломжтой нь дээрх баримт мэдээллээс бэлээхнээ харагдаж буй. Хятад Монгол хоёр улс махны экспортын талаар А ч үгүй улс биш. Мал, мах өгөлцөж авалцахад нэн тэргүүнд шаардлагатай байдаг Мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээр хийгдсэн удаатай. Гэхдээ энэ нь зөвхөн адууны махны тухайд юм. Харин өдгөө дээрх хэлэлцээрээ улам өргөжүүлж бог малын махыг хамруулах шаардлага байна. Хятад руу ямааны мах хууль бусаар их хэмжээгээр гарч буйг албаны хүнээс сонирхоход, “Хятадын тал нуувар хаавраар мах авах биш, экспортын хууль дүрэм журмаа тодорхой болгож хуулийн дагуу импорт хийхийг манай улс хүсч байгаа. Харилцан бие биенээ хүндэтгэсэн худалдаа явуулах ёстой” хэмээн хэлж байна. Одоо бол ямар ч дүрэм журамгүй тоглоом явагдаж байгаа гэсэн үг. Хятадын тал мах авах сонирхолтой, манайд мах нийлүүлэх сонирхол бас бий. Хоёр талын хүсэл сонирхлыг албан ёсны болгох нь хаа хаанаа хэрэгтэй болов уу. Урд хөршийг чиглэсэн богийн махны экспорт албан ёсны болсноор хоёр тал асуудалд улам хариуцлагатай хандана.

Өнөөдөр хятадуудын манайхаас хууль бусаар гаргаж байгаа махнаас ямар нэгэн өвчин илэрлээ гэхэд хэн хариуцлага хүлээх билээ. Хувь хүн хооронд үгсэн хуйвалдсан дээрх хууль бус бизнест буух эзэн буцах хаяг гэж байгаа бил үү. Уул нь бол дээрх үйл ажиллагааг албан ёсны болгох аваас махны экспортын журмын дагуу Хятадын талд манайх зөвхөн экспортын зориулалттай атестатчлагдсан үйлдвэрүүдээс мах нийлүүлэх эрхтэй болно. Түүнчлэн урд хөршийн зүгээс ч манай мах бэлтгэлийн үйлдвэрт мэргэжилтнээ явуулж байнгын хяналт тавьж ажиллах ёстой.

17.0 мянган тонноос 26.0 мянган тонн болтлоо огцом өссөн манай махны экспортын шинэ хандлага зөвхөн Хятадын сонирхлоор зогсохгүй. Энэ талаар Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Лачинбал “Монгол малын мах эрэлт ихтэй болох нь ээ. Богийн махны зах зээл Ази талдаа хүчтэй нээгдэх нь. Манай Ерөнхий сайд саяхан Булангийн орнуудад айлчлах үеэр Монгол Улс, Кувейтийн Засгийн газар хооронд “Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээр хийсэн. Кувейттэй адил Эмират ч мах сонирхож байна. Иран улс манайхаас хонины мах авч эхэлсэн. Өнгөрсөн жилийн экспортод гарсан 26.0 мянган тонн махны 1600 тонн нь тус улс руу гарсан. Японд адууны махны экспортын зөвшөөрөл байгаа. Вьетнамын тал бас манайд мах авах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм билээ. Хятад улсын хувьд манайхаас зөвхөн адууны мах авах зөвшөөрөл бий” гэлээ.

Монгол Улс мах экспортлох тухай 20 жил ярьсан. Энэ хооронд мал өсч хорогдож, малчин баяжиж, ядуурч ч үзсэн. Өнгөрсөн хугацаанд манайх махаа ОХУ-д экспортолдог нэртэй боловч энүүхэн Улаан-Үүд, Эрхүү хавиар борлогдсоор ирсэн. Уралын нурууг давж чадахгүй олон оныг үдсэн. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэгддэг монгол малын махаа хойд хөршид экспортлохдоо зөвхөн үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар өгч байсан гээд бод доо.

Өдгөө монгол малын махны экспортод шинэ зах зээл нээгдэж байна. Түүнчлэн монгол малын амттай махыг эрт дээр үеэс амталж ирсэн оросуудад нэг бус өрсөлдөгч гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, Монголд махны экспортын уламжлалт харилцаатай Оросоос өөр оронтой наймаа хийх гарц нээгдэж буй. Ингэхдээ манайх махаа хойд хөршид өгдөг шигээ үйлдвэрлэлийн зориулалтаар гэж үнэ хямдтай нийлүүлэх биш, хэрэглээний зориулалтаар гаргаж эхлэв. Нөгөө талаас монголчуудад их үүрэг хариуцлага ногдож байна. Мах хэрэглээний зориулалттай гарна гэдэг нь эрүүл ахуй, ариун цэврийн хувьд тухайн хэрэглэгчээс тодорхой үнэлгээ авах ёстой. Хэрэглэгчийн тухайн бүтээгдэхүүнд өгдөг үнэлгээ нь өнгө, амт, үнэр, шүүслэг байдлаас эхэлнэ. Мах шингээлт ихтэй, гадаргуу нь нойтон байдаг учраас хог шороо өөртөө шингээж, нааж авах нь их.

Тиймээс эрүүл ахуй ариун цэврийн асуудал нэн чухлаар тавигддаг. Тийм болохоор бид махаа өнгөрсөн хугацаанд Уралын нурууг давуулж, Оросын өргөн уудам нутагт хүргэж чадаагүй шигээ гараа хумихаад суух биш, Монголоос мах авах сонирхолтой олон олон орны эрүүл, ахуй ариун цэврийн өндөр босгыг ажрахгүй давах хэрэгтэй. Ингэхийн тулд дотооддоо малчнаасаа эхлээд махны үйлдвэр, холбогдох төрийн яам тамга, хууль хяналтын байгууллагынхан хүртлээ хаа хаанаа анхаарч ажиллах цаг ирсэнийг хэлэхэд илүүдэх юун. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар хэрэглээний чанарыг хангахын тулд анхан шатны боловсруулалтын технолги маш зөв байх ёстой аж. Гэтэл өнөөдөр манайд махны анхан шатны боловсруулалт ямар түвшинд байгааг хэн хүнгүй мэднэ. Өндөр хүчин чадалтай махны үйлдвэр цөөнгүй бий ч өнөөдөр бид нийт махныхаа дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг. Экспортын шинэ хандлагатай зэрэгцэн үүнд хувьсгал хийх цаг болжээ.

“Тамирчин” гэх тодотголтой бэлчээрийн монгол малын мах үнэд хүрэх цаг айсуй.