Технологийн ертөнцийг атгагч Софтбанк


2017 оны долдугаар сарын 20-ны өглөө Токио хотын “Prince park tower” зочид буудлын дүүрэн хүнтэй хурлын танхимын индэрт Масаёши Сон гарч ирлээ. Тайзны тод цагаан гэрэл түүний шавилхан биеийг араас нь гэрэлтүүлнэ. Заншил ёсоор даруухан хувцасласан Японы интернэт, эрчим хүч, санхүүгийн конгломерат “SoftBank Group”-ийн CEO М.Сон инээмсэглээд өөрийгөө японоор танилцуулав.

М.Сон этгээд зүйрлэл, урт илтгэлээрээ алдартай. Тэрбээр 2010 онд “Ирээдүйн төлөөх 300 жилийн төлөвлөгөө”-ний танилцуулгаа харууслын мөн чанарын тухай сэдвээр эхлүүлж, “Амьдралын хамгийн харамсалтай зүйл юу вэ? Танд дээдийн дээд аз жаргалыг юу өгдөг вэ” гэсэн онолын асуулт хүмүүст тавьж байв. 2016 онд тэрбээр Зүйлсийн интернэтийг (IoT) Кэмбрийн үеийн тэсрэлттэй ижилсүүлж, нүдтэй болсон амьтны анхны зүйл нь хувьслын тал дээр ямар давуу талтай болсныг IoT-ийн ачаар мэдрэгч, хиймэл оюун ухаан хослох боломжтой болсонтой зүйрлэж байлаа.

Тэрбээр технологийн олон зуун мэргэжилтэн, энтрепренерүүдэд хандсан илтгэлдээ Аж үйлдвэрийн анхны хувьсгалын үеэр олон нийтийн сайн сайхны төлөө технологи, шинжлэх ухаанд хөрөнгө оруулж байсан сурвалжтануудтай “SoftBank”-ийг зүйрлэсэн юм. Токиод болсон хурлаас хоёр сарын өмнө “SoftBank” 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, түүхэн дэх хамгийн том технологийн хөрөнгө оруулалтын сан “Vision Fund”-ийг байгуулаад байв. “Би унтмааргүй, цагаа үрмээргүй байна. Учир нь тун сэтгэл хөдлөм цаг үед бид аж төрж байна шүү дээ” хэмээн тэрбээр өгүүлж байлаа.

Уг уулзалтад оролцсон ихэнх CEO нар түүний байгуулсан сангаас хөрөнгө оруулалт авсан эрхмүүд байв. Мэдээж тэд М.Сонтой Токио хотын Шидом дахь албан тасалгаанд эсвэл Калифорнийн Вудсайд дахь 117.5 сая долларын үнэтэй харшид биечлэн уулзсан нь гарцаагүй. Тэдний ихэнх нь домогт хөрөнгө оруулагчийг зөөлөн нам дуутай, даруухан байр байдалтай, ирээдүйг урьдчилан харах билгийн нүдтэй нэгэн гэж дүрсэлдэг.

1970-ад онд М.Сон АНУ-д суралцахаар иржээ. Тухайн үед тэрбээр англи хэлдээ тун тааруу байсан ч Японы “Space invaders” гэх мэт аркад тоглоомыг импортлох бизнес эрхэлсээр сая долларын хөрөнгөтэй болжээ. М.Сон 1996 онд хэцүүхэн байдалд байсан Yahoo! стартапын CEO Жерри Янгад 100 сая долларын хөрөнгө оруулалт санал болгосон юм. Түүний алсын хараа зөв байлаа. 2000 он гэхэд буюу интернэтийн сүйрлээс өмнө Yahoo! нь дэлхийн хамгийн алдартай хайлтын вэб сайт болоод байв.



Мөн ондоо М.Сон “Alibaba” цахим худалдааны компанийг үүсгэн байгуулагч, англи хэлний залуухан багштай уулзжээ. Тэрбээр Жак Мад 20 сая долларын хөрөнгө оруулалт хийх санал тавьж, компанийг нь дараачийн Yahoo! болгоход тусална хэмээн амлав. Өнөөдөр ч гэсэн М.Сон шинэ компанид хөрөнгө оруулахдаа үүсгэн байгуулагч нарт нь тэднийг “Alibaba” шиг том болж чадна хэмээн хэлдэг аж. “Хятад маш том зах зээл болно гэдгийг тэр 2000 онд олж хараад хөрөнгө оруулахаар шийдсэн. Дот комын хөөсрөл үгүй болсны дараа тэр Хятадад идэвхтэй хөрөнгө оруулж эхэлсэн юм. Үүний тулд Хонконг Шенжений хооронд шороон замаар явдаг байлаа. Ямарваа зүйлийг бодитой болохоос нь өмнө урьдчилан олж харах онцгой авьяас түүнд бий. Түүнд тодорхой болсон зүйл 10 жилийн дараа л бусад хүмүүст тодорхой, илэрхий болж ирдэг юм” хэмээн хиймэл оюун ухааны “Brain” стартапын СЕО Е.Ижикевич ярьжээ.


