Татаасын тогтолцоо
Малаа бусдынхаас ялгахын тулд тамгалж, чихний үзүүрийг нь имлэдэг малчин ардынхаа ухаанаас Монголын төр засаг суралцвал яасан юм бэ. Төр засаг ард иргэд, аж ахуйн нэгжээс элдэв нэртэй олон арван татвар хүчээр хураадаг ч зориулалтаар нь зарцуулж буй эсэх нь эргэлзээ төрүүлдэг. Ер нь тодорхой татвар, хураамжуудаа “имлэх” буюу юунд зориулахыг хуульчлан оноож, “ээмэг зүүвэл” өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудлын шийдвэр зөв чиглэлд орох боломжтой. Эдийн засагч Д.Жаргалсайхан
Уул уурхай. Манайхны амны уншлага болж буй энэ салбарын хөгжил Монголын эдийн засгийн “амин дэм” нь болох учиртай. Гэтэл дэм болох нь битгий хэл, дэмжлэг хүсэхэд хүрээд буй шалтгааныг холоос хайх хэрэггүй болов. Гэтэл өнөөдөр уул уурхай уналтад ороогүй, эдийн засаг хямраагүй гэсэн үгсийг хээв нэг хэлээд сууж буй эрх баригчид албан тасалгааныхаа цонхоор бус үүдээрээ шагайгаад нэг сонирхоосой. Учир нь эл салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд хөрөнгө оруулагчдаа алдаад зогсохгүй татварын өр нь зузаарсаар байна. Угтаа бол Засгийн газар экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уул уурхайн салбараа тэргүүлэх цолоор тодотгож, татварын болоод бусад хөнгөлөлт үзүүлэх замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна гэх. Үүгээр ч зогсохгүй төсвийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох үүднээс уул уурхайн салбарын татварын түвшинг оновчтой түвшинд тогтоох зэргээр татварын бодлогоор дэмжих тухайгаа тунхагласан.
Монгол Улсын Ашигт малтмалын газрын судалгааны хэлтэс Монголын уул уурхайн салбарын албан татварын нийт хэмжээг олон улсынхтай харьцуулсан судалгаа хийсэн байдаг. Жагсаалтад энэ төрлийн татварын хэмжээ нь 62.9 хувьтай Үзбекстан муу нэр зүүж яваа бол 28.6 хувиар Швед улс албан татварын хамгийн бага хэмжээтэй хэмээн сайшаагджээ. Манай улсын албан татварын нийт хэмжээ 32.9 хувьтай гарч олон улсын уул уурхайн салбарын хувьд татварын дарамт бага буюу гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцөлтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгвэл дэмжье, тэтгэе гэсэн ч өөдлөхгүй байгаа уул уурхайн салбар шалдаа бууж буйн шалтгаан юу вэ?

Нөхцөл байдал
Хөрөнгө оруулалт татарсан, дэлхийн зах зээлийн ханш уруудсан, хууль эрх зүйн орчин таагүйгээс ийн уналтад орлоо гэсэн олны яриа улиг болсон. Иймд үүнийг дэлгэрүүлэх нь илүүц. Харин эдгээр асуудлаас гадна татвар хэлбэрээр улсын төсөвт орох мөнгөн дүнгийн асуудлыг сөхөх хүн ховор. Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа “Уул уурхайн салбарыг мөнгөний машин мэтээр ойлгож нэмэлт, өөрчлөлт нэрээр татварын хэмжээг нэмдэг байж таарахгүй. Татвар гэдэг нь бизнесийн үйл ажиллагааг боож, дарамтлах бус дэмжих үүрэгтэй. Гэтэл олон янзын зохиомол татварыг бий болгосоор байна” гэсэн юм. Уул уурхайн компаниудын борлуулалтын үүд нарийсч орлогогүй шахам болсон энэ үед гаалийн хураамжууд татварын хэлбэрт шилжсэн нь олсон хэдээ хилээр гаргах гэж буй дотоодын компаниудаа зах зээлээс “арчиж” буйг салбарынхан онцолж байна.
Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэмядаг “Монгол Улсын татварын хувь хэмжээг бусад, тухайлбал Скандинавын орнуудтай харьцуулбал тун бага. Таатай нөхцөлтэй. Гэхдээ хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа нь асуудлын цөм болж байна” гэв. Уул уурхайн салбарынхны хэлж буйгаар жишиг үнэ гээчийг тогтоосон нь өрөнд унаж, өтөнд идэгдэх нөхцөл болсон аж. Учир нь экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээлийн үнэ Засгийн газрын тогтоосон жишиг үнээс хямд байгаа. Энэ талаар Н.Эрдэнэмядаг “Жишиг үнийг зөвхөн Монголд тогтоогоод байгаа юм биш. Казахстан, Индонезд ч гэсэн жишиг үнэ бариад явж байна.
