Тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулна

Монгол улсын төсвийн хөрөнгөөр ирэх онд шинээр зохион байгуулж хэрэгжүүлэх 789 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 399-ыг Худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлэх бөгөөд орон нутагт 243, төрийн нууцад хамаарах 13 төсөл нь бусад байгууллагаар дамжин хэрэгжихээр болжээ. Худалдан авах ажиллагааны газар ирэх онд улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нийт 399 ажлыг дангаар зохион байгуулах юм. Үүнээс 76 бараа, 252 ажил, 71 үйлчилгээний ажил байх юм. Монгол улсын Сангийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны KONKA агентлагтай хамтран 2011-2012 онд “Монгол улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлж, одоогийн байдлаар нийт найман тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулаад байна.

Монгол улсын шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тендерийн будлиан, авлига, хээл хахуул, хүнд суртлыг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэхээр тусгасан билээ. Энэ зорилтын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар ирэх онд зарлах нийт тендерийн 20-35 хувийг цахим худалдан авалтын хэлбэрээр зохион байгуулна. Мөн “Монгол улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулж БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 2014 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тусгуулахаар Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлээд байна.