Ямарваа зүйлийг бодитой болохоос нь өмнө урьдчилан олж харах онцгой авьяас түүнд бий. Түүнд тодорхой болсон зүйл 10 жилийн дараа л бусад хүмүүст тодорхой, илэрхий болдог


Токиод болсон хурлын үеэр М.Сон хөрөнгө оруулсан компаниудынхаа СЕО нарыг тайзнаа ээлж дараалан урьсан юм. Эхлээд тэрбээр хүнээс зарим талаараа илүү, биомеханик чадвартай робот үйлдвэрлэхээр ажиллаж буй “Boston dynamics” компанийн Марк Райбертийг танилцуулав (Эл компанийг Alphabet-аас худалдаж авсан үнийн дүнг нууцалж буй). М.Райберт тайзнаа “Spot Mini” хэмээх дөрвөн хөлтэй, локомотор ур чадвартай роботыг гаргаж, юу чаддагийг нь харуулав. Тэрбээр үзүүлбэрийн төгсгөлд “робот нь удахгүй интернэтээс ч илүү утга учиртай, агуу зүйл болно. Бид дэлхийг хамтдаа өөрчлөнө. Бид роботуудад хиймэл оюун ухаан суулгана” хэмээгээд компанийг нь дэмжиж буйд “SoftBank”-т талархлаа.

Дараачийн зочин нь “OneWeb”-ийг үүсгэн байгуулагч Грег Вайлер. Хэдий хүмүүс интернэтээр хил хязгааргүй холбогдож байгаа ч бодит байдал дээр долоон тэрбум гаруй хүний 54 хувь нь интернэтэд холбогдоогүй байгааг тэрбээр дурдаад 2027 он гэхэд дэлхийн өнцөг булан бүрт интернэтийг нэвтрүүлэх зорилгоор 900 орчим хиймэл дагуул хөөргөхөөр ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн дата ашиглаж хорт хавдартай тэмцэж буй “Guardant Health”-ийн Хелми Элтоухи, машин сургалтыг ашиглаж тусгай орчинд ургамал, хүнсний ногоо ургуулахаар ажиллаж буй “Plenty” компанийг үүсгэн байгуулагч Мэтт Барнард, дэлхийн анхны клауд суурьтай робот бүтээх хүсэлтэй “Cloud Minds”-ийн Билл Хуан нарын энтрепренерүүд тайзнаа ээлж дараалан гарлаа.

Арга хэмжээний сүүлчийн зочныг урихын өмнө М.Сон тайзнаа ахин гарч ирээд “Би 17 настайдаа анх удаа микропроцессорын гэрэл зураг хараад гайхширч билээ. Би үнэхээр шоконд орсон” гэж өгүүлэв. Ингээд тэрбээр Их Британийн чип бүтээгч “Arm Holdings”-ийн СЕО Саймон Сигарсыг тайзнаа гарахыг хүслээ. “Бидний анхны чип цамцны товчны хэмжээтэй байсан бол одоо зүүний үзүүрийн хэмжээтэй чипээр маш их боловсруулалт хийх хэмжээнд хүрсэн” гэж тэрбээр өгүүлэв. Тус компанийн микропроцессоруудыг робот мэс засал, жолоочгүй машин, ухаалаг камерт ашиглаж байгаа аж. Гэхдээ бүх датаг клауд руу илгээж боловсруулаад буцааж илгээх шаардлагатай болвол хэт их эрчим хүч шаардагдаж, цагийн алдагдал гарах учраас хиймэл оюун ухааныг ашиглах боломжгүй болно. “Хэрэв андройд утастай хүн бүр өдөрт гурван минутын дуу хоолой таних үйлдэл хийвэл Google компани дата төвийнхөө тоог гурав дахин нэмэх шаардлагатай болно” гэж С.Сигарс хэлэв. Тиймээс дараагийн үеийн микропроцессорууд нь хиймэл оюун ухаан болон дата боловсруулалтыг мэдрэгч дээр шууд боловсруулт хийх шаардлагатай болно. “Бид үүнийг ганцаараа хийж чадахгүй. Энэ бүх технологийг ашигладаг бусад компаниудтай бид хамтрах ёстой” гэж тэрбээр хуралд ирсэн захирлуудад хандаж хэлснээр үгээ дуусгав.

