Татварын багц хуулинд бизнес эрхлэгчдийн 178 саналыг тусгуулна

Sarangerel
2025-02-25 15:44:25
Ангилал:

МҮХАҮТ-аас бизнес эрхлэхэд тулгарч буй татварын орчны асуудлуудыг тодорхойлж, засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сард УИХ-ын даргын ажлын албатай хамтран “Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг, 2025 оны 1 дүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдтэй хамтран “Татварын багц хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага, асуудал шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан.

Эдгээр хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс амаар болон бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн, 12 төрлийн хууль тогтоомжид хамаарах 178 саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудад тус тус хүргүүлээд байна.

Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс дараах саналуудыг илэрхийлээд байна:

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх,
  • Татвар ногдуулах орлогын суурийг мөнгөн суурьд шилжүүлэх,
  • ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох, эсхүл босгыг өндөрсгөх,
  • Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  • Ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговроос НДШ суутгаж байгааг өөрчлөх
  • Татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтыг хялбаршуулах, оновчтой болгох,
  • ОУ-ын татварын харилцаатай холбоотой зохицуулалтуудыг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэх
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий хөрөнгөд татвар ногдуулах
  • Ажил олгогчийн төлөх шимтгэлийн суурийг хязгаартай болгох
  • Ногдол ашиг хуваарилан шилжүүлж буй шатлал бүр дээр ногдол ашгийн орлогын албан татварыг давхардуулж оногдуулж байгааг өөрчлөх

Түүнчлэн, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Татварын багц хуулиуд нь зөвхөн татвар, хураамжийг бүрдүүлж, улсын төсвийг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд татвараа төлсний дараа үйл ажиллагаагаа өргөтгөх, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийж өсөн дэвших ямар ч боломжийг олгохгүй ийм л татварын тогтолцоог бий болгосон байгааг өөрчлөх цаг болсон байна. Тодруулбал: НӨАТ 10%, НДШ14%, ААНОАТ 10%, нэмэх нь бусад төрлийн татвар, хураамж, төлбөр, торгууль, алданги төлж байгаагийн улмаас ихэнх компаниуд зах зээлд удаан оршин тогтож чадалгүй, татварын дарамтад орсноор үүд хаалгаа барин дампуурч байна.

Мөн татварын хууль тогтоомжууд нь нийтэд ойлгомжгүй, уялдаа холбоо муутай, холбогдох дүрэм, журам, маягтууд нь салаа утга агуулсан, хуулиас давсан заалтуудыг дүрэм, журамдаа тусган, хүнд суртал, чирэгдлийг үүсгэдэг, хууль хэрэглээний явцад татварын байцаагчид хуулийн нэг заалтыг өөр өөрөөр тайлбарлаж татвар төлөгчидтэй хамтарч ажиллахгүй, мэргэжил арга зүйгээр хангахгүй дарамтлах, Хөрөнгө оруулалтын тухай хуульд итгээд хөрөнгө оруулалт хийхээр татварын хуулиар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх заалт байхгүй гэх мэтээр хууль хоорондын уялдаа холбоогүй зөрчилтэй байдлаас болоод үндэсний үйлдвэрлэгчид хохирдог, тэгш бус татварын орчин үйлчилж байгаа зэргээр нийтлэг хүндрэлтэй асуудлууд байсаар байхад гадны хөрөнгө оруулагчдыг татах нь бэрхшээлтэй болж, Монгол Улсын иргэдэд ч Монгол Улсад бизнес эрхлэх, амьдрахад ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар яригдаж байна.

Иймээс, цаашид Татварын багц хуулийн зорилгыг нэгдүгээрт: Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн түвшинд татварын хуулиудыг бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих замаар улс эх орны хөгжлийг үсрэнгүй дэвшилд хүргэх, хоёрдугаарт татвар хураамжийг бүрдүүлж улсын төсвийг зохистой хэмжээнд бүрдүүлэх зорилгыг агуулах хэлбэрээр үндсээр нь өөрчлөх шаардлага тулгарч байна.

Үүнтэй холбоотойгоор, татварын багц хууль, дүрэм, журмын уялдаа холбоог сайжруулах, хууль хэрэглээг тодорхой, ойлгомжтой, хүндрэл чирэгдэлгүй, нэгдмэл болгож, бизнес эрхлэгчдэд ээлтэй, шударга ёсны болон тэгш байдлын зарчимд үндэслэн татварын тогтолцоог бий болгох шаардлага зүй ёсоор үүсээд байна. Ингэснээр, Татварын бодлогын шинэчлэл нь бизнесийн орчныг илүү таатай, тогтвортой болгож, хууль эрх зүйн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж чадна.