Тоон системтд шилжихэд иргэдийн идэвх чухал

Манай улсын айл өрх бүр зурагтаа 2014 оны шинэ жил гэхэд сольчихсон байх аж. Яагаад заавал бүх айл зурагтаа солих шаардлагатай гэж Та гайхаж магадгүй. Гэхдээ Та зурагтаа солихгүй бол энэ сарын 22-23 хооронд болсон “Тоон өргөн нэвтрүүлэг” хэлэлцүүлэг үр дүнгүй болж бид дэлхий нийтийн бас нэгэн хөгжлөөс хоцрох юм.

Олон улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үйл явц аль 2005 оноос эхэлж, өдгөө дуусах шатандаа явж байна. Харин хөгжлөөр тааруу Африкийн орнууд энэхүү шилжилтийг аажмаар хийж, 2017 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж. Харин манай улс одооноос уг асуудалд анхаарал хандуулж эхлээд байна. Монгол Улсын зөвлөх инженер Д.Оюунгэрэл хэлэхдээ “Манай улс өнөөдөр аналоги буюу шууд эфирээс хамааралтай өргөн нэвтрүүлэг цацдаг. Энэ нь маш олон сул талтай учраа өөртөө агуулдаг учраас өнөөдөр дэлхий нийтийн хэрэглээнээс хэдийнэ шахагдаж эхлээд байгаа юм. Харин бидний яриад буй тоон систем нь хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, манай улсын бүх телевиз, радиогийн газрууд тоног төхөөрөмжөө шинэчилж тоон системд шилжээд мөн айл өрхүүд зурагтаа сольчих юм бол бид цахилгааны хэрэглээг 50 орчим хувиар хэмнэж чадна. Энэ нь эргээд байгаль экологид ээлтэй үйл ажиллагаа явуулах бололцоог бий болгоно. Түүнчлэн үзэгчид дуу дүрсний өндөр чанар бүхий өргөн нэвтрүүлэг хүлээн авах боломжтой болох юм. Хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй учир нэвтрүүлэг цацах явц харьцангуй хялбар байдаг гээд тоочоод байвал нарийн зүйлс олон бий” гэсэн юм.

Өнөөдөр өндөр хөгжилтэй ихэнх орон тоон системд шилжсэн учраас өөр өөрийн гэсэн арга туршлагатай. Тиймээс энэ удаагийн “Харилцаа холбооны зохицуулах хороо”/ХХЗХ/-ноос зохион байгуулж буй “Тоон өргөн нэвтрүүлэг” зөвлөлгөөний үеэр Япон, БНСУ, ХБНГУ, Швейцарь, Тайвань зэрэг орны технологийн мэргэжилтнүүд арга туршлагаасаа хуваалцсан юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр улс орнууд тоон системд шилжихийн тулд гурван гол үе шаттайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байна. Нэгдүгээрт, энэ төрлийн системийг нэн түрүүнд их, бага хэмжээгээр нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, аналоги системийг унтраах бэлтгэл ажлыг базаах. Гуравдугаарт, аналоги системийг унтраах ёстой аж. Эдгээрээс гадна хамгийн чухал асуудал нь хэрэглэгчдийн сэтгэлгээг өөрчлөх явдал гэдгийг онцолж байлаа.

ХХЗХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн А.Лувсан-Очир “Бидний зохион байгуулж буй уг зөвлөлгөөнд 80 гаруй байгууллага, 130 гаруй төлөөлөгч оролцож, санал бодлоо солилцож байна. Бид хэд хэдэн зүйл дээр санал нэгтэй байгаа нь энэ зөвлөлгөөнөөс харагдлаа. Тухайлбал, иргэдийн үзэл бодлыг өөрчлөх, тоон системийн ойлголтыг сайжруулах арга хэмжээ авах нь нэн чухал гэдэгтэй санал нэг байна. Мөн Засгийн газрын оролцоо зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хэрвээ гурван тал санаа нэгтэй ажиллавал төлөвлөсөн хугацаандаа буюу 2014 он гэхэд тоон системд шилжихэд хялбар байх болно. Өртөгийн хувьд энэ төрлийн зурагт ойролцоогоор 40-100 ам.долларын үнэтэй байдаг. Сүүлийн үед хэрэглээнд нэвтэрсэн хавтгай дэлгэцтэй зурагт нь аналоги болон тоон системийн аль алиныг нь хүлээн авах нэмэлт төхөөрөмч суурилагдсан байгаа учир хэрэглэгчид одооноос худалдан авалт хийхдээ анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна” гэлээ. Мөн тус технологи нь интернэт, кабель зэрэг олон үйлдлийг нэг дор багтаасан, мөн зурагтын сувгаар худалдан авалт хийх гээд олон талын боломжийг үзэгчдэд бий болгох юм байна.

Мэдээ мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед хүн төрөлхтөн хялбар, хямд аргаар хэрэглээгээ хангаж, хөдөлмөрөө хөнгөвчлөх аргыг хайсаар, бүтээсээр байгаа билээ. Үүний нэгэн илрэл нь тоон аргаар өргөн нэвтрүүлэг цацах аж.