Түүний ярианы дараа М.Сон “Arm” компани нь “SoftBank” төдийгүй хүн төрөлхтний гэрэлт ирээдүйн салшгүй нэг хэсэг байх болно, хэрэв бид хүчээ нэгтгэвэл шинэ эринийг эхлүүлэгч болж, ирээдүйн дэлхийг амьдрахад таатай газар болгож чадна гэж өгүүлэв.

М.Сон 1981 онд компьютерийн программ хангамжийн “SoftBank” компаниа үүсгэн байгуулсан цагаас хойш дэлхийн хамгийн том компани болгохоор хичээжээ (SoftBank нь программ хангамжийн банк гэсэн утгатай). Компаниа байгуулсан өдөр 24 настай М.Сон хоёр ажилтныхаа өмнө зогсоод нэг л өдөр дэлхийн хамгийн агуу байгууллага болно хэмээн амлаж байсан гэдэг. Тэрхүү хоёр ажилтан хэдэн жилийн дараа компанийг нь орхисон ч эдүгээ 61 настай М.Сон амлалтаа марталгүй зүтгэсээр явна. Тэрбээр мөн хиймэл оюун ухаан хүний ухаанаас илүү гарч, олон улсын хэмжээнд эдийн засгийн бүхий л салбарыг тодорхойлох учиртай технологийн хувьсгалыг хийх “300 жилийн алсын хараандаа” ч үнэнч явна.

Ирээдүйд “SoftBank” нь дараачийн “Google”, “Apple”, “Microsoft” болохгүй бөгөөд нэг брэнд эсвэл нэг бизнес загвар дэлхийг түүчээлнэ гэдэгт С.Сон итгэдэггүй. Харин түүний бодлоор “тэргүүлэгчдийн нэгдэл”л үүнийг бодитой болгож чадна. Тийм ч учраас “SoftBank” нь эрүүл мэнд, тээвэр, хүн тээвэр, робот үйлдвэрлэл зэрэг маш олон салбарыг хамарсан хиймэл оюун ухааны экосистем бий болгохоор зорьж байна. Эл зорилгодоо хүрэхийн тулд тэд “Vision fund” хэмээх хөрөнгө оруулалтын санг байгуулсан билээ.

“Бид ижил хүсэл зорилготой энтрепренер анд нөхдийн холбоо байгуулахыг хичээж байна. Ганц хүний хүчээр хувьсгал хийх боломж үгүй” хэмээн М.Сон 2017 оны хурлын үеэр онцолсон билээ. Эл экосистемийнх нь төвд чанга яригч, эрүүл мэнд хянагч, дрон, телевизор болон нийт ухаалаг гар утасны 95 хувьд нь байдаг өчүүхэн жижиг процессор үйлдвэрлэгч “Arm holdings” компани бий.

2006 онд “Arm”-ийн СЕО Уоррен Ийсттэй уулзахдаа эл компанийн анхны ажилтнуудын нэг С.Сигарстай М.Сон анх танилцжээ. Тухайн үед “Arm” нь дөнгөж үүсэн бий болж байсан гар утасны зах зээлд давамгай байр суурь эзэлж байв. Чухам энэ нь М.Соны сэтгэлийг маш их хөдөлгөж байлаа. Гар утас нь тун удахгүй компьютерээс эрэлттэй болно, үүнд үндэслэж интернэтийн хүндийн хүчний төв нь ширээний компьютерээс ухаалаг гар утаст шилжинэ гэдгийг М.Сон мэдэж байв. “Arm”-ийн бага эрчим хүч хэрэглэдэг, хүчин чадал сайтай микрочип нь ирээдүйн дижитал эдийн засгийн гол хөдөлгүүр нь болно гэдгийг М.Соны гайхалтай зөн совин зөвлөсөн нь дамжиггүй.


