Татвар төлөгчдийг төлөвшүүлэх нь


Нээлттэй төсвийн индексээр Монгол Улс урагшлах бус, хойшилсон нь тодорхой болов. Бид 100 онооноос 46-г авч, төсвийн ил тод байдал “хангалтгүй” гэсэн үнэлгээтэй байна. Төсвийн төлөвлөлт, хэлэлцэн батлах үйл явц, гүйцэтгэл ба хяналт гээд бүх шатанд иргэд огт оролцохгүй байгаа нь ийм үр дүнд хүрэхэд нөлөөлжээ. Дэлхийн 102 улсыг харьцуулсан энэхүү судалгааны “Иргэдийн оролцоо” үзүүлэлтийг авч үзвэл бид 100 онооноос ердөө 7-г авсан байх юм.

Монголд төсвийн орлогын 85 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг.

Гэтэл өөрсдийнх нь мөнгийг зүй зохистой удирдаж чадаж байгаа эсэхэд хяналт тавих татвар төлөгчид хаачив? Тэд яагаад төсвийн үйл явцад саналаа өгөх, хяналт тавих эрхээ эдлэхгүй байна вэ? Эдгээр асуултад хариулахын тулд бид эхлээд хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) болон түүнийг төлж буй хүмүүсийн мөн чанарыг судлах хэрэгтэй болов уу.

Бага татвар-сул хяналт
Монгол Улсад өмнө нь хүн амын орлогын шатлалаар 0-30 хувийн татвар ногдуулдаг байсан. Харин 2007 оноос үүнийг зогсоож, 10 хувь болгосноор дэлхийн хамгийн бага татвартай орнуудын нэг болсон билээ.

Өндөр хөгжилтэй орнуудын иргэд орлогоосоо их хэмжээний татвар төлдөг учраас төсвөө, төрөө хянадаг, татвар төлөгчдөөс авсан мөнгөөрөө эргээд ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулахыг шаарддаг. Харин монголчуудын халааснаас гарах татварын хэмжээ бага учраас хяналт тавихдаа ч сул байгаа гэдэг нэг талаас үндэслэлтэй тайлбар. Татварыг нэмж байж л татвар төлөгчид “нэхэл хатуутай” болж, төр засгийн эрх баригчид төсвийн мөнгийг дураараа зарцуулах боломжийг хаана гэж зарим эдийн засагч үзэж байна. Гэвч энэ нь тийм ч амар бүтэхгүйг бид харлаа.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд, Монголд ажил хийж буй 10 хүн тутмын ес нь 1.5 сая төгрөгөөс доош цалинтай. Гэтэл татвар нэмэх сургаар түүнд нь өртөх орлого ихтэй хүмүүс төдийгүй нийгэм тэр чигтээ бухимдалд автсан нь анхаарал татсан.

Уг нь ихэнх оронд орлого ихтэй хүнээс өндөр татвар авч, орлого багатай хүмүүсийг дэмжих шаталсан татварын бодлого баримталдаг. Тухайлбал, Хятадын иргэн орлогоосоо хамаарч 3-45 хувийн, БНСУ-ын иргэн 6-38 хувийн татвар төлж байна (График 2). Америкт орлого багатай иргэд нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бол чинээлэг хүмүүс нь 39.6 хувийн татвар төлж байх жишээтэй.


Харин манайд сарын 18 сая төгрөгийн цалинтай банкны захирал, түүнээс 30 дахин бага цалинтай багшийн аль аль нь яг ижил 10 хувийн татвар төлж байгаа. Энэхүү шударга бус системийг өөрчлөх, орлогын тэгш бус байдлыг багасгахад чиглэсэн татварын шинэчлэл хийх гэж байхад болиулсан нь олон нийтийн татварын талаарх ойлголт маруухан байгаатай холбоотой болов уу. Нөгөө талаас, нэгэнт л эргээд шаталсан татварын систем рүүгээ шилжих тохиолдолд орлого ихтэй хүний төлөх татварын хэмжээг өсгөхийн зэрэгцээ орлого багатай хүнийхийг багасгах (бүр тэглэх) талаар бодолцох ёстой байв. Өнөөдөр ихэнх улс ядуу хүмүүсээс татвар авах бус, харин ч тэднийг дэмжиж, боловсролтой, ажилтай болгох бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, амьжиргааны доод түвшинд байгаа хүмүүсийг төрөөс дэмжсээр байгаад ажилтай, орлоготой татвар төлөгч болгоход анхаарч буй. Энэ нь монголчуудын хувьд тийм ч шинэлэг ойлголт биш юм.

