Тогтвортой хөгжье

Хүн төрөлхтөн цаг ямагт хөгжилд тэмүүлсээр ирсэн. Эрх мэдэл, эд мөнгийг хөшүүрэг болгон эдийн засгийн хувьд хүчирхэгжиж ирэхийн хэрээр нөгөө талаас байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон. Ногоон хөгжил, ногоон эдийн засгийг түлхүү анхаарч хөгжихийг улс орнууд чиг баримжаагаа болгох болсон билээ. Тэгвэл манай улс ч гэсэн сүүлийн 20 гаруй жилийн дотор энэ чиглэлд анхаарч ирснийг салбарынхан онцолдог. Тэгвэл энэ сарын 14-15-нд Төрийн ордонд “Тогтвортой хөгжил-Байгаль орчны засаглал” үндэсний чуулган, Байгаль орчны ажилтны улсын зөвлөлгөөн болсон. Бүх аймгийн Засаг дарга, БОАЖГ-ын дарга нар, байгаль хамгаалагч, улсын байцаагч зэрэг холбогдох 800 орчим төлөөлөгч уг хуралд оролцсон билээ. “Улс орны цаашдын хөгжлийн тухай асуудал, ялангуяа байгаль хамгаалал, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийн асуудлыг цогцоор нь авч үзсэн тогтвортой хөгжлийн тухай ярих нь эдийн засгийн огцом өсөлтийн үедээ ирээд байгаа Монгол Улсын хувьд нэн чухал, зайлшгүй анхаарал хандуулж ярих ёстой асуудлын нэг болоод байна” хэмээн БОАЖ-ын сайд Л.Гансүх чуулганы нээлтийн үеэр онцолсон.

Улс орны өнцөг булан бүрээс цугларсан байгаль орчны төлөөлөгчид өөрсдийн нутаг оронд тулгамдаж буй байгаль орчны асуудал, түүнээс гарах арга зам, зохицуулалт хэрэгтэй байгаа талаараа санал бодлоо солилцож, Ерөнхий сайдад хүртэл дуу хоолойгоо хүргэсэн. Түүнчлэн хурлын үр дүн буюу гарсан шийдлээ УИХ, Засгийн газар, төрийн албан хаагчид, орон нутгийн өөрөө удирдах ёсны төлөөлөгчид, бүх шатны Засаг дарга, иргэний нийгмийн болон бизнесийн байгууллага, ард иргэдэд хандсан долоон зүйл бүхий уриалгыг гаргасан юм. “Бид та бүхний дуу хоолой, ухаан бодол шингэсэн хурлын үр дүнд гарсан уриалгаа бүх шатанд ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Үүнд хүн бүрийн оролцоо хамгаас чухал” хэмээн энэ үеэр БОАЖ-ын сайд Л.Гансүх тэмдэглэлээ.

Бид тогтвортой хөгжиж чадаж байна уу?

Дэлхийн эдийн засаг, техник технологийн үсрэнгүй хөгжил, хүнд үйлдвэрлэл, хүн амын хязгааргүй хэрэглээнээс үүдэж эх дэлхийтэйгээ бодлогогүй, тооцоогүй харьцаж байсны балаг өдгөө тодрон гарч ирж буй. Ингэхдээ дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, орчны бохирдол, доройтол нь бодит аюул болон цэнхэр гаригийн хүн ам, улс үндэстэн бүрт хамаатай асуудал болжээ. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд байгаль орчны чиглэлээр тодорхой бодлогоо чиглүүлж, төсөл хөтөлбөр, арга хэмжээ авч байгаа ч усны хомсдол, цөлжилт, хөрсний доройтол, агаарын бохирдол зэрэг асуудал байсаар байгааг салбарын сайд Л.Гансүх илтгэлдээ дурдсан юм. Ялангуяа нийслэл болон томоохон хотуудын агаарын бохирдол нэмэгдсэн, эрдэс баялгийн олборлолтын явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хангалтгүй хийгдсэн, ойн нийт сангийн талбай багассан, усны бохирдол зарим газарт ихэссэн зэрэг сөрөг өөрчлөлтүүд гарсаар байгаад салбарын эрдэмтэн судлаачид санаа зовниж буйгаа хурлын үеэр илэрхийлж байсан.Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас өдөөгдсөн цөлжилт нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, ядууралд нөлөөлөхүйц тулгамдсан асуудал болоод байгаа аж.

Уул уурхайд сөрөг нөлөө нь их байна

Энэ үеэр хөдөө, орон нутгийн БОАЖГ-ын дарга, мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчид нь уул уурхайгаас үүдэлтэй хөрсний доройтол, эвдрэл болон тоосжилт, амьсгалын замын өвчлөлт их байгаа, гол горхи татарч, бохирдсоноос цэвэр усны хомсдол үүсч, хүн амын эрүүл мэндэд ч хортой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч байгаа зэрэг тулгарч буй бэрхшээлтэй асуудал бишгүй байгааг ярьж байлаа.

“Манай аймгийн хувьд газрын тос, уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний элэгдэл доройтол, тоосжилтын асуу­дал хүнд байна. “Петро Чайна Дачин Тамсаг” компани олборлосон тосоо Бичигтийн боомт, Баянхошуугаар тээ­вэр­лэж гаргадаг.Тэд сайжруулсан зам тавьсан боловч шаардлага хангахгүй учраас хажуу талаар нь өдөрт дунджаар 60-70 машин явдгаас үүдэж их хэмжээний тоосжилт үүсэж иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөхийн зэрэгцээ малын бэлчээрийг талхалж байна” хэмээн Дорнод аймгийн Матад сумын байгаль хамгаалагч И.Батмөнх ярьсан юм. Мөн үүний нэгэн адил нөхцөл байдал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 10 гаруй км газарт үүсээд буй зовлонг тус сумын байгаль хамгаалагч Т.Соёлмаа ч сануулж байсан.

