Тариалалтын хөрсийг сэлгэж сэргээнэ


Шинэчлэлийн Засгийн газар газар тариаланг хөгжүүлж, хувийн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих зорилт тавин ажиллах ажээ. Үүнтэй холбоотойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам “Дельта холдинг” ХХК-тай хамтран “Таримлын сэлгээ” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж тус яамны дэд сайд Ц. Туваан “Өнөөдрийн үйл ажиллагааны гол зорилго нь сэлгээний таримлуудыг хэрхэн зөв нутагшуулах, энэ тал дээр төр ямар бодлого баримтлан ажиллах хийгээд боломжит гарцуудыг нээнэ” хэмээсэн юм. Тэрбээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь Хөрс хамгаалах хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар Их хуралд өргөн барихаар бэлтгэж буйг онцолсон.

Энэ оны ургац хураалтын дүнгээр манай улс 450 мянга гаруй тонн ургац хураасан. Энэ жилийн арвин ургацтай уялдан дотоодын үйлдвэрийн захиалгад 320 мянган тонн улаан буудай, 50 мянган тонн рапс буюу тосны ургамлын хэрэгцээ байна гэх тоо гарчээ. “Таримлын сэлгээ” хэлэлцүүлгийн зорилго сэлгээний таримлын төрөл, сортыг аривжуулах, улмаар хөрсний шимийг алдахгүй байхад юу анхаарах ёстойг хэлэлцэж шийдвэрлэхэд оршиж байв. Манай улсад сэлгээний хэд хэдэн таримлыг нутагшуулах боломж бий аж. Гэвч хамгийн боломжит гэж үзэж буй нь рапс буюу тосны ургамал гэдгийг хэлэлцүүлэгт ирсэн мэргэжилтнүүд онцолж байлаа. Дэлхийн зах зээлд ч рапсын тариалалт өргөжиж байгааг Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал, шинжлэх ухааны ны доктор Б.Баатарцол хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв. Мөн тэрбээр тосны ургамлаас хүнс, техникийн тос, малын тэжээл төдийгүй био түлш зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гаргаж авах боломжуудын талаар ярьж байсан юм.
Өнөөгийн байдлаар Монгол дотооддоо тариалж буй рапсын үрийг урд хөршөөс импортлон, Хятадын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэдэг аж. Харийн орны хэрэгцээг хангах зорилгоор хөрсөө ашиглах уу, эсвэл дотоодын зах зээлээ дэмжин уг сэлгээний таримлыг иргэдийнхээ хүнсний хэрэглээнд оруулах уу гэх сонголт бидний өмнө тулгараад буйг ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц. Рэнчинсэнгээ хэлсэн юм. Тэрбээр “Тосны ургамлыг дотоодын хүнсний хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрэн байна. Манай яам сэлгээний ургамлын тариалалтыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлнэ” гэв.

Энэ оны байдлаар нийт 689.9 га талбайг тариалангийн эргэлтэд оруулсан бол 2016 он гэхэд эргэлтийн талбайг 883.3 га болгон нэмэгдүүлэх, таримлын сэлгээ хийснээр хөрсөө хамгаалах ажлыг тус яамны түшээд зорилго болгон ажиллах ажээ. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын хэлж буйгаар 409 га талбайг тариалангийн эргэлтэд оруулна гэж үзвэл түүний 320 га талбайд зөвхөн буудай тариалж үлдсэн талбайд сэлгээ тарих хэрэгтэй юм байна. Манай орны нөхцөлд рапсыг таримлын сэлгээнд ашиглах хамгийн тохиромжтой гэнэ. Учир нь зах зээл хийгээд эрэлт нь бий болсон энэ таримал нь эрдэнэшиш эсвэл наран цэцгийг бодвол монголчуудын дунд “танил” болсон гэж болох аж. Түүнчлэн өвөлжих хөх тариа, сагадай, бог будаа зэргийг сэлгээний тарималд ашиглах бүрэн боломжтойг Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Ж. Мижиддорж “Таримлын сэлгээний өнөөгийн байдал, чиг хандлага” илтгэлдээ онцолсон юм.

Сэлгээний таримлын төрлийг олшруулах нь хөрсний үржил шимд эерэг нөлөөтэй аж. Энэ оны дүнгээр тариалангийн нийт эргэлтийн 690253 га талбайн 45.9 хувьд уринш бэлтгэсэн байна. Харин нийт тариалсан талбай болох 373254 га газрын 82.3 хувьд нь үр тариа, ердөө 6.2 хувьд нь төмс, хүнсний ногоо тариалжээ. Чухал гэгдэж буй сэлгээний таримал энэ онд нийт тариалангийн талбайн 11.5 хувийг бүрдүүлсэн нь чамлалттай тоо болохыг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байлаа. Шинэчлэлийн Засгийн газраас газар тариаланд 2016 он хүртэл баримтлах бодлогод эргэлтийн талбайд бэлтгэх уриншийн хэмжээг багасган, улмаар сэлгээний таримлын хэмжээг ахиулах зорилгыг тусгажээ. Ийнхүү энэ оны байдлаар 689.9 мянган га тариалах талбайг 2016 гэхэд 883.3 мянган га болгон нэмэгдүүлэх юм байна. Түүнчлэн манай оронд тохиромжтой гэгдэж буй рапсын тариалалтыг 62 мянган тонн болгосноор дотоодын ургамлын тосны хэрэгцээг хангах боломж бүрдэх ажээ. Үүний хажуугаар малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Зөвхөн энэ онд малын тэжээлийн импортод 20 сая ам.доллар зарцуулсан гэх тоо байна. Энэ мөнгийн гадагшаа бус дотоодын зах зээлдээ шингээн, малын тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжих бүрэн боломжтойг ч цугласан эрхмүүд онцолж байсан юм.