Хэрэв зах зээлийн үнэд бодит өөрчлөлт ороод, горимын дагуу явж байвал бид үүнийг өөрчлөх бүрэн боломжтой
Гэтэл манайд үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд бүтээгдэхүүнээ өөр өөр үнээр борлуулдаг. Бид тэдгээр үнийг жишээд тухайн ханшийг гаргасан” гэлээ. Тэгэхээр жишиг үнийн бодлого уян хатан болж таарах нь. Тэгтэл дэлхийн жишгээр явж буй энэ бодлого дотоодын жижиг гэлтгүй томоохон компаниудын нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Тухайлбал, угаасан нүүрсээ 46 ам.доллараар экспортолж буй “Энержи Ресурс” 75 ам.долларын жишиг үнэ тооцуулж татвараа төлж байгаа бол МАК тонн тутмыг 80 ам.доллараар борлуулах угаасан нүүрсний экспортдоо 96 ам.доллараар тооцсон татвар төлж байна. Алдагдалтай атлаа ашиг олсон мэт төлбөр ногдуулж байгаа нь тэдний “амьсгал хураахыг” хүлээхтэй адил.
Үндэсний томоохон гэгдэх компаниуд ийн татварын өрийн дарамтад орсоор байхад хөлөө олох гэж буй “шинэков”- уудын тавилан шийдэгдсэн мэт. Өнөөдөр тэд цаг наашлахыг хүлээхээс өөр итгэлгүй сууна. Үүнээс гадна уул уурхайн компаниудын хамгийн их мөнгө зардаг шатахуун, ус, цахилгааны төлбөрт хэт өндөр татвар ногдуулдаг нь салбарынхныг тал бүрээс нь “зулгааж” буй хэрэг гэдгийг Н.Алгаа онцлов. Өнгөрсөн онд экспортын орлогын 51 хувийг бүрдүүлж байсан нүүрсний экспорт өдгөө 10 сая орчим тонн болтлоо татарсан. Энэ нь Монголын нүүрсний нөөц багассантай бус нийлүүлэгчид нь зах зээлд өрсөлдөх хүчгүй болсонтой шууд холбоотой.
Бодлогогүй бодлого
“Татварын сайн тогтолцоо хүлээн авагч улсын хууль эрх зүйн орчны чухал үзүүлэлт” хэмээн Нидерланд улсын Гадаад харилцааны сайд онцолсон байдаг. Харин Монголын уул уурхайн салбарт үйлчилж буй татварын тогтолцоонд хувийн хэвшлийнхний өгч буй үнэлгээ “F”. “Уул уурхайн салбарт нийцсэн бодлого алга” эсвэл “Муу байна. Тэр дундаа эдийн засгийг хөдөлгөж буй салбарынх нь татварын бодлого хамгийн муу нь” хэмээн салбарын төлөөлөгчид гомдоллодог. Тэд төрийн бодлого төрдөө, татварынх нь төсөвтөө үйлчилдэг тогтолцоо бизнест нэмэр болохоосоо илүү нэрмээс болж байгааг ч учирладаг. Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд төр хувийн болоод нийтийн өмчийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл хувийнх, хувьсгалынх гэж алагчилж татварын хэмжээг ногдуулж байгааг дэмжлэг гэхэд бэрх. “MIH” группын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Уурхай ашиглаад 100 төгрөгийн ашиг оллоо гэхэд түүний хэдэн хувийг Монголд шингээх талаар бодох нь зүйтэй. Энэ нь заавал төрийн өмчийн хэлбэрээр байх албагүй. Үйлдвэрлэл, үйлчилгээ цаашилбал татвар хэлбэрээр байж болно шүү дээ. Гол анхаарах зүйл гэвэл эдгээр нь үндэслэлгүй байж болохгүй” гэсэн юм.
Тэрбээр “Татварын бодлогыг сайжруулахаас гадна элэгдэл, хорогдлын бодлогоор хэмждэг барууны аргыг нэвтрүүлэх хэрэгтэй. Түүнээс биш ашгаа ч хүртэж амжаагүй байхад татвар авна гээд дайрч болохгүй” гэдгийг онцолж байлаа. Энэ асуудалд Н.Алгаа “Татварын тогтолцоог сайжруулахын тулд бодлогоо өөрчлөх шаардлагатай. Монголд бизнесээ дэмждэг, хөгжүүлдэг бодлого үгүйлэгдэж байна. Татварын хувь хэмжээ, дарамтыг багасгахад бизнес чөлөөтэй болдог. Хамгийн ойрын жишээ дурдахад алтны экспортод 68 хувийн татвар ногдуулсан. Энэ шийдвэр хувийн секторт хүнд цохилт болсон. Энэ их татварын дарамтын тэд дийлэхгүй шүү дээ.