Чухам ийм учраас “Arm”-ийн удирдлагуудтай уулзахаас хэдэн долоо хоногийн өмнө сүлжээний асуудал ихтэй, хийц муутай гар утас зардаг, тааруухан үйл ажиллагаатай гар утасны оператор “Vodafone japan”-ийг “SoftBank” худалдаж авсан байлаа. Эл худалдан авалтад “SoftBank”-ийн удирдах зөвлөл дурамжхан байсан ч М.Сон гаргасан шийдвэрээсээ алхам ч ухарсангүй. Учир нь түүнд стратегийн давуу тал байсан юм. “Vodafone japan”-ийг худалдаж авахаас өмнө М.Сон АНУ-д очиж Стив Жобстой уулзжээ. Тэрбээр удахгүй зарахаар төлөвлөсөн гар утасны хар зургаа “Apple”-ийн СЕО-д сонирхуулсан байна. С.Жобс тэрхүү загварыг нь үзэн ядсан ч М.Соныг зөв чигтээ явж байна гэж хэлжээ. Тухайн үед С.Жобс iPhone гар утасны анхны загвар дээр ажиллаж эхэлсэн байлаа. М.Сон суут энтрепенертэй уулзаад ганзага хоосон буцсангүй. Хэрэв “Vodafone”компанийг худалдаж авч чадвал Яон улсад iPhone-ийг борлуулах онцгой эрх олгоно гэж С.Жобс түүнд амласан байв.


“Бид ижил хүсэл зорилготой энтрепренер анд нөхдийн холбоо байгуулахыг хичээж байна. Ганц хүний хүчээр хувьсгал хийх боломжгүй”


С.Сигарс, М.Сон холбоогоо тасалсангүй, 2006 онд хоёр удаа, 2014, 2015 онд уулзжээ. 2013 онд С.Сигарс У.Ийстийн оронд компанийнхаа СЕО-оор томилогдож, харин “Arm” М.Соны таамаглаж байсанчлан чип үйлдвэрлэлийн салбарт эзлэх байр сууриа үлэмж нэмэгдүүлэн бүтээгдэхүүнээ “Apple”, “Samsung”, “Nvidia”, “Qualcomm” зэрэг компанид лицензээр ашиглуулж байлаа. Мөн л М.Соны урьдчилан харснаар “Vodafone japan” компани нь (одоо “SoftBank Mobile” нэртэй болсон) Японы үүрэн холбооны тэргүүлэх оператор болов. Үүнд “Apple”-ийн iPhone гар утасны онцгой эрхэт борлуулагч болсон нь ихээхэн нөлөөлсөн аж.

2016 оны зургадугаар сард С.Сигарс М.Сонтой Калифорни дахь харшид нь уулзав. С.Сигарс хожим үүнийг амьдралынх нь хамгийн чухал ажлын ярилцлага байсан гэж дурджээ. Эл уулзалтын үеэр компанид нь тулгараад буй асуудал ирээдүйн их боломжийг агуулж буй талаар С.Сигарс М.Сонд дэлгэрэнгүй ярьсан аж. Ухаалаг гар утасны зах зээл ханасанаас гадна хиймэл оюун ухаан, мэдрэгч, 5G технологи зэрэгт хөрөнгө оруулахын тулд “Arm” ашгийн хэмжээгээ үлэмж бууруулах шаардлага тулгарсаныг тэрбээр өчсөн байна.


Эл уулзалтаас хэдэн өдрийн дараа С.Сон С.Сигарс руу утасдаж, “Даргатай чинь яаралтай уулзах хэрэгтэй байна” гэв. “Тийм боломж огт байхгүй. Тэр газар дундын тэнгист хувийн усан онгоцон дээрээ амарч байгаа” гэж С.Сигарс хариулжээ. Гэвч М.Сон зүтгэсээр, С.Сигарсыг онгоцоор авч, мөн буцаан хүргэж өгнө хэмээн амласан байна. Ингээд тэд Туркийн баруун өмнөд эргийн Мармарис дахь “Pineapple” хэмээх далайн хоолны зоогийн газарт уулзах болов. М.Сон зоогийн газрыг бүхэлд нь захиалсан учир С.Сигарс, С.Чамберсийг ирэхэд зөөгчдөөс өөр хэн ч тэнд байсангүй. Эл уулзалтын үеэр М.Сон компанийг нь худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд “SoftBank”-ийн бие даасан салбар нэгжийн хувиар ажиллах бөгөөд өөрийгөө “Arm”-ын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, бүх ашгаа судалгаа, хөгжүүлэлтэд зориулахыг нь зөвшөөрнө гэж амлажээ. С.Сигарс, С.Чамберс Кэмбрижэд эргэн ирж, компанийн удирдах зөвлөлд М.Соны саналыг танилцуулав. Ердөө долоо хоногийн дотор худалдан авах үнээ тохиролцож, санхүү, үйл ажиллагааны шинжилгээг хоёр долоо хоногт багтаан гүйцэтгэсэн агаад худалдан авах үйл ажиллагаа нийтдээ 70 гаруй хоног л үргэлжилжээ. “FTSE100-д багтдаг компанийг ийм хугацааны дотор худалдаж авсан нь итгэмээргүй явдал. Ер нь бол ийм үйл явц олон жил үргэлжилдэг. Тиймээс энэ наймааг бараг л гэрлийн хурдаар хийсэн гэхэд болно” гэж “Arm”-ийн оюуны бүтээлийн албаны ерөнхийлөгч Р.Хаас дурсжээ.

