Тогтвортой хөгжил өөд 20 жил хамтдаа

Ирэх зургадугаар сарын 20-22-нд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулах НҮБ-ын “Тогтвортой хөгжил” сэдэвт дээд хэмжээний уулзалтыг угтаж Манай сэтгүүл өмнөх дугаараасаа эхлэн “Rio-20+Монгол” гэсэн байнгын буланг нээсэн билээ. Энэ удаа бид уг уулзалтад Монгол Улс хэрхэн бэлдэж байгаа болон дэлхийн тогтвортой хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байгаа юу гэдгийг сонирхлоо.

Эхлэл буюу дэлхий дахины тогтвортой хөгжил


Дэлхийн эдийн засгийн үсрэнгүй хөгжил, түүнтэй зэрэгцэн гарч ирсэн техник, технологийн хувьсал хүнд үйлдвэрлэл, хүн амын хязгааргүй хэрэглээнээс үүдэж дэлхийн дулааралтай холбоотой байгаль орчны олон асуудал гарч ирсэн. Тиймээс дэлхий нийтээр байгаль орчин, нийгэм, эдийн засгаа тогтвортойгоор хөгжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Тодорхойлж хэлбэл, тогтвортой хөгжил гэдэг нь байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван асуудлыг нягт хамаарал шүтэлцээтэй авч үзэж байгалийн хишиг, нөөц, баялаг өгөөжийг зүй зохистой ашиглан, өнөө болон хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн төлөө нийгмийг бүтээн байгуулах гэсэн утгыг илэрхийлдэг байна. Үүний эхлэл бол НҮБ-аас 1992 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулсан “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт тогтвортой хөгжлийн дэлхийн чиг хандлага болон нийт үндэстэн бүрийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон явдал юм. Ийнхүү тус хурлаас дэлхий нийтээр 20 жилийн турш дагаж мөрдөж буй “Дэлхий дахины XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан гаргасан аж. Хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн асуудал, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчны асуудал, нийгмийн үндсэн бүлгүүдийн хамгааллыг дээшлүүлэх нь, тогтвортой хөгжлийн тогтолцоог хэрэгжүүлэх арга хэрэгслүүд гэсэн үндсэн дөрвөн бүлгийг улс орнуудад тогтоон өгсөн аж. Үүний дагуу улс орнууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр XXI зууны хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг хүлээн авсан байна. НҮБ-аас “Дэлхий дахины XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол бодит үйл явц бөгөөд тогтвортой хөгжлийн үндэсний стратегийн тулгын чулуу мөн. Тиймээс нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван салбараа уялдуулан удирдаж сурснаар бид уламжлалт арга барилаа орхиж чадна гэж үзжээ.

Рио+20 буюу алдаа оноогоо цэгнэх мөч

1992 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт хуралд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон аж. Тэд улс орныхоо тухайн үеийн нөхцөл байдлыг дэлхий дахины сонорт хүргэн, даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл санаанд нэгдэж буйгаа илэрхийлсэн түүхтэй. Ийнхүү Монгол Улс Рио-гийн байгаль орчны тунхаглалд нэгдэн, 1998 онд тогтвортой хөгжлийн үндэсний стратегийг боловсруулан, Засгийн газраас баталжээ. Өөрөөр хэлбэл, манайх энэ цаг мөчөөс нийгэм, эдийн засгийн голлох салбарууддаа тогтвортой хөгжлийн үзэл санааг тусган ажиллаж ирсэн тухай албаны хүмүүс хэлж байна. Энэ талаар 20 жилийн хугацаанд манай улс тогтвортой хөгжлийн бодлогоо ямар чиглэлд түлхүү хандуулж ирсэн талаар БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын дарга Ц.Банзрагчаас сонирхлоо. Тэрбээр “НҮБ-аас тогтвортой хөгжлийн дөрвөн чиглэлийг тогтоосон байдаг. Үүнд эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц багтаж байгаа юм. Манай улс тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрөө гаргаснаас хойш дээрх салбаруудад уг үзэл санааг түлхүү тусгахыг зорьж ирсэн. Тухайлбал,байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, хэрэглээг эдийн засаг нийгмийн бодлоготой уялдуулах, тухайлбал ногоон өсөлт, экологийн хувьд үр ашигтай байх зарчмыг бодлогодоо тусгасан” хэмээн хариуллаа.
Ийнхүү манай улс 20 жилийн турш хэрэгжүүлсэн Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийнхөө хэрэгжилт, үр дүнг ирэх зургадугаар сард Рио-Де-Жанейро хотноо болох Рио+20 дээд хэмжээний уулзалтын үеэр тайлагнаж, ойрын жилийнхээ тогтвортой хөгжлийн хандлага, чиг баримжаагаа энэ үеэр тогтоож авахаараа ихээхэн ач холбогдолтой гэдгийг холбогдох хүмүүс дурдлаа.

Монгол Улс “Рио+20”-д хэрхэн бэлдэж байна вэ

1992 оноос хойших 20 жилийн хугацаанд Монгол Улс Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрийн дагуу юу хийж бүтээсэн, ямар үр дүнд хүрсэн талаар цаашид юуг анхаарах талаар Ц.Банзрагч дарга “Ирэх гуравдугаар сар гэхэд тайлангаа нэгтгэн дүгнэж, “Рио+20” уулзалтаас өмнө буюу зургадугаар сард эцсийн байдлаар бүрэн гүйцэд хийж дуусгана” гэж онцоллоо.
“Рио+20” уулзалт нь улс орнуудын тогтвортой хөгжлийн чиг баримжааг илүү тодорхой болгох, олон улсын тогтвортой хөгжлийн бодлогын чиг баримжааг гаргахаараа маш өндөр ач холбогдолтой гэдгийг НҮБ-аас онцолсон аж. Тус уулзалтаар нэгдүгээрт, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах хүрээний ногоон эдийн засаг, хоёрдугаарт, тогтвортой хөгжил засаглалыг бэхжүүлэх чиглэлийг голлон анхаарч хэлэлцэх юм байна.
Манай улс Рио+20 уулзалтын бэлтгэл болгож ирэх сарын сүүлчээр улсын хэмжээний тогтвортой хөгжлийн чуулга уулзалтыг зохион байгуулах аж. Энэ үеэр тайлангаа хэлэлцүүлэхийн зэрэгцээ холбогдох хүмүүсийн санал бодлыг сонсох юм байна. Ингэснээр Монгол Улс Рио+20 уулзалтад ямар байр суурьтай оролцож, юуг анхаарах вэ гэдгээ тодорхой болгох гэнэ. Нэг үгээр хэлбэл, Рио+20 уулзалтад манай улс оролцохдоо, тогвортой хөгжлийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын хөрсөнд хэрхэн нутагшуулсан байдалдаа бусад оронтой зэрэгцэж дүн тавиулана гэсэн үг. Түүнчлэн ирэх он жилүүдэд анхаарах төлөв чиглэлээ гаргахаараа ихээхэн ач холбогдолтой юм байна.