Тогтвортой хөгжлийн 20 жилээ дүгнэнэ


Сүүлийн хориодхон жилийн дотор дэлхийн эдийн засгийн үсрэнгүй хөгжил, түүнтэй зэрэгцэн гарч ирсэн техник, технологийн хувьсал, хүнд үйлдвэрлэл, хүн амын хязгааргүй хэрэглээ , үүнийг дагаад гарч ирсэн зохисгүй хэрэглээ, буруу зан үйлийн нөлөөгөөр дэлхийн дулаарал түүнтэй холбоотой олон асуудлууд хүн төрөлхтөний өмнө нүүр тулж ирсэн. Энэ асуудал дээр эрдэмтэн судлаачид дэлхийн улс орны удирдагчид ихээхэн санаа зовж нийгэм, эдийн засаг, байгаль орчноо тогтвортойгоор хөгжүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн билээ. Үүний нэг бол 1992 онд Рио-де Жанейро хотноо болсон “Байгаль орчин, хөгжил” НҮБ-ын бага хурал юм. Энэ хуралд манай улс оролцож, Риогийн байгаль орчны тунхаглалд нэгдэн, 1998 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэсний стратегийг боловсруулан, Засгийн газраас баталсны дагуу хэрэгжүүлж эхэлжээ. Ийнхүү манай улс анх тогтвортой хөгжлийн замд сэтгэл шулуудан орж, шийдвэр гаргах түвшинд арга хэмжээ авч нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл зэрэг голлох салбарууддаа тогтвортой хөгжлийг үзэл санааг тусган ажиллаж ирсэн байна.

Энэ хугацаанд манай улс тогтвортой хөгжлийн чиг баримжаагаа хэр барьж авч явсан болон Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Түмэнжаргалаас тодрууллаа.

- Хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?
-Манай улс эрт дээр үеэс хүн байгалийн хүйн холбоо, шүтэн барилдлага, зохист тэнцвэрийг эрхэмлэж ирсэн уламжлал, зан заншлаа өдөр тутмын амьдрал ахуйдаа хадгалж ирсэн уламжлалтай. Тиймээс тогтвортой хөгжлийн чиг хандлагыг хүмүүс хүлээн авахад илүү дөхөм гэж хэлж болно. Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Багабанди хэлэхдээ, “Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь улс орны амьдралын бүх л салбарыг байгаль орчинтойгоо зохицуулан, уялдуулж хөгжлүүлэх хэрэгцээ шаардлага, бодлого чиглэл, хэрэгжүүлэх ажлын чиглэл, арга замыг цогцоор авч үзсэнээрээ улсын хэмжээний баримт бичиг болсон” гэдгийг онцолж байсан. Өөрөөр хэлбэл дээрх хөгжлийн хөтөлбөр нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны харилцан уялдаатай буюу тогтвортой хөгжлийг эрхэмлэн хөгжихийг бүх шатандаа тодорхой хэмжээгээр анхаарсан гэсэн үг. 1992 оны Рио де Рио-де Жанейро хотноо болсон “Байгаль орчин, хөгжил” дээд хэмжээний уулзалтад манай улс оролцож, тунхаглалд нь нэгдэж, улмаар манай улсын “Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр” гарснаар аймаг, орон нутагт тогтвортой хөгжлийн салбар хороог байгуулж, үндэсний үзүүлэлтийн системтэй болж, үүнтэй холбоотойгоор туршилтын төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн дэлхийн болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн арга хэмжээ, уулзалтад тогтмол оролцож ирсэн. Байгаль орчны яамны зүгээс тогтвортой хөгжлийн чиглэлийн арга хэмжээнүүдийг багагүй авсан. Ялангуяа хууль, эрхзүйн чиглэлд ихээхэн анхаарч энэ чиглэлийн 20 гаруй бодлогын баримт бичиг гарсан.
- Энэ хугацаанд ямар салбаруудад тогтвортой хөгжлийн үзэл санааг түлхүү тусгасан бэ?
- НҮБ-аас тогтвортой хөгжлийн дөрвөн чиглэлийг тогтоосон. Үүнд эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц багтаж байгаа юм. Манай улс тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрөө гаргаснаас дээрх салбаруудад тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгаж, байгаль орчинд ээлтэй технологи ашиглах, байгаль орчноо зөв зохистой ашиглах, олон нийтэд энэ талаар таниулан сурталчилах системтэй, цогц арга хэмжээг нэвтрүүлэхийг зорьж, ажилласан.
Одоо бид 1992 оноос хойш бид Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрийн дагуу юу хийж бүтээсэн, ямар үр дүнд хүрсэн болон алдаа, оноог цаашид анхаарч, арга хэмжээ авахаа бүх шатандаа нарийн дүгнэн гаргана. Ингэхдээ эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц гэсэн дөрвөн чиглэлийн дагуу холбогдох газраас нь нэг нэг хүн томилсон. Эдгээр хүмүүст нийслэлийн болон аймаг сум дүүргийн тамгын газар холбогдох байгууллагууд, агентлаг, яамдууд тогтвортой хөгжлийн чиглэлээр 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн нэгтгэж өгөх юм. Одоогийн байдлаар орон нутгаас 27 тайлан хүлээн авсан. Бид ерөнхийдөө гуравдугаар сар гэхэд тайлангаа нэгтгэн авч дуусч, ирэх Риогийн дээд хэмжээний уулзалтаас өмнө зургадугаар сард эцсийн байдлаар нэгтгэн гаргахаар болсон.
-Ирэх зургадугаар сард болох НҮБ-аас зохион байгуулахаар төлөвлөж байгаа Рио+20 дээд хэмжээний уулзалтад манай улс хэрхэн бэлтгэж байна вэ?
- Энэ уулзалт нь улс орнуудын тогтвортой хөгжлийн чиг баримжаа илүү тодорхой болгох, олон улсын тогтвортой хөгжлийн бодлогын чиг баримжааг гаргахаараа маш өндөр ач холбогдолтой гэдгийг НҮБ-аас онцолсон. Бид хамгийн түрүүнд 1992 оноос хойш 20 жилийн хугацаанд тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрөө хэр амжилттай хэрэгжүүлсэн гэдгээ дүгнэн гаргаж, тайлангаа бэлтгэж байгаа нь нэн тэргүүний чухал бэлтгэл ажил юм. Рио+20 уулзалт нь нэгдүгээрт, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах хүрээний ногоон эдийн засаг, хоёрдугаарт нь тогтвортой хөгжил засаглалыг бэхжүүлэх чиглэлийг голлон анхаарахаар болсон. Тиймээс бид ирэх сарын сүүлчээр улсын хэмжээний тогтвортой хөгжлийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр бид урьдчилсан байдлаар гаргасан хөтөлбөрийн тайлангаа хэлэлцүүлэхийн зэрэгцээ тэдний санал бодлыг сонсож, хүлээн авна. Эцсийн байдлаар гаргасан тайлан дээрээ үндэслэж, Рио+20 уулзалтад ямар байр суурьтай оролцож, юуг анхаарах вэ гэдгээ тодорхой болгох юм. Энэ мэтээр Рио+20 уулзалтын бэлтгэл зохих хэмжээнд явагдаж байна.