Технологийн ойлголцол

Mongolian Economy
2020-04-16 17:41:20
Ангилал: Дэд бүтэц

Байгалийн баялаг ихтэй л бол тухайн улс уул уурхайн салбарт өрсөлдөх чадвартай гэж үзэх нь өрөөсгөл. Өрсөлдөх чадварыг тодорхойлдог, хөдөлгөгч хүч болдог зүйл бол инновац. Инновацгүйгээр уул уурхайг ашигтай, бүтээмжтэй ажиллуулах боломжгүй.

Орчин үед уул уурхайн салбарт инновацын хоёр чиг хандлага байна гэж судлаачид үзэж байна. Нэгдүгээрт, тогтвортой хөгжлийн үзэл санааны үүднээс одоо ашиглаж буй технологийг төгөлдөржүүлэх болон байгальд ээлтэй шинэ технологи бий болгоход хөрөнгө оруулалтын багагүй хэсгийг зарцуулж байна. Хоёрдугаарт, хөгжингүй улс орнууд шинэ технологиос уул уурхайн шинэ салбар луу орж байна. Жишээ нь, Хятад тэргүүтэй уул уурхай өндөр хөгжсөн зарим улс алт, мөнгө, зэс, цайр зэргийг далайн гүнд 3700 метрээс олборлох технологийг (Deep sea mining) хэдийнэ туршаад эхэлжээ. Түүнээс гадна шинжлэх ухааны ололтуудыг өөр хооронд нь хоршуулан конвергент технологийг үүсгэн түүнээсээ өртөг багатай цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Тухайлбал, нано, биотехнологийн аргаар бүтээсэн цөөнгүй бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэвтэрсэн.

Харин Монголд эх газрын эрдэс баялаг олборлодог учраас технологийн өөр шийдэл хэрэгтэй. Ийм шийдэл олон бий. Хамгийн дэвшилтэт техникүүд уурхайд хүн ажиллах хэрэгцээг халж байна. Тухайлбал, Komatsu болон Caterpillar компаниуд тодорхой маршрутын дагуу явдаг бүрэн роботжсон карьерын самосвалын төсөл дээр ажиллаж байна. Уул уурхайн ажил автоматжих нь дор хаяж түлшний зарцуулалтыг багасгана. Завсарлагаа, ээлж солигдох үеийн сул зогсолтыг арилгаж зардал хэмнэхээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөржүүлнэ.

Манай улсад Канад, Европ, Японы дэлхийд нэр хүндтэй компаниудын технологи нэвтэрч байна. Гэвч нөгөө талаас, нэг жижиг улсад олон шилдэг технологи цугларвал асуудал тарина.

Нөөц ихтэй ч технологи нь хуучирсан орнуудын Засгийн газар уул уурхайн салбараа шинэчлэхийн тулд сая сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Жишээ нь ОХУ Зөвлөлтийн үеийн техник, технологи, хүний нөөцөө шинэчлэх, хөгжүүлэх, нэг үгээр тоног төхөөрөмжийн хувьд “дахин зэвсэглэх” зорилт тавиад байгаа аж.

Дэвшилтэт, гэхдээ зөв технологи

Тэгвэл Монголын хувьд байдал ямар байна? Бидний хувьд уул уурхайн дэвшилтэт технологи нэвтрэх суваг нь гадаадын хөрөнгө оруулалт. Ийм нэгэн суваг нь яах аргагүй Оюутолгойн төсөл. Саатаад байсан далд уурхайн бүтээн байгуулалт эрчимжээд жил гаруй болоход Монголын уул уурхайд орчин үеийн технологи оруулж ирсэн хэдэн том гэрээ байгуулагдсан. Жишээлбэл, Оюутолгой компани Thyssenkrupp компанийн конвейрын систем, Komatsu-гийн экскаватор, самосвалыг сонгосон. Түүнчлэн “Оутотек Финланд” компанийн технологийг баяжуулах үйлдвэртээ ашиглаж байна. Мөн Монголын “Энержи ресурс” Caterpillar компанийн техникийг үйлдвэртээ нэвтрүүлсэн.

Энгийнээр хэлбэл, ижил төстэй материал бэлддэг ажилчид бие биенээ бүрэн дэмждэггүй өөр өөр үйлдлийн систем ашиглавал ажиллахад төвөгтэй. Тиймээс Монголын хувьд янз бүрийн тоног төхөөрөмжийг угсрахад тохирдог, хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрсөн, эвдэрвэл сэлбэг нь олддог, ажиллуулж мэддэг боловсон хүчинтэй өөрийн гэсэн “Виндовс” хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, технологийн ерөнхий урсгал. Манай улсад ийм урсгал байхгүй гэж уул уурхайн мэргэжилтнүүд үзэж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого /2014/, Технологи дамжуулах хууль /1998/ зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд байгаль, хүний эрүүл мэндэд хоргүй, үр ашигтай, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар тусгасан ч технологийн чухам ямар урсгал байх ёстойг нарийвчлан заагаагүй. Технологийн сонголтоо буруу хийж алдаа гаргасан жишээ бий. Олон жилийн өмнө коксжих болон шахмал түлшний үйлдвэр барьсан ч технологи буруу сонгосноос болж одоо болтол ажиллуулж чадахгүй байна.

Монгол Улсын Засгийн газар уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр олон ажил төлөвлөж буй. Энэ бүхэнд ямар нэгэн технологи сонгож таарна. Ингэхдээ цаашдаа тус бүс нутагт хүнд үйлдвэрийн ямар технологиуд байх ёстой, хоорондоо хэрхэн зохицох талаар нарийн бодолцох хэрэгтэй. Тухайлбал, монголчууд уул уурхай, хүнд болон химийн үйлдвэрийн чиглэлд үндсэн техник, технологио олон улсад өргөн хэрэглэдэгээр нь Канадаас авъя гэж шийдвэл дараагийн төслүүд ч тэр зүгийн технологийг сонгох учиртай юм. Харин зөвхөн Хятадад ашигладаг технологи сонгочихвол тухайн үйлдвэр баталгаатай ажиллаж чадахгүйд хүрнэ.

Технологийн урсгал ойлгомжтой байх нь хөрөнгө оруулагч цаашдын хөрөнгө оруулалтын шийдвэрүүдээ цэгцлэх, зардал хэмнэхэд тустай. Үүний тулд тухайн технологи тухайн улсад нутагшиж амьдрах боломжтой эсэхийг урьдчилан мэдэх нь маш чухал. Ирээдүйн хувь заяа нь мэдэгдэхгүй төсөлд хэн ч хөрөнгө оруулахгүй.

Mongolian Economy