Технологийн салбарт энэ онд анхаарах таван зүйл

1. Майкрософтын ирээдүй.
Apple корпораци iPhone-ыг танилцуулснаас хойш Майкрософт гар утасны зах зээлээ алдсан гэхэд хилсдэхгүй. 2012 он тэдний хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн төлөөх тэмцлээр дүүрэн жил байсан буюу тэд Windows8, Windows RT таблет, Windows Phone 8 зэрэг бүтээлүүдээ танилцуулжээ. Тус компанийн ерөнхийлөгч Стив Балмер “Майкрософт бол сүлжээ болон үйлчилгээний компани” хэмээгээд Dell, Sony зэрэг томоохон компьютер үйлдвэрлэгч компаниудтай өрсөлдөхүйц Surface, Surface Pro хэмээх таблетуудыг танилцуулжээ.

2. Apple өнгөрсөн онд том дэлгэцтэй iPhone, жижиг iPad-аа танилцуулснаар ихээхэн амжилттай ажилласан билээ. Гэхдээ 2013 онд өрсөлдөөнд тэргүүлэгч хэвээр байхын тулд программ хангамжаа сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Apple-ын ерөнхийлөгч Тим Күүк, Стив Жобсоос хойш хоёр iPhone гаргасан бөгөөд хоёулаа алдаатай программ хангамжтай байсан. 4S-ийн хувьд Siri хэмээх хэрэгцээгүй дуу хоолой танигчтай байсан бол iPhone 5 нь алдаатай газрын зурагтай байсан тул Күүк хэрэглэгчдээсээ хүлцэл өчихөд хүрсэн.

Үүнийг ашиглаад Google, iPhone-д зориулсан хэд хэдэн application гаргасан нь нэлээд амжилт олжээ. Күүк Siri болон газрын зурагны ажлыг тэргүүлэн ажиллаж байсан Скот Форстоллыг ажлаас нь чөлөөлжээ. Ирэх онд тус компани хэрхэн ажиллах, алдаагаа засаж чадах эсэхийг харах л үлдлээ.

3. Amazon, Apple Google хоёртой гардан тулаанд орохуу?

Amazon-ийн захирал Жефф Бэзос өнгөрсөн есдүгээр сард шинэ Kindle Fire HD –аа танилцуулахдаа “Зах зээл дэх хамгийн сайн таблет” гэсэн нь Apple, iPad-д илэрхий дайралт болсон билээ. Гэхдээ хэрэглэгчид ном, хөгжим, кинонуудыг цахим хэлбэрээр түлхүү хэрэглэх болсноор Amazon-ын жинхэнэ өрсөлдөгч нь Google болов.

Amazon-ын Kindle Fire нь одоогоор iPad болон Google–тэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрээгүй байгаа ч энэ онд томоохон тэсрэлт хийж чадвал цахим ертөнцөд цахиур хагалах бололцоотой цөөхөн компанийн нэг нь Amazon юм.

4. Facebook өсөн дэвжих үү?

Facebook-ийн хувьд 2013 он бол олон нийтэд нээлттэй ажиллах анхны жил нь. Тийм ч учраас тус компани тогтвортой, итгэл даах чадвартай гэдгээ батлах хэрэгтэй. Энэ амархан даалгавар биш. Тус компанийн мөнгө олох гол арга нь Facebook-т зар сурталчилгаа байрлуулах. Гэтэл ихэнх хэрэглэгч нь гар утаснаасаа холбогдох болсноор тэд зараа хэрхэн тохиромжтой байдлаар, хэрэглэгчдийн эрхэнд халдахгүйгээр байрлуулах нь толгойны өвчин болоод байна. Зукерберг үүнд тохиромжтой шийдэл олно гэж найдаж байна.

5. Google, Samsung-аас Android-ыг буцаан авч чадах уу?

Ухаалаг гар утасны зах зээлээс ашиг олдог хоёрхон компани байдаг нь Apple, Samsung гэж хэлж болно. Өдгөө HTC, Sony, Motorola зэрэг гар утас үйлдвэрлэгчид хэцүү байдалд ороод удаж байна.

Apple компани iPhone-д зориулсан өөрийн гэсэн программ хангамжтай. Харин Samsung-ийн хувьд Google-ийн Android системийг ашигладаг байсан ч хэт давамгай байдлаа ашиглан өөрийн гэсэн Android хувилбарыг хэрэглэхээр төлөвлөж буй. Энэ нь Google-ийн хувьд томоохон цохилт болоод байгаа билээ. Эдгээрийг хэрхэн даван туулах нь ирэх онд Google-ийн чадварыг харуулна.