2016 оны долдугаар сарын 18-ны даваа гарагийн өглөө М.Сон Их Британийн Сангийн сайд Жорж Осборнтой өглөөний зоог барив. Брекситийн санал асуулга сар гаруйхны өмнө болсон учир тус улсын засгийн газар Их Британийн хамгийн үнэ цэнтэй технологийн компанийг гаднын хөрөнгө оруулагч худалдаж авах гэж буйд болгоомжтой хандаж байв. Ажилтнуудын тоог ирэх таван жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлнэ, төв байрыг Кэмбрижээс нүүлгэхгүй зэрэг олон амлалт М.Сон Их Британийн худалдан авалт хариуцсан тусгай хороонд өгчээ. Мөн өдөртөө “SoftBank” нь “Arm”-ийн нэгж хувьцааг 17 фунт буюу компанийг нийт 24 тэрбум фунтаар худалдан авч буйг зарлалаа. Тус компанид анх ажиллаж байсан, Их Британийн хамгийн нэр нөлөөтэй энтрепренер Херманн Хаусер “энэ бол Британийн технологийн ертөнцийн хувьд хар өдөр” гэж ВВС-д ярьсан аж.

М.Сон үдээс хойш нь Кэмбрижэд ирж, “Arm”-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. “Тэр яг шинэ тоглоомтой болсон хүүхэд шиг баярлаж байсан. Энэ бол амьдралынх нь хамгийн сэтгэл хөдөлгөм өдөр, энэ компанийг 30 жилийн турш ажиглаж ирсэн, та бүхний хийсэн бүхэн намайг гайхашруулдаг гэж Сон хэлсэн” хэмээн Х.Хаусер дурсав.

“Arm” компанийг худалдаж авсан нь Европын түүхэн дэх хамгийн том технологийн наймаа байлаа. Мөн маш олон британи хүн, тэр дундаа бизнесмэн, технологийн салбарынхан “SoftBank”-ийн тухай анх уда сонсов. Өндөр үнийн дүнтэй олон худалдан авалт хийсэн ч Японы эл компанийн талаар Европт мэдэх хүн тун цөөн байсан юм. “SoftBank” нь 2013 онд 22.2 тэрбум доллараар АНУ-ын харилцаа холбооны “Sprint”, 1.5 тэрбум доллараар Финландын тоглоом хөгжүүлэгч компани “Supercell”-ийг худалдаж авснаас гадна хожмын “Vision fund”-ийн эхлэл болсон “SoftBank International” компанийг байгуулсан нь Хятадын “DiDi”, Энэтхэгийн“Ola Cabs”, Индонезийн “Tokopedia” зэрэг олон алдартай стартапуудад хөрөнгө оруулсан байв. “SoftBank”-ийн захирлуудын нэг Д.Тевенон “Хүмүүс SoftBank гэсэн нэрэнд байнга төөрөлддөг юм. Танайх банк уу, үүрэн холбооны оператор компани уу гэж асуудаг. Харин бид өмнөөс нь манайх бол олон улсын хөрөнгийн оруулалтын чиглэлээр олон жил ажиллаж буй компани гэж тайлбарладаг” хэмээн өгүүлэв.

Ийнхүү “SoftBank” олны танил болсны дараа шинэ бэрхшээл гарч ирэв. Цаашид хөрөнгө оруулахын тулд тэдэнд маш их мөнгө шаардлагатай боллоо. Эл асуудлыг шийдвэрлэх үүргийг “Дойч банкинд” ажиллаж байсан Ражийв Мисра хүлээв.

