​Томоор сэтгэ буюу Энэтхэг дэх “Google”-ийн адал явдал

Сэтгүүлч Вивьен Волт Энэтхэг улсад Google компанийн бизнес хэрхэн явагдаж буй талаар Fortune сэтгүүлийн 2019 оны гуравдугаар сарын дугаарт бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Энэтхэг хэмээх том боловч сорилтоор дүүрэн зах зээлд Цахиурын хөндийн аварга компани Google ашгийг бус тэвчээрийг илүүд үзэж байна. Энэ улсаас тэдний олж мэдсэн бүхэн дэлхийн бусад компанийн хувьд асар чухал хичээл болох юм.


Youtube-ийн супер одтой уулзахаар Шинэ Делигийн дагуул хот Нойдад ирэхэд орой болж байлаа. Гэвч Youtube-ийн алдартнаас тэс өөр дүр төрхтэй хүн намайг угтав. Эдүгээ 60 настай Ниша Мадхулика үндэсний өмсгөл, сандал гутал өмсөж, үсээ ардаа боожээ. Тэрбээр намайг зочны өрөөнийхөө түшлэгтэй сандалд урьсны дараа гэрийн боорцогоор дайлав.
Энэтхэгт одоо өрнөж буй шилжилтийн үеийг бодолцож үзвэл түүнийг өдий насандаа интернэтийн од болж, Youtube суваг нь 6.5 сая дагагчтай, сар бүр 200 мянган хүн шинээр нэгдэж байгаад гайхах хэрэггүй юм. Сүүлийн хоёр жилд хэдэн зуун сая энэтхэг хүн интернэтэд холбогджээ. Энэ нь энэтхэгчүүдийг интернэтэд холбох, дата болон ухаалаг гар утасны үнийг эрс бууруулахад чиглэсэн тус улсын засгийн газрын эрчтэй бодлогын үр дүн. Эдүгээ 390 сая энэтхэг интернэтийн байнгын хэрэглэгч болсныг сүүлийн үеийн судалгаа харуулав. Өөрөөр хэлбэл, тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо нь АНУ-ын хүн амаас ч их юм.

Олон жилийн өмнө АНУ, Европ дараа нь Хятадад интернэтийн ийм хувьсгал болж байлаа. Гэхдээ тухайн үед уг процесс нь модем, wi-fi, шилэн кабель зэргээр дамжин аажмаар явагдсан бол Энэтхэгт тэс өөр. Олон зуун сая хүн интернэтийн эхний шатыг алгасаж, компьютер огт мэдэхгүй хүмүүс интернэттэй шууд нүүр тулав. 2017 оноос хойш энэтхэгчүүдийн татаж авсан апп-ын тоо америкчуудынхаас илүү гарсан агаад өнгөрсөн жил Энэтхэг мобайл дата хамгийн их ашигласан улс болсон. Мөн Google-ийн эзэмшдэг Youtube суваг 245 сая энэтхэг хэрэглэгчтэй. “Дэлхийн өөр улсад бид ийм үзэгдэл огт ажиглаж байгаагүй. Энэ нь магадгүй дэлхийн анхны видео голлосон дижитал эдийн засаг байх” гэж Google-ийн Энэтхэг, зүүн өмнөд Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Ражан Анандан ярив.

Олон улсын зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийг чармайж буй Барууны олон компанийг Энэтхэгийн дижитал хувьсгал соронз мэт татах болжээ. Гэхдээ Энэтхэгийн зах зээлд ажиллах нь ямар бэрхшээлтэй болохыг, ямар бага орлого авч ирэхийг хамгийн сайн мэдэх ганц компани бол Google. Зар сурталчилгаа нь ашгийн бараг 80 хувийг бүрдүүлдэг болохоор илүү олон шинэ хэрэглэгчтэй болох нь тус компанид нэн чухал юм. АНУ, Европын томоохон компаниуд Хятадын зах зээлд ажиллах бараг боломжгүй болсон учир хэдэн зуун сая хэрэглэгчтэй Энэтхэг тэдний хувьд том боломж юм. Гэвч 100 тэрбум гаруй ам.долларын бэлэн мөнгөтэй Google компанийн хувьд Энэтхэг дэх бизнесээсээ ашиг хүртэхэд олон арван жил шаардлагатай гэж Сан Франциско дахь Jefferies хөрөнгө оруулалтын банкны шинжээч Брент Тилл үзэж буй. Түүний өгүүлснээр Энэтхэг бол “Дэлхийн хамгийн олон хүн амтай улсын нэг боловч иргэдийнх нь орлого бусад улстай харьцуулахад тун бага учир маш том сорилт” болох ажээ.

