Тогтвортой хөгжлийн чиг баримжааг нарийвчлан гаргана

Олон улсын байгаль орчны салбарын 3000 орчим эрдэмтэн, судлаач өнгөрсөн сарын 23-наас 26-нд Лондон хотод “Дарамтад буй дэлхий” сэдэвт дээд хэмжээний чуулганд оролцжээ. Тус хуралд манайхаас Дэлхийн цаг уурын байгууллагыг төлөөлөн НҮБ-д суугаа Суурин төлөөлөгч З.Батжаргал, МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн багш Т.Чулуун нар оролцжээ.

Дэлхийн эрдэмтэд нэг дор цуглаж хуралдсан гол зорилго нь улс орныхоо бодлогод тогтвортой хөгжлийн асуудлыг хэрхэн тусгуулах болон цаашид юуг илүү анхаарах шаардлагатайг хэлэлцэж, гарцыг хайсан байна. Хуралдаанаас Дэлхийн шинжлэх ухааны байгууллагаар дамжуулж арван жилийн хугацаанд тогтвортой хөгжлийн судалгааг хийхээр болсон байна. Ингэхдээ бүс нутаг, улс орнуудад тогтвортой хөгжлийн чиг баримжааг бодлогодоо тусгах боломж, бололцоог нээхээр бүсчилсэн болон улс орон тус бүрээр нарийн судалгаа хийх боломжийг өгөх аж. Хэрэв одоо л арга хэмжээ авахгүй бол эх дэлхий урьдчилан таамаглахын аргагүй хүнд хэцүү байдалд ороход бэлэн байгааг эрдэмтэд сануулжээ. Үүнд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, орчны бохирдол, доройтол бодит аюул болон цэнхэр гаригийн хүн ам, улс үндэстэн бүрт хамаатай асуудал болсон гэдэгт тэд санал нэгдсэн байна. Энэ талаар МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн багш Т.Чулуунаас зарим зүйлийг сонирхлоо. Тэрбээр “Дэлхийн эрдэмтдийн хэлэлцсэнээр хүн төрөлхтөн геологийн шинэ эринд орсон. Тиймээс хүний үйл ажиллагаа дэлхий өөрчлөгдөхөд нөлөөлөх болсон нь хамгийн том аюул. Нөгөө талаас “Дэлхийн аюулгүй” бүс гэсэн ойлголтыг эрдэмтэд гаргасан. Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн хомсдол, азотын өөрчлөлт хурдацтай явагдаж буй байдлыг багтаан үзсэн. Тэгвэл өдгөө хүн төрөлхтөн хэдийнэ дээрх аюулгүй бүсээс гарсан байгаа юм” гэв.

Тиймээс Дэлхийн ирээдүй тогтвортой хөгжлийн 10 жилийн хөтөлбөр нь энэ бүх аюулаас хамгаалах, үр нөлөөг нь багасгах томоохон гарц гэдэгт тэд санал нэгджээ. Манай улсын хувьд ч дэлхийн нийтийн ийм томоохон хөтөлбөрт оролцох завшаан олдож буйг салбарын эрдэмтэн судлаачид баяртай хүлээн авч байсан. Тиймээс эрх баригчид, салбарын эрдэмтэд нэгдэж улс орондоо хэрэгтэй судалгааг хамтран хийж, тогтвортой хөгжлийн чиг баримжааг хөгжлийн тулгуураа болгох шаардлагатайг Т.Чулуун багш уриалсан. Түүний санал болгож буйгаар ногоон сэтгэлгээ, ногоон орчинг бий болгож дэлхийн туршлага болж чадсан Швед, Финлянд зэрэг орноос суралцах боломж бүрэн байгаа аж. Тэгэхээр хамгийн түрүүнд улсынхаа бодлогод тогтвортой хөгжлийн баримжааг аль болох бат, бөх суулгах шаардлага буйг тэрбээр онцолсон. Энгийн жишээ гэвэл говийг хөгжүүлж, ногоон бүсийг бий болгох, бүх их, дээд сургуулиудыг нэг дор төвлөрүүлж оюутны ногоон хотхон байгуулах, үндэсний ногоон парктай болох зэргээс ажлаа эхлэх хэрэгтэйг эрдэмтэн онцолсон. Дэлхийн ирээдүйн 10 жилийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хэрхэн ямар чиглэлээр оролцохоо эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллага, эрх баригчдыг санал бодлыг сонсон, нарийвчлан гаргах юм байна.