Р.Мисра Энэтхэгийн Шинэ Дели хотод төржээ. 1981 онд тэрбээр Пеннсильванийн их сургуульд элсэж, механик инженер, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцав. Сургуулиа төгсөөд Los Alamos-т хиймэл дагуулын дизайн, Филадельфид программ хангамжийн загварчлалын компаниудад ажиллаж байгаад банкны салбарт ажиллах болсон байна. Тэрбээр М.Сонтой 2002 онд “Дойч банк”-ны зээлийн алба болон шинэ зах зээл хариуцсан албаны захирлаар ажиллаж байхдаа танилцжээ. Тэрбээр “SoftBank”-д мөнгө зээлдүүлж, дараа нь “Vodafone japan”-ийг худалдаж авах адармаатай наймааг хэрэгжүүлэхэд гар бие оролцов. Тэд найман жилийн дараа буюу 2014 онд нэгэн хурим дээр ахин уулзжээ. 2010 онд М.Соны 20 сая долларын хөрөнгө оруулсан “Alibaba” компани тухайн үед хувьцаагаа арилжиж, түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтыг босгоод байлаа. Эл гэнэтийн азтай явдал “SoftBank”-ийг олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа өргөтгөх боломж олгосон бөгөөд Р.Мисраг хамт ажиллахыг М.Сон хүсэв. “Чухам юу хийхээ мэдэхгүй байсан ч надад тун сонирхолтой санагдсан” хэмээн Р.Мисра дурслаа.

“Arm”-ийг худалдаж авахын тулд “Alibaba”, “Supercell” компанид эзэмшдэг хувьцаагаа “SoftBank” багасгасан ч уг наймааны дараа тэдний өр 105 тэрбумд хүрчээ. Тэр үеийн талаар Р.Мисра “Бид ирээдүйн технологи болох хиймэл оюун ухаанд, мөн дэлхий дээр оршин буй бүхий л салбарыг эрс өөрчлөх компаниудад хөрөнгө оруулахыг хүсэж байлаа. Санхүүгийн үйлчилгээ, машин, зочид буудал, оффисын түрээс, орон сууцны зээл гээд бүх салбарт. Бид маш их мөнгө зарцуулдаг учраас үйл ажиллагаа маань хязгаарлагдаж эхэллээ гэж дүгнэсэн. Тийм учраас хөрөнгө босгоё, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болъё гэж шийдсэн” гэж өгүүлсэн юм. М.Сон уг сангаа “The Vision fund” гэж нэрлэхээр тогтов.


Зах зээлийн ихэнх буюу 50-аас 80 хувийг эзэлдэг компаниудыг тус сан голдуу худалдаж авч, асар хурдан өсч томроход нь тусалдаг байв. Сангийнхаа тактикийн талаар М.Сон “хурдан томрох эсвэл үр дүнтэй байхын аль нь чухал вэ? Үр дүнтэй гэдэг нь зардлаа, ашгаа тохируулахыг хэлнэ. Харин бидний бодлоор тухайн компани юун түрүүнд хурдан томрох нь л чухал. Хэрэв нэгэнт томорч чадсан бол бүх зүйлээ тохируулаад явж болно. Дэлхий маш хурдан глобалчлагдаж байгаа учраас та маш хурдан дэлхийн хэмжээний болохгүй л бол өөр хэн нэгэн чамаас өрсчихнө” гэж ярьлаа. Тиймээс тэдэнд маш их хөрөнгө шаардлагатай болов. Анхандаа тэд сангаа 30 тэрбум буюу олон улсын хэмжээнд урьд өмнө нь огт сонсогдоогүй асар их мөнгөөр эхлүүлэхийг хүссэн ч М.Сон 100 тэрбум доллар гэж шийдвэрлэв.

Ийнхүү тэд компанийн түүх, “Arm”, “Sprint”, “Softbank Mobile”, “Alibaba”, “Yahoo!Japan” зэрэг хөрөнгө оруулалтын портфолиог багтаасан танилцуулгаа бэлтгээд хөрөнгө босгох аяндаа гарлаа. 2016 оны есөөс арванхоёрдугаар сарын хооронд тэд олон улсаар зочилж, АНУ-ын компаниуд, Ази болон Ойрх Дорнодын улсуудын тэтгэврийн сан, баялгийн сангуудтай уулзлаа. Тэднийг очсон газар бүрт нь эелдэгээр угтаж авч байсан ч саналыг нь үл итгэсэн байдлаар хүлээж авч байв. Хэдий маш том зорилго боловч зөвхөн нэг сан 100 тэрбум доллар босгох нь бүтэшгүй, бодит бус гэж дийлэнх нь үзэж байсан юм.