Google нь Энэтхэг улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээ хэлэхээс татгалзсан юм. “Мэдээж маш их. Хүмүүсийг онлайнд холбохын тулд бид ахиад 10-15 жил зарцуулах шаардлагатай” гэж Р.Анандан өгүүлсэн. Тэд ийн тус улс дахь бизнесийнхээ хэмжээг нууцалсан ч шинжээч нар жил тутмын орлогыг нь 1.3 тэрбум ам.доллар гэж таамаглаж байна. Энэ нь 2018 онд Google-ийн олсон 136 тэрбумын орлоготой харьцуулвал далайд дусал төдий юм.
Энэтхэг дэх Google-ийн үйл ажиллагааны нөлөө зөвхөн тус улсад төдийгүй 7000 милийн алсад, Калифорни мужийн Mountain View дэх төв байранд нь ч мэдрэгдэнэ. Ядуурал, бичиг үсэг үл мэдэх явдал, үнэтэй боловч удаан интернэт зэрэг олон бэрхшээлтэй хөгжиж буй улсуудад хөл тавихад нь Энэтхэг улс Google-ийн хувьд үлгэр загвар болж буй. Тэдгээр улсын тоонд 260 сая хүн амтай, дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай Индонез, 2050 онд хүн амын тоогоор АНУ-ыг гүйцэж түрүүлэх Нигери орно. Шинэ зах зээлүүдэд төвлөрөх зорилгоор 2015 онд Google-ийн байгуулсан “Дараагийн тэрбум хэрэглэгч” багийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан захирал Ж.Вудвард энэ талаар “Бид бүтээгдэхүүнийг бүр эхнээс нь төлөвлөдөг. Эндхийн бус харин Мумбайн хэрэглэгчид зориулсан ямар бүтээгдэхүүн байж болох вэ гэх мэтчилэн” гэлээ. Магадгүй энэ асуултын хариулт олдох цагийг Google-ийн одоогийн захирлууд үзэхгүй ч байж мэднэ. Гэхдээ интернэтгүй олон сая хүнд уг үйлчилгээг хүргэх аргыг олж чадсан компани ямар сайн үйл бүтээж мөн хэр их мөнгө хийж болохыг тэд сайн мэднэ. “Гэхдээ интернэтэд олон хүнийг холбохын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдэгт асуудал оршино. Юу хийх хэрэгтэй талаар Энэтхэг бидэнд ихийг хэлж өгөх нь тодорхой” хэмээн Р.Анандан өгүүлэв.

Энэтхэг улсад интернэт болон гар утас хэрэглэгчдийн нөөц боломж асар их буйг дээрх үзүүлэлт харуулж байна.

Бангалор хотод судалгаа, хөгжүүлэлтийн төвөө нээснээр Google 2004 онд анх Энэтхэгт хөл тавьжээ. Харин одоо томоор хөдлөх төгс цаг ирээд буй. Учир нь Ерөнхий сайд Н.Моди дижитал хувьсгалыг Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилго болгосон. Тэрбээр 2014 оны сонгуулийн үеэр бүх иргэнээ интернэтэд холбох зорилгоо танилцуулж байлаа. Гэхдээ Энэтхэгийн дижитал бодлого нь заримдаа захиргаадалтын хэв шинжтэй, ядуу иргэдэд үнэтэй туссан тал бий. Тус улсын эдийн засаг нь бэлэн мөнгө зонхилсон, иргэдийн дийлэнх татвар төлдөггүй, сар бүр сая хүн хөдөлмөрийн зах зээлд хөл тавьдаг, хүн амын ихэнх нь хөгжих боломжоор маруухан хөдөө нутагт амьдардаг гэх мэт олон онцлогтой. “Хэрэв манай улс эдийн засгаа жил бүр ес эсвэл 10 хувиар нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол бидэнд биет гэхээсээ дижитал дэд бүтэц илүү чухал. Хэрэв бид банк, сургууль барьж, банкны удирдлага хөлслөх зэргээр ажиллавал 100 жил ч хүрэлцэхгүй. Хятад улс хүн амынхаа ихэнх хувийг ядуурлаас гаргахын тулд бараг 30 жил зарцуулсан. Америкт харин 100 жил шаардагдсан. Тиймээс энэ хугацааг дөтлөхийн тулд ойрын 15 жилд бидэнд дижитал хувьсгал л хэрэгтэй” гэж Энэтхэгийг шинэчлэх үндэсний институтийн гүйцэтгэх захирал А.Кант хэллээ.
Хэрэв Энэтхэгийн хамгийн том конгломерат Reliance Industries зоригтой шийдвэр гаргаагүй бол тэрхүү дөтлөх зам нь асар урт байхсан биз ээ. Газрын тос, дэд бүтцийн салбарт ажилладаг тус компани 2011 онд туршлага огт байхгүй боловч олон өрсөлдөгчтэй интернэт кабелийн сүлжээний бизнест хөл тавьжээ. Тухайн үед ердөө 28 сая энэтхэг хүн ухаалаг утастай байлаа. Тэд тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж аваад өрсөлдөгчдөө мөнгөөр зодож өрсөлдөөнөөс гаргав. Reliance Industries нь зөвхөн том хотуудад л байдаг өндөр хурдны интернэтийг Энэтхэг даяар түгээх том зорилго өмнөө тавьсан бөгөөд өдөр бүр 700 ширхэг цамхаг босгосоор нийт 220 мянгад хүргэжээ. Тэдний энэ төсөл нь 30 ам.тэрбум долларын үнэтэй “боссон” юм.