Я.Бямбасүрэнгийн “Монгол орны ядуурлын талаарх түүхэн сурвалж” судалгаанаас үзэхэд, Их Монгол Улсын үед ч ядуу хүмүүсийг татвараас чөлөөлж байжээ.

Тухайн үед малын тоо 100 хүрэхгүй бол татвараас хэлтрүүлж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Мөн Монголын эзэнт гүрэн задран унаж, олон газраас монголчууд нутагтаа ирж байх үед ядуу иргэдийг малжуулах, мал үржиж, амьжиргаатай болсон хойно нь өгсөн сүргээ буцааж авах бодлого баримталж байжээ.

Татвараас зайлсхийх боломж

Өндөр хөгжилтэй орнуудад хувь хүний орлогын албан татвар татварын нийт орлогын 30-аас дээш хувийг эзэлдэг бол Монгол Улсад энэ хэмжээ 10 хувьд хүрэхтэй үгүйтэй байдаг. Монголчуудын дундаж цалин болон татварын хувь хэмжээ бага байгаа нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь мэдээж. Гэхдээ ХХОАТ-аас зарим нэгэн нь зайлсхийх боломжтой байгаа нь үүний гол шалтгаан болов уу.

Өнөөдөр улсын эмнэлгийн сувилагч сарын 500 хүрэхгүй мянган төгрөгийн цалинтай ч гэсэн татвар төлж байна. Гэтэл нөгөө талд нь мянгат малчин түүнээс хэд дахин их орлоготой хэрнээ татвар төлөхгүй байх систем үйлчилж буй. ХХОАТ-ын тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн ба хөрөнгө борлуулсны орлого болон бусад орлогод бүгдэд нь татвар ногдуулахаар заасан байдаг. Гэвч бодит байдал дээр ХХОАТ-ын 90 орчим хувийг зөвхөн цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого эзэлж байна. Өөрөөр хэлбэл, татварын дийлэнх ачаалал тогтмол ажлын байртай, эсвэл гэрээгээр хөдөлмөр эрхэлдэг иргэдэд ногдож байгаа юм.

Зарим нь сар бүр ипотек төлөхийн хажуугаар татвараа өгч “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” амьдарч байхад зарим нь өчнөөн олон байрныхаа түрээсийн орлогоосоо ХХОАТ төлөхгүй байна.

Манайд татвар төлөгч татварын ногдолоо өөрөө тодорхойлон төлөх систем хэрэгждэг. Гэтэл иргэдийн дунд татвар төлөх үүргээ хэрэгжүүлэх ухамсар төлөвшиж амжаагүй учраас цалин хөдөлмөр эрхлэлтийн орлогоос бусад ХХОАТ-ыг бүрэн ногдуулж чадахгүй байгаа хэрэг.

Зан үйлийн эдийн засаг

Сүүлийн үед зан үйлийн эдийн засгийн ойлголт хүчтэй түгэн дэлгэрэх боллоо. 2017 оны Нобелийн эдийн засгийн шагналыг Чикагогийн их сургуулийн профессор Ричард Талер хүртсэн нь үүний нэг жишээ юм. Эдийн засгийн уламжлалт ойлголтоор хүмүүс үргэлж бодлоготой (рациональ) шийдвэр гаргадаг гэж үздэг. Харин зан үйлийн эдийн засгчид хүмүүс мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэр гаргах тал дээр ихэнхдээ бодлоготой, ухаалаг байж чаддаггүй, үүнд сэтгэл зүйн, нийгмийн олон хүчин зүйл нөлөөлдөг гэдэг талаас нь судалдаг. Тухайлбал, хуримтлалтай байх нь хэрэгтэйг хүн бүр мэддэг боловч ихэнх хүн олсон орлогоо тэр чигт нь үрээд, ирээдүйдээ зориулсан хадгаламжтай болж чаддаггүй шүү дээ.