Гэвч тэдний саналыг цөөн хүн сонирхсоны нэг нь Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман байлаа. 2017 оны тавдугаар сард 500 хүний бүрэлдэхүүнтэй Саудын Арабын төлөөлөгчид Токиод хүрэлцэн ирэв. Бин Салмантай уулзахаас өмнө М.Сон, Р.Мисра хоёр “Vision fund”-ийн төслөө ханхүүгийн ойрын зөвлөхүүдэд танилцуулжээ. Хэдэн өдрийн дараа Токио хотын төвд орших, дээд хэмжээний зочдыг хүлээж авдаг Гэйхинкан ордонд тэд ханхүүг угтан авав. М.Сон мөн оны сүүлчээр Дэвид Рубенштейний шоунд өгсөн ярилцлагадаа өгүүлсэнээр түүхэн уулзалтын хамгийн чухал хэсэг ийн өрнөсөн аж: “Би танд Масагийн нэрийн өмнөөс нэг их наяд долларын бэлэг өгье” гэж М.Соныг хэлэхэд Бин Салман “ОК, тун сонирхолтой санал байна” гэж хариулжээ. М.Сон түүнд “Би танд яаж ийм бэлэг өгөхөө хэлье. Та миний санд 100 тэрбум долларын хөрөнгө оруул, би харин танд нэг их наяд болгож өгье”.
М.Сон уг уулзалтаас дараагийн таван жилийн хугацаанд 45 тэрбум долларын хөрөнгө оруулах ханхүүгийн амлалтыг аваад гарч ирсэн гэдэг.


"Би танд бэлэг өгье. Та миний санд 100 тэрбумын хөрөнгө оруул, харин би танд нэг их наяд болгож өгье" - М.Сон


Хоёр сар гаруйн дараа эл хоёр эрхэм Саудын Арабт уулзах үед “Apple”, “Qualcomm”, “Foxconn”, “Sharp”, Арабын нэгдсэн эмирт улсын “Mubadala” хөрөнгө оруулалтын сан зэрэг байгууллагууд “Vision fund”-д нийт 20 тэрбум долларын хөрөнгө оруулахаар тохирсон байлаа. “SoftBank” харин өөрийн хөрөнгөөс 28 тэрбум доллар оруулах болов. Ийнхүү гуравдагч талын ийм их хэмжээний мөнгийг удирдаж байгаагүй, албан ёсны зохион байгуулалттай сан байгуулж байгаагүй “SoftBank” түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтын санг эзэмших боллоо. Сангийн СЕО Р.Мисрад ирэх дарамт эрс нэмэгдэв. “Бидэнд итгэсэн бүх компани, хамтрагч болон Саудын Арабын ард түмний өмнө бид хариуцлага хүлээж эхэллээ” хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.

Одоогоор Р.Мисрагийн удирдаж буй “Vision fund” нийт 60 гаруй компанид хувь эзэмшиж буй. Тэдэн дунд АНУ-ын график карт үйлдвэрлэгч Nvidia (7 тэрбум долларын хувьцаа), тоглоом, сургалтад зориулсан том хэмжээний виртуал ертөнцийг үүсгэдэг Их Британийн стартап “Improbable” (502 сая), “Slack” платформ (250 сая) зэрэг топ компани багтдаг. Мөн “SoftBank”-ийн тэргүүлсэн консорциум “Uber”-ийн 8 тэрбумаар хэмжигдэх хувьцааг эзэмшиж буй.
Захирлуудын 11 нэгжээс бүрдсэн багийг Р.Мисра удирддаг. Тэдний долоо нь Цахиурын хөндийд, хоёр нь Японд, хоёр нь Лондонд төвлөрч ажилладаг бөгөөд долоо хоног бүр хөрөнгө оруулах боломжтой олон арван компанийг нямбай судалдаг. Захирал тус бүрийн санал болгосон компаниудыг тэд тогтмол цугларч хамтдаа дүгнэх бөгөөд санал болгосон компаниудыг бие даасан тусгай баг маш нарийн задлан шинжилдэг. Ийм судалгааны ажил заримдаа хэдэн сар ч үргэлжилж магадгүй. Энэ бүх шүүлтүүр, сорилтыг давсан компанийг “SoftBank”-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөхүүдийн хороонд хүргүүлдэг. Хэрэв М.Сон, Р.Мисра тэргүүтэй зөвлөхүүдийн санал нэгдвэл тухайн компанйн захирлуудтай М.Сон нэгбүрчлэн уулздаг байна.


Энэтхэгийн хамгийн том зочид буудлын сүлжээ болох “Oyo rooms”-ийн СЕО Ритеш Агавал М.Сонтой хэрхэн уулзсан талаараа “2017 оны эхээр түүнтэй уулзахдаа компани маань Энэтхэгийн зочид буудлын хамгийн том компани болсон тухай ярьж өгсөн юм. Тухайн үед Хятадад салбараа нээх тохиромжтой цаг биш гэж би үзэж байсан. Харин тэр намайг алгуурлахгүй байхыг, тус улсад очиж маш их ажиллах ёстойг зөвлөсөн юм. Ингээд мөн оныхоо арваннэгдүгээр сард Шенжен хотод бид зочид буудлаа нээсэн. Одоо манайх Хятадын зочид буудлын топ таван сүлжээ компанийн нэг болсон. Түрүүлж сэтгэдэг түүний ур чадвар үнэхээр бахдалтай” гэж өгүүлсэн юм.