2016 оны есдүгээр сард тэд эхний зургаан сард мобайл дата нь үнэгүй Reliance Jio интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгов. Энэтхэгчүүдэд чухам хэрэгтэй үйлчилгээ энэ байлаа. Тус үйлчилгээ эхний зургаан сардаа 100 сая, харин өнгөрсөн онд хоёр жилийнхээ ойгооор 250 сая үйлчлэгчтэй болсон. Улмаар 2016 онд интернэтийн нэг гигабайт нь 4.50 долларын үнэтэй байсан бол эдүгээ 15 цент болж буурчээ. Дэд бүтэц, хямд үнээр бусад компанийг дампууруулсан Reliance Jio нь улсынхаа гар утас, интернэт үйлчилгээний хамгийн том тоглогчдийн нэг боллоо. Эдүгээ тус компани 20 ам.долларын үнэтэй ухаалаг гар утас худалдаалж буй.

Ийнхүү Reliance-ийн ачаар дижитал эринд хомоол хамагч байсан Энэтхэг улс интернэт хэрэглээний хамгийн том тэсрэлт хийсэн улс болж чадав. Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Fortune сэтгүүл Reliance Jio-г жил тутмын Change the World жагсаалтынхаа эхний байрт оруулсан юм. “Бид тэгш бус байдал, хэлний ялгаа, орон зайн ялгааг үндсээр нь бут цохиж чадсанаараа бахархдаг” хэмээн Reliance Jio-ийн захриал М.Ооммэн хэлсэн.

Reliance Jio-ийн сүлжээ, Н.Модигийн бодлого нь Google-ийн хувьд алтны уурхай мэт олз байлаа. Jio-ийн сүлжээ ашиглалтад орсны дараахан буюу 2017 онд Google нь дижитал төлбөрийн анхны Tez аппликэйшнээ танилцууллаа. Өнгөрсөн жил тэд уг апп-аа Google Pay гэж нэрийг нь өөрчилсөн бөгөөд эдүгээ 29 улсад 40 сая хэрэглэгч идэвхтэй ашигладаг. Гэхдээ тэд хурд муутай интернэт, нутгийн аялгаар ярьдаг шинэ хэрэглэгч, бичиг үсэг үл мэдэгч олонтой Энэтхэгт зориулж эл апп-аа ихээхэн өөрчилсөн юм. Мөн 2005 оноос АНУ-ын зах зээлд гарсан Google Maps-аа ч өөрчлөв. Тус апп Энэтхэгт тохиромж муутай нь анхнаасаа тодорхой байв. Энэтхэгийн олон мянган зам, гудамж нь албан ёсны нэргүй, нэр байлаа ч иргэд түүнийг нь мэддэггүй аж. Тиймээс Google газрын зургаа энэтхэгчүүдэд тохируулан шинэчилсэн юм. Жишээ нь, Шинэ Делид та уг апп-ийг ашиглавал “Эхний баганаар зүүн эргэ, эмнэлгээр баруун тийшээ, тэгээд сургуулийн хажуугаар ахин баруун эргэ” гэж зам заах болно. Түүнчлэн Энэтхэгт явж буй тээврийн хэрэгслээс шалтгаалж зам заах арга нь ч өөр учир Google-ийн инженерүүд машины газрын зурагт таарахгүй, зөвхөн гурван дугуйт хэрэглэгчдэд зориулсан Maps-ийн хувилбар бүтээжээ.

Мөн байнга тасалддаг, удаан интернэтийн аюулаас олон сая энэтхэгчүүдийг “аврахын” тулд оффлайн горимд ажилладаг Google Мaps-ийг шинээр хийв. Эдүгээ уг апп-ийг дэлхийн аль ч улсад офф-лайн горимд ашиглаж болно. Түүнчлэн Google нь Энэтхэгийн хэрэглэгчдэд зориулж, Youtube-ийг интернэтгүй орчинд ашиглах боломжтой болгож өөрчилсөн бөгөөд эдүгээ 80 улсад хэрэглэх боломжтой болжээ.