Тэгвэл татвар төлөгчдийн зан үйлийг судалснаар шийдвэр гаргахад нь нөлөөлж, улмаар татварын орлогыг нэмэгдүүлж болох нь хэдийнэ батлагдаад байна. Татвар төлөгчдөд шаардлага тавих, хянаж цагдах, торгох зэрэг уламжлалт аргаар биш, харин нөхөрсөг зөвлөгөө өгөх, сэтгэл зүйд нь нөлөөлөх “зөөлөн” арга барилаар ажиллах нь хавьгүй зардал багатай бөгөөд үр дүнтэй ажээ.

Тухайлбал, Их Британийн татварын алба Зан үйлийн судалгааны багтай болсон бөгөөд Ричард Талераас зөвлөгөө авч ажилладаг байна. Хүмүүс нийгмийн олонхыг дагадаг, бусад шигээ байхыг хичээдэг зан үйл дээр тоглолт хийж, татвараа төлөхгүй байгаа иргэдэд шаардлага хүргүүлэхдээ “Их Британийн 10 хүн тутмын ес нь татвараа төлдөг”, “Та татвараа төлөөгүй цөөн хүний нэг болоод байна” зэрэг өгүүлбэрийг шигтгэж өгснөөр татвар төлөгчдийн тоог нэмж чаджээ. Мөн татвар төлөгчидтэйгөө “нэг хэлээр” ярих, ойлголцох нь чухал болохыг зан үйлийн эдийн засагчид зөвлөдөг.

Татвар төлөгч монгол хүн

ХХОАТ-ыг зөвхөн хөдөлмөр эрхэлдэг хүмүүс төлдөг, бусад нь зайлсхийхийг хичээдэг, татвар нэмэх сургаар бүх нийтээрээ бухимддаг, татварын мөнгийг хянах тал дээр анхаардаггүй... Энгийнээр бол монголчууд татварыг “төрийн дээрэм”, “ачаа”, “дарамт” гэж боддог, тиймээс ч зайлсхийхийг хичээдэг байх нь.

Өнөөдөр ажил хийж буй хүмүүсийн олонхынх нь сарын цалин сая, тэр ч бүү хэл 500 мяган төгрөгт хүрэхгүй байна. Гэтэл амьжиргааны өртөг ямар билээ? Америк, Европ, Японоос дутахааргүй өндөр байгаа шүү дээ, зарим талаараа. Ийм байхад 10 хувийн татвар ч гэсэн ачаа, дарамт мэт санагдах нь мэдээж.

Орлого багатай хүмүүсийн татварын ачааллыг бууруулж, орлого ихтэй хүмүүсээс зохих ёсны татварыг нь авах механизм яах аргагүй хэрэгтэй байна.

Үүний зэрэгцээ, татварын мөнгөөр төсвөө бүрдүүлж, цэцэрлэг, сургууль, зам барьж, эмч, багш нарын цалинг нэмж, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулдаг гэдэг талаас нь иргэд огт харахгүй байна. Тиймээс ч төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт гээд бүх шатанд оролцохгүй байгаа хэрэг. Иргэдийн оролцоо ийм сул байснаар төрийн эрх мэдэлтнүүд төсвийн мөнгийг дураараа зарцуулах, LEXUX-570 аваад унах боломж бүрдсэн гэж ойлгож болно.

Ажил хийж байгаа хүн л албан хүчээр, хүссэн хүсээгүй өгдөг татварын систем хэрэгжиж байгааг өөрчлөх цаг иржээ. Орлого олсон хүн бүр зохих ёсны татвараа төлөх, төр засаг тэр мөнгийг нь зүй зохистой зарцуулж байгаа эсэхэд хяналт тавих механизмыг монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулан боловсруулах хэрэгтэй байна. Эдүгээ татварын боловсрол олгох тал дээр нэг үеэ бодвол анхаарч эхэлсэн ч татвар төлөгчидтэй “нэг хэлээр ярих” тал дээр учир дутагдалтай байх шиг. Зан үйлийн эдийн засгийн арга барилаар татвар төлөгч монгол хүнийг төлөвшүүлж чадах биз ээ.