“Vision fund”-аас авах хөрөнгө оруулалтын доод хязгаар нь 100 сая доллар бөгөөд ихэнхдээ 500 саяас хэдэн тэрбумын хооронд гэрээ хийгдэж, компанийн 20-40 хувийг эзэмшдэг. “Тэд хөрөнгө оруулах арга барилыг эрс өөрчилсөн. Технологийн компаниуд эдүгээ хэдэн тэрбумаар үнэлэгдэх болжээ. Үүнийг олж харж боломжийг ашигласан анхны компани бол Софтбанк гэж би боддог” хэмээн АНУ-ын барилгын “Katerra” стартапын СЕО Майкл Маркс өгүүлжээ.
Зөвхөн хөрөнгө оруулалт, асар их капитал нь “SoftBank”-ны хүч чадлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй. Тусдаа бус харин бүхлээрээ хүчирхэг болж чадах нэгдмэл мөн харилцан холбоотой компаниуд буюу М.Соны тодорхойлсончлон “тэргүүлэгчдийн нэгдэл”нь, мөн тэдний хамтын ажиллагаанаас үүсэж бий болох үнэ цэн, бизнесийн боломж нь “SoftBank”-ны жинхэнэ хүч чадал юм.


“Vision fund”-аас авах хөрөнгө оруулалтын доод хязгаар нь 100 сая доллар бөгөөд ихэнхдээ 500 саяас хэдэн тэрбумын хооронд гэрээ хийгдэж, компанийн 20-40 хувийг эзэмшдэг.


Энэ сан бол Apple, Qualcomm, Sharp, Alibaba, Sprint (АНУ-ын дөрөв дэх том үүрэн холбооны компани), Yahoo!Japan (АНУ-ын толгой компаниас ялгаатай нь Японы хамгийн алдартай вэбсайт хэвээр байгаа) болон өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түүхэн дэх хоёр дахь том IPO-г гаргасан “SoftBank Mobile”-аас бүрдэх олон улсыг хамарсан аварга том сүлжээ юм. Түүнчлэн “Vision fund” нь Энэтхэг, БНХАУ, Европ дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчдын нэг. Тус сан Мумбай, Сингапур, Рияд, Абу-Даби хотод салбартай. Өөрөөр хэлбэл “Софтбанк” дэлхийн хаа сайгүй бий.

Тэгвэл энэ аварга сүлжээ, аварга том сангийн амин зүрх нь юу болох талаар “Vision fund”-ийн захирлуудын нэг Жеффри Хаусенболд “Бидний бүх хөрөнгө оруулалтаар дамждаг гол зүйл бол дата. Хиймэл оюун ухаан, эсвэл нэгдлийн энэ эрин үед хүн машиныг холбох нь, датаг тэргүүлэх ач холбогдолтой гэж авч үзэх нь зүйтэй юм. Дэлхийг хүн амьдрахад улам таатай, хүмүүсийг улам аз жаргалтай, хүмүүсийн амьдралыг улам баялаг болгож, тэднийг улам сайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахын тулд бид датаг хэрхэн боловсруулж, ашиглах вэ? Шинэ эм нээх эсвэл хүнсний бүтээгдэхүүнийг улам хурдан хүргэхийн тулд дата ашиглаж байна уу гэдэг нь тийм ч чухал бус. Хамгийн гол нь дата манай компани бүрийн хувьд цусны урсгал мэт амин чухал болсон” гэж өгүүлсэн юм.

“Датаг удирддаг хүн дэлхийг хянаж чадна”


Хүмүүсийг гар утсаа ашиглах, такси дуудах, хоол захиалах, зочид буудалд амрах, төлбөр төлөх, эмнэлгийн үйчилгээ авах бүрт “SoftBank”-ийн гэр бүлд багтдаг компаниар дамжиж дата гүйлгээ хийгддэг ирээдүйг бий болгох нь М.Соны хүсэл. Тийм ч учраас М.Сон “Датаг удирддаг хүн дэлхийг хянаж чадна” гэж хэлэх дуртай биз ээ.

Эх сурвалж: Wired сэтгүүл