"Тухайн ордын анхны үнэлэмжийг тогтоох ёстой"

УИХ-ын намрын ээлжит чуулганаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг, Алтны худалдааг ил тод болгох тухай, Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах байв. Чуулган сар хүрэхгүй хугацааны дараа завсарлах ч эдгээр хуулийн төсөл, бодлогын баримт бичиг батлагдалгүй дуншсаар байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Алтны худалдааг ил тод болгох тухай хууль намрын чуулганы эхэнд гишүүдээс дэмжлэг авалгүй “унасан”. Уул уурхайн яам Ашигт малтмалын тухай хуульд багтах ёстой хэмээн үзэж, нэрийг нь өөрчлөн дахин зүтгүүлээд байгаа. Харин эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого УИХ-ын хаврын чуулганаас эхлэн он дамжин хэлэлцэгдсэн ч батлагдахын даваан дээр гацчихав. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-ын чуулганаар батлахаар эцсийн хэлэлцүүлэг хийж байхад танай эвслийн бүлэг завсарлага авлаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Манай улс өнгөрсөн хугацаанд эрдэс баялгийн нэгдсэн бодлогогүй явж ирсэн. Харин энэ удаа бүрэлдсэн их хурал ийм бодлогын баримт бичиг батлах гэж байна. Бид уг асуудалд нухацтай хандах ёстой. Тиймээс манай эвслийн бүлэг Хурц, Авирмэд зэрэг энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Засгийн газраас оруулж ирсэн уг баримт бичигт алдаа дутагдал олон байгаа. Тухайлбал, тухайн баялгийн ордынх нь анхны үнэлэмжийг тогтоох асуудал ороогүй байна. Уг заалт монголын ард түмэнд хэрэгтэй. Бид Оюутолгойн гэрээ байгуулахдаа алдаа гаргасан. Энэ их баялгаа үнэгүйдүүлж, хамтарсан компани байгуулсан. Одоо бүх өр, төлбөрийг бид 34 хувиасаа төлж байна. Хэзээ ашиг хүртэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс бид ордуудаа санхүүгийн бус үл хөдлөх хөрөнгө гэж тооцуулж, хөрөнгө оруулалт, зээлдэх эрхийн баталгаа болгож ашиглах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна.

-Төрийн оролцоог илт эсэргүүцсэн бодлого боловсруулсан гэж үзсэн байна лээ. Чухам ямар заалтууд нь харшилж байна вэ?

-Төр монголын ард түмний өмнө үүрэг хариуцлага хүлээсэн субьект. Энэ салбарын бодлогын баримт бичигт төр тодорхой хэмжээгээр оролцож, зохицуулалт хийж байх ёстой. Буруу үйл ажиллагааг хязгаарлах чөдөр нь байвал уул уурхай манайд эрчимтэй хөгжинө. Түүнчлэн ордынхоо нөөц хэмжээнээс хамаарч, түүнийг түшиглэсэн дэд бүтэц, хот байгуулах ёстой. Сургууль, цэцэрлэг, хөнгөн үйлдвэр бий болговол нийслэлийн төвлөрлийг сааруулах, хотыг чиглэсэн их нүүдлийг багасгах ач холбогдолтой. Эхний ээлжинд энэ бүхнийг төрийн бодлогодоо тусгаж байж, хэрэгжүүлэх арга замыг нь хамтдаа эрэлхийлэх учиртай. Энэ нь ордыг ашиглаж байгаа хүмүүст үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг биш. Монголчууд эрдэс баялгийнхаа нөөцийг ашиглах эрхтэй байх ёстой.

-Ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийг бодлогын баримт бичигт тусгахгүй бол яах вэ?

-Өнгөрсөн 20 гаруй жилийн турш бид уул уурхайн баялгаа ашиглахдаа алдаж ирснээсээ сургамж авалгүйгээр дахин давтсан бодлого боловсруулсан нь бидэнд хор уршиг үлдээх учраас дээрх заалтуудыг заавал тусгах ёстой. Үүнийг тусгаж чадахгүй бол уг бодлогын баримт бичиг батлагдахгүй байсан нь дээр. Учир нь, энэ баримт бичгээс үүдээд дараа дараагийн хуулиуд орж ирнэ. Тэр хуулиудыг хэлэлцэх, батлах эсэх нь дээрх бодлогоос ихээхэн хамаарах юм.

-Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийн нэрийг нь өөрчлөөд УИХ-д оруулж ирсэн. Уг хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа бол?

-Алтны өсөн нэмэгдэх рояалтиг бууруулснаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэх эсэх нь эргэлзээтэй. Хууль санаачлагчид ийм баталгаа өгч чадахгүй байгаа учраас би эсрэг байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн баталгаа болж, ханшны уналтыг зогсоох хөшүүрэг болох бодитой нөхцөл байдал харагдахгүй байгаа юм. Одоогийн мөрдөгдөж буй хуулинд алтны татвар дэлхийн аль ч улсад байхгүй хамгийн бага байгаа. Үүнийг дахин багасгаж болохгүй. Татвараа багасгавал орж ирж магадгүй гэсэн таамаг маягийн хууль батлах гэж оролдохынхоо оронд хил, гаалиар гарч буй алтны хууль бус худалдаатай тэмцэх ёстой. Хуулийн төслийнхөө нэрийг нь өөрчлөөд байн байн оруулж ирээд байгаа нь хардлага төрүүлж байна.
-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Уг хуулийн төсөлд энэ чиглэлийн зарим мэргэжилтэн ам муутай байна лээ. . . ?
-Энэ хуулиар ойн сав газар усны эх газрыг тодорхой зайг нь богиносгосон заалт оруулж ирсэн байна лээ. Одоогийн хуулиар зай нь 500 метр байсныг 300 болгох юм байна. Уг хуульд уул уурхайн олон компани хамрагдаж байгаа. Тэдний лоббигоор энэ хуулийн төсөл орж ирсэн. Хэрэв уг хуульд өөрчлөлт оруулахгүй бол уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх мөнгөнийхөө тодорхой хувийг Засгийн газраас нэхэмжлэх асуудал гарч ирж байгаа гэсэн. Нөхөн төлбөр нэхэмжилж байгаа компаниудыг олон нийтэд зарлах ёстой гэж би үзэж байна. Хэн гэдэг хүний компани нөхөн төлбөр нэхээд буйг л нийтэд ил болгочих ёстой юм. Үүний дараа уг асуудлыг олон нийтийн оролцоотой шүүх боломж бүрдэнэ шүү дээ.