Хүснэгтээс харахад бэлтгэх уриншийн хэмжээ өсөж байгаа ч бусад таримлын хэмжээг нэмэгдүүлснээр эргэлтийн талбай дахь уриншийн эзлэх хувь аажмаар буурах юм. Өнөөгийн авч байгаа улаан буудайн ургацын хэмжээнээс хамаараад уриншийг шууд халах эсвэл эрс багасгах боломж байхгүй тул үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Ирэх онд 330 мянган га уриншдаа зөвхөн буудай тариална гэвэл үлдсэн 79.4 га гуурсанд сэлгээний таримал тарьж байж эргэлтийн талбайгаа бүрэн ашиглах юм. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд эрүүл хөрс нэн чухал. 2010 онд тус яам Газрын ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгээр 579.3 мянган га газар хөрсний ялзмагийн шинжилгээ хийлгэсэн байна. Стандарт хэмжээгээр ялзмагийн хувь гурав буюу түүнээс дээш байх нь үржил шимтэй гэдэг байна. Харин 15 аймгийн тариалангийн талбайн 15.1 хувь нь стандарт хэмжээнд хүрсэн нь хөрсний 77.9 хувь нь дунд үнэлгээтэй харин долоон хувь нь цайрсан буюу үржил шимээ алдсан гэсэн дүгнэлт гаржээ. Өнөөдөр тариалангийн хөрсний 40 гаруй хувь нь элэгдэлд орсныг эрдэм шинжилгээний байгууллагууд “Атрын III” аяны үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаагаар нотолсон байдаг. Ирэх оны эхний улирлын сүүлээр эргэлтийн сая орчим га газрын хөрсний шинжилгээний дүнг гаргахаар төлөвлөсөн тухай Ц. Рэнчинсэнгээ хэлсэн юм.
Хөрсгүйгээр тариалалт явуулах боломжгүй. Газар тариаланг эдийн засгийн эргэлтэд оруулахад нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл бол тариалангийн талбайн үржил шим. Үүнийг сайжруулахын тулд бордооны хэрэглээг системтэйгээр нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тургарч байгааг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байлаа. Ингэхийн тулд 48.8 мянган тонн бордоо шаардлагатай байгаа бөгөөд үүнд 40.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй аж. Бордох системийн мөрдөх зайлшгүй шаардлагатай байна. Хаврын тариалалтад бордоо ашиглан хөрсний ядуурлыг зогсоохгүй бол дан ганц таримлын сэлгээгээр үржил шимийг босгож авна гэдэг оройтсон шийдэл болох аж.
Хагалж боловсруулах системтэй манай улсын газар тариалангийн салбарт хавж элдэншүүлэх, цомхотгосон системийг нэвтрүүлж, техник, тенхнологийн шинэчлэл хийж цаг болсон тухай мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байлаа. Агротехнологийн хугацаат ажлыг хөнгөлөхөд эхний ээлжинд 266 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг төрөөс бүрэн санхүүжүүлэх боломжгүй гэж байгаа ч 30 хүртэлх хувийн мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжтой ажээ. Аж ахуй, нэгжүүд, тариаланчид 186 тэрбум төгрөгийг “босгож” чадвал эрчим хүч, зардал, хүний нөөцийг хэмнэх, гэхдээ бүтээмжийг өндөржүүлж, улмаар үр ашигтай үйлдвэрлэл явуулах боломж бүрдэх юм байна.

Өнөөдөр зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төлөвлөх шаардлагатай болжээ. Сэлгээ тариалалтыг шинжлэх ухаанд болон үйлдвэрлэлийн захиалгад үндэслэж, дэс дараатай явуулах нь зүйтэй болохыг мөн хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Нөгөө талаар механикжуулагчид, тариаланчдаа сэлгээний шинэ таримлуудыг суулгах арга барилд сургах ажлыг цаг алдалгүй хийх хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулан ашиглах техник, тоног төхөөрөмжүүдээ зөв сонгох хэрэгтэй гэсэн юм.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор боловсруулсан хөтөлбөрийг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Үүний гол чиг нь хөрсний чанарыг сайжруулах, эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг зөвхөн улаан буудайн худалдаанд суурьлах бус бусад тариаланг дэмжих юм. “Атрын III” аян үр дүнтэй байсан ч газар тариаланг хөгжүүлэх эхний алхам буюу бэлтгэл ажил байсан гэж болох. Харин таримлын сэлгээг сайжруулснаар үр дүн нь жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орж, ашигтай болох юм. Буудайнаас гадна сэлгээний таримлуудын хэрэгцээ гарч ирж байна. Нийлүүлэлтийн зардал үйлдвэрлэлийн зардалаас давахгүй байна. Сэлгэхээс урьтаад хөрсний үржил шимийг дээшлүүлэх нь чухал гэдгийг Тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч. Пэрэнлэй хурлын үеэр сануулсан юм.