Түүнчлэн иргэний нийгмийн байгуул­лагууд ч уул уурхай хөгжиж байгаа орон нутагт дэд бүтцийг нь шийдсэний дараа олборлох, тээвэрлэх үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн юм. Төрөөс уул уурхайтай холбоотойгоор ашиглалтын болон хайгуулын лиценз нэмж олгохгүй байх хэрэгтэй гэдэг саналыг цөөнгүй хүн хэлж байсан. Учир нь, одоо байгаа уурхайнуудын нөхөн сэргээлт хангалтгүй байгаа тул экологи, эдийн засгийн үнэлгээг хийж хариуцлага тооцох, уул уурхай орон нутгийн иргэдэд өгөөжөө өгөхөөсөө илүү сөрөг нөлөө үүсгэх нь их байгаа тул орон нутгийн харьяанд шилжүүлэх нь зүйтэй гэж олон хүн хэлж байлаа. Тухайлбал, Говь-Алтай аймгийн хувьд нутаг дэвсгэрийнх нь 60 орчим хувьд нь цөлжилт явагдаж, элсгүй газарт хүртэл элсээр шуурах болсныг аймгийн БОАЖГ-ын дарга Л.Түвд ярьсан. Тус аймгийн 14 сумын 30 гаруй нутаг дэвсгэр “нинжа” нарын гарт өртөж, 1000 орчим га талбай эвдрэлд оржээ. Бичил уурхай эрхлэгчдийн хууль ч хэрэгжихгүй байгаа аж. Тиймээс энэ тал дээр анхаарах нь зүйтэй гэдгийг ч тэрбээр онцлов.

Харин Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга О.Бадарч энэ талаар ярихдаа “Уул уурхайн нөхөн сэргээлтийн хувьд хаалтын төлөвлөлтийн асуудал чухал байна. Нөхөн сэргээлтийг өнөөдөр 30-40 жилийн дараа ямар байх вэ гэж алсыг харсан биш, нүд хуурсан байдлаар хийж байна” хэмээн онцолсон. Уул уурхайтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд байгаль орчин хэрхэн сүйдэж байгаа талаар баримт дурдвал, Өмнөговь аймагт 2005 оноос хойш Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл 250 орчим км газар үндсэндээ сүйдэж, 10 гаруй км-т айл амьдрах нөхцөлгүй болж, тоосжилтод өртөн, газрын хөрс, малын бэлчээр сүйджээ. Уг нь энэ газарт өнгөрсөн жил Ерөнхий сайдын захирамжаар экологи, эдийн засгийн үнэлгээ хийсэн боловч үр дүн нь огт харагдахгүй байгаа тухай ярьж байлаа. Тэгэхээр энэ асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэдгийг сум орон нутгийн төлөөллүүд хатуу шүүмжилсэн юм. Байгаль орчны экологи, эдийн засгийн үнэлгээг ном журмын дагуу хийж эхэлсэн тохиолдолд ихээхэн хэмжээний хохирол гарах нь тодорхой. Тиймээс энд эрх ашгийн томоохон сонирхол байгаа болохоор энэ тухай хууль нь батлагдаж, дорвитой арга хэмжээ авагдахгүй байх талтай” хэмээн О.Бадарч хатуухан хэлж байсан.

Хөгжлийн үндэс нь байгаль орчин

Ийнхүү уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор байгаль орчин сүйдэж, тоосжилтоос үүдэлтэйгээр эрүүл мэндэд халтай байдал газар аваад байгаад олон хүн бухимдаж буйг байгаль хамгаалагчид, сум, орон нутгийн холбогдох албан тушаалтнууд хатуухан хэлж, дорвитой хариу авахыг хүслээ. Ямар ч атугай улс орон тогтвортой хөгжихөд байгаль орчны асуудал нэн тэргүүнд орно гэдэгтэй төрийн тэргүүнээсээ эхлээд салбарын бодлого барьж, чиглүүлж буй болон хэрэгжүүлж буй хүмүүс эрдэмтэн, судлаачид дуу нэгтэйгээр зөвшөөрч, сэтгэл шулуудан ажиллахаар болов. Уг хурлаас УИХ, Засгийн газар, иргэний нийгмийн болон бизнесийн байгууллага, ард иргэдэд зориулсан уриалга гаргасан юм. Уриалгад хурлаас гарсан шийдвэрээ шат шатандаа хэрэгжүүлж, мөрдөх нь чухал гэдгийг онцолсон. Түүнчлэн “Бид эх дэлхийгээ хойч үедээ өвлүүлэх биш тэднээс зээлж авсан” гэдгээ санах хэрэгтэй гэсэн мэргэн үг бий. Тиймээс цэнгэг сайхан устай, анхилам цэцэгс алаг­ласан, цээж дүүрэн амьсгалах цэвэр агаартай эрүүл ирээдүйг үр хойчдоо бэлэглэх үү, элсээр шуурсан, мод бут нь хатаж гандсан, ангаж цангасан гашуун ирээдүйг бэлэглэх үү гэдэг нэг талаараа иргэн хүн бүрийн гарт байгааг сануулъя.