ТОП 20-ын хурд саараагүй ч...

Нүүрс олборлогч компаниудын хувьцаа өсөж, Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индекс өндийжээ.

Жилд дунджаар 3.3 сая тонн эрчим хүчний нүүрс олборлодог “Шарын гол” компанийн хувьцаа таван хувиар өссөний дараа дахин өчигдөр 4.76 хувиар нэгжийн үнэ 4400 төгрөгөөр нэмэгджээ. Тус компанийн хувьцаа нийт 8485 төгрөгөөр арилжааны хаалтаа хийснийг “BDSec” брокер дилерийн компани цахим хуудастаа мэдээллээ. Мөн “Материал импекс” компанийн хувьцаа 10 хувиар огцом өсч 11000 төгрөг болжээ.

Гэсэн ч ерөнхий арилжааны хэмжээ буураад байгаа аж. Учир нь гадаад талаас авах захиалга давамгайлж байгаа ч дотоод талаас зарах хүсэлт нэлээд ирж буйг брокер дилерүүд хэлж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 9-ны байдлаар Монголын хөрөнгийн биржийн жишиг индексийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг “Тавантолгой” компанийн хувьцаа дөрвөн хувиар унаж, ТОП 20 индексийн үзүүлэлтийг нэг хувиар доош татаад байсан билээ.

Харин инфляци буурч нэг оронтой тооруу орсон талаарх болон Оюутолгойн үйлдвэрлэл энэ зун эхэлнэ гэх “Рио Тинто” компанийн мэдээлэл цацагдсан даруй хөрөнгийн биржийн ТОП 20 индекс 66.42 нэгжээр нэмэгдэж, ойрын дөрвөн жилд байгаагүй өсөлт үзүүлсэн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьцаа чамгүй амжилттай арилжаалагдаж, ТОП20 индексийг ялимгүй дээш татжээ.