Энэтхэгт Google Мaps маш их хэрэглэгддэгийн өөр нэг нууц бол нийт 50 хэлний арваар нь тус апп зам зааж чаддагт оршино. Мөн Google Search зэрэг апп нь ч ялгаагүй. Үүний тулд Цахиурын хөндий дэх Google-ийн инженерүүд компьютерийн гарыг дахин шинээр бүтээх шаардлагатай болжээ. “Энэ олон аялгууг өмнө нь хэзээ ч гар утас, компьютерт буулгаж байгаагүй. Тэдгээр хэлний мэдээллийн сан ч байсангүй” гэж Google-ийн Калифорни дахь Авианы технологийн албаны Даан ван Эш тайлбарлав. Ингээд Google ажилтнуудаа Энэтхэгийн зах хязгаарууд руу илгээж, хэл тус бүрээр 120 мянга орчим үг хэллэг буулгаж ирэхийг даалгажээ. Дараа нь тэдгээр бичлэгээ машин сургалтын технологи ашиглаж алгоритм болгосноор авиаг бичиг болгож хувиргасан байна. Даан ван Эш энэ талаар “2017 онд би Энэтхэгт очоод тус улсын зүүн хойд хэсгийнхэн голчлон ярьдаг манипури хэлээр бичдэг компьютерийн гараа танилцуулсан. Хүмүүс намайг тэврээд “Ашгүй миний хэл онлайн боллоо” гэж баярласан” хэмээлээ.

Энэ мэт олон шинэ шийдэл, бүтээгдэхүүн танилцуулсан ч Google нь Энэтхэг дэх ажиллагаагаа ашигтай болгохын тулд олон жил хүлээх шаардлагатай. Тус улсад хэдий интернэт хэрэглэгчдийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа ч ашиг хүртэж эхлэхийн тулд Энэтхэгийн дундаж давхарга ихээхэн нэмэгдэх ёстой юм. “Ямар ч компанийн хувьд ирээдүйн тэрбум худалдан авагчийг нь төлөөлж байгаа улс бол Энэтхэг. Гэхдээ Энэтхэгээс байнга, үлэмж хэмжээний орлого олох боломж одоохондоо бага. Компаниуд 10 бус 20, 30 жилийн дараахыг харж байгаа” гэж Шинэ Дели дэх технологийн портал MediaNama-г үүсгэн байгуулагч Н.Пахва өгүүлэв.

Google тус улсад нэг рупигийн ашиг олохгүй ч байж магад. Гэхдээ Энэтхэгийн Тотлаваллуру хэмээх хөдөөгийн тосгон шиг газруудад интернэт хүмүүсийн амьдралыг, цаашдаа Энэтхэг улсыг эрс өөрчилж байна. Нэгэн өглөө би Тотлавуллуру тосгоноос хэдэн милийн зайд орших чихрийн нишингийн талбайн хажуугаар явж байгаад 13 настай Аша Сийлам, 15 настай Солэ Вухатай таарав. Охид сургууль руугаа явж байгаа нь энэ.

Сар орчмын өмнө тосгон нь интернэтэд холбогдож, Ашагийнх анхны ухаалаг гар утсаа худалдаж авчээ. Англи хэл сайн мэдэх Аша WhatsApp-аар найзуудтайгаа ярилцдаг төдийгүй зөвхөн телугу хэл мэддэг эцэг, эхдээ онлайнаар “аялахад” нь тусалдаг болжээ. Ашагийн ээж Сийлам Венкатесварамма тосгоныхоо сургуульд багшилдаг бөгөөд Google Maps ашиглаж, Хиндү шашны мөргөлийн газруудыг үздэг. Мөн Youtube-ээр энэтхэг киног телугу хэлээрээ үзсэн нь түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэнэ.

Ашагийн аав, ээж хоёр жилдээ 800 ам.долларын орлого олдог бөгөөд Google-ийн хувьд тэд эдийн засгийн хувьд ашиггүйд тооцогдоно. Одоохондоо, цаашдаа ч олон жилийн турш тэд үнэгүй вэб сайтаар зочилж, интернэтээр худалдан авалт хийхгүй байж мэднэ. Гэвч Google болон технологийн бусад компанийн хувьд тун онцгой, асар их нөлөөтэй үйл явдлын хөдөлгөгч хүч болж, олон сая хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаа нь л чухал билээ.