Эцэстээ энэ нь ямар ч татваргүй, хяналтгүй явдаг сүлжээний бизнесийг өөгшүүлсэн хэрэг болж хувирсан” гэв. Татварын бодлогогүй бодлого энэ хүрээд зогссонгүй. Чөлөөт зах зээлд шинэ тоглогч болох зорилготой Монгол Улс 1990-ээд онд хөрөнгө оруулагчдад үүдээ цэлийтэл нээсэн. Гадаадын хөрөнгө оруулалт татах үүднээс Монголын Засгийн газар 30 гаруй оронтой Давхар татварын гэрээ хийсэн байдаг. Хамгийн сүүлд Нидерланд улстай ийм төрлийн гэрээг үзэглэж тус орноос санхүүжилт “хүүдийлэх” хүлээлттэй байлаа. Монгол Улсаас эх үүсвэртэй ашиг, орлогоос Засгийн газар 20 хувийн татвар авах учиртай.
Гэтэл “Рио Тинто”-гийн харьяа “Turquoise Hill Netherlands” гэх мэт Нидерланд улсад бүртгэлтэй тоймгүй олон уул уурхайн компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болоод үйлчилгээний орлого, хүүгийн орлогын татвар зэргээс мултарч байсан нь манай улсыг “молигодсон” хэрэг болсон.
Олон улсын валютын сан, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага мөн Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг судалдаг олон улсын SOMO байгууллагаас “Нидерланд, Монголын хамтарсан Давхар татварын гэрээ нь Монголын татварын орлогод сөргөөр нөлөөлж байгаагаас үзвэл бусад оронтой хийсэн 30 гаруй ийм төрлийн гэрээг дахин хянах, заримыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн судалгааны тайлан гаргасан байдаг. Түүнчлэн хөгжиж буй Бразил, Казахстан зэрэг 28 оронд үйл ажиллагаа явуулдаг Нидерланд улсад бүртгэлтэй үндэстэн дамнасан корпорациуд Давхар татварын гэрээний ачаар жилд нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний татварын төлбөр хэмнэдэг болохыг дурдсан байна. Хожуу ухаарсан монголчууд 2011 онд Нидерланд, Люксембург, Кувейт болон Арабын Нэгдсэн Эмират улстай хийсэн тус төрлийн гэрээнүүдийг цуцалсан юм.
Тэгээд…
Дээрх мэт бодлоггүй алхмынхаа балгаар “тогтворгүй” нэр зүүсэн Монголын Засгийн газарт өнөө, маргаашаа аргацаах байдлаар хөгжилд хүрэхгүй. Татварын тогтолцоог сайжруулж, олон улсаас төвлөрүүлж чадаагүй татварын алдагдлаа дотоодын хэдэн компаниийн “амиар” бүү нөхөөч гэдгийг хэн хүнгүй хэлдэг. Чухам яаж вэ гэдэг дээр маргасаар. Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэмядаг “Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай уулзалт хийж, санал бодлыг нь сонсдог. Тэдний саналд үндэслэн бодлогоо тодорхойлох, сайжруулахын төлөө явж байна.
Татварын тогтолцоонд сайжруулах зүйл байгаа гэдэгтэй санал нэгдэнэ.
Татвар төлөгчид ийн хэлж буй нь зөв. Энэ дагуу бид шат дараатай арга хэмжээ авч байна” гэлээ. Мөн тэрбээр “Уул уурхайн салбарт татварын бодлогыг сайжруулахын тулд татвар төлөгчтэйгөө нягт хамтран ажиллах нь нэн тэргүүний гарц байх болов уу. Хоёрдугаарт, туршлага хуримтлуулах буюу олон улсын алдаа оноог нь судлах явдал. Гуравдугаарт, боловсон хүчнээ чадваржуулах.
Эдгээрийг шийдвэрлэж байж татварын тогтолцоо сайжирна” хэмээсэн юм. Хувийн хэвшлийнхний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дээрх асуудлуудыг бодлогын бичиг баримтад зангидах нь зүйтэй хэмээн холбогдох сайд нарт үүрэгдсэнд ам сайтай байна. Гагцхүү үр дүн нь зөв байгаасай хэмээн хүсэж байгаагийн зэрэгцээ бичиг баримт гаргачихаад түүнийгээ зөрчдөг, хариуцлага хүлээдэггүй тогтолцооны нэг жишээ бүү болоосой хэмээн ажиж буй. Уул уурхайд түшиглэсэн өндөр өсөлттэй эдийн засаг өнөөдөр огцом газардаад байгаа энэ үед зөвхөн уул уурхайн салбарынхан ч гэлтгүй Монголын хувийн хэвшлийнхэн засаг төр бизнесийн орчныг зөвөөр ойлгож зохицуулж, журамлаж, татварын уян хатан бодлого тогтоогоосой, бага орлоготой, үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй компаниудыг хөл дээрээ бостол татварын олон давхар хураамжаар бүү дарамтлаасай гэсэн хүлээлттэй сууна.
Mongolian Economy сэтгүүлийн “Уул уурхайн уналт ба эдийн засгийн доргилт” дугаараас
2013.09.15
