Татах хүч

Хөрөнгө оруулагчид эргэж ирэх болов уу. Тэдний хүсэн хүлээж байсан эрх зүйн орчныг Монголын төр бүрдүүлсээр. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болж, “татах хүч”-ний хуулийг баталлаа. Тус хуулийн төсөлтэй холбоотой Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулж, намрын чуулган ээлжит төслөө хууль болгов.

Д.Зоригт гишүүний танилцуулснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байхаар өөрчлөх, хөрөнгө оруулагчид татварын болон бусад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон асуудлыг нэмж тусгах саналуудыг төсөлд тусгажээ.

Түүнчлэн тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллуулах саналуудыг ч тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ дахь МАН-ын бүлгийн гаргасан шинээр татвар бий болгох хуулийн өөрчлөлтөд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг хамруулахгүй байх асуудлыг нэмж тусгах саналыг гарган санал хураалгасан боловч дэмжигдээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Хөрөнгө оруулалтын тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг баталлаа. Үүний дараагаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж тус тус баталсан юм.