“Туул сонгино усны нөөцийн цогцолбор” барина

Монгол Улс анх удаа хаягдал ус цэвэршүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэх гэж байна. Уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төслийн концессын гэрээг “Морьтимпекс” ХХК-тай байгуулахыг Засгийн газрын 403 дугаар тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрчээ. Энэ дагуу гэрээг хоёр тал үзэглэлээ.
Төслийн хүрээнд концесс эзэмшигч “Морьтимпекс” ХХК нь үндсэн хоёр байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах ёстой. Тухайлбал, нийслэлийн төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир усыг гүн цэвэршүүлэх 200 мянган м3 хүчин чадал үйлдвэр барих. Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нийслэлийн хэмжээн дэх бохир усны дөнгөж 30 хувийг цэвэршүүлж байгаа аж. Харин уг үйлдвэр ашиглалтад орсноор хаягдал усыг 90 хүртэл хувиар цэвэршүүлэх боломж бүрдэх юм. Улмаар цэвэршүүлэх байгууламжаас гарах усаар Төвийн эрчим хүчний системийн ачаалал тохируулах 100 МВт хүчин чадал бүхий “Усан цэнэгт цахилгаан станц” барих аж. Станц шөнийн буюу ачаалал багатай үе буюу 22-06 цагийн хооронд цэвэршүүлсэн усыг уулын оройд байгуулах дээд усан сандаа насосоор шахаж бэлтгэх гэнэ. Бэлтгэсэн усаа оргил ачааллын үе болох 16-22 цагийн хооронд доод усан сан руу буулгах бөгөөд энэ замд нь сэнс эргүүлж, цахилгаан үйлдвэрлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх аж.
Гэрээг үзэглэсний дараах есөн сарын хугацаанд концесс эзэмшигч нь төслийн эхний ээлжийн санхүүжилтийг Монгол Улсын аль нэг арилжааны банкинд байршуулах гэнэ. Мөн нарийвчилсан ТЭЗҮ, урьдчилсан зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулснаар концессын гэрээ хүчин төгөлдөр болох юм байна.
Концессын барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулсан тус гэрээний хугацаа 23 жил байх аж. Концесс эзэмшигч эхний гурван онд барилгын ажлыг дуусган, үлдсэн 20 жилд концессын зүйлийг өмчлөн ашиглана. Төрөөс ямар нэгэн төсвийн дэмжлэг, баталгаа гаргахгүй, үйлдвэрлэсэн цахилгааныг нь худалдаж авах үүрэгтэй оролцож буй аж.