Тэврээч, тэгээд үнсээч


Цоорсон гутал, урагдсан өмдтэй бяцхан охин хэдэн зуун хүний хөлд гишгэгдсэн бохир самрыг өлсөхийн эрхэнд түүж иднэ. Нүүр нь халтартаж, нусаа гоожуулсан тэр охин шуудай үүрсэн ноорхой хувцастай ээж, өвөө хоёртоо хөтлүүлсээр автобусанд орж ирэхэд тасалбар таслагч өрөвдсөндөө мөнгө нэхэж үл зүрхлэв.

Энэ мэт аав нь архичин, амьдрал нь ядуу, гуйлга гуйдаг, хүнд хөдөлмөр эрхэлдэг гээд л эрх нь зөрчигдсөн олон зуун хүүхдийг бид “Ингэж зовоож байхаар асрамжийн газар аваачих юм сан” гэж ярьдаг. Гэтэл тийм амьдралтай хүүхэд бүр аав ээжээсээ салж, асрамжийн газар очихыг хүснэ гэж үү.

Дэлхий дээр сая сая хүүхэд хүүхэд асран хүмүүжүүлэх төвд өсөж торнидог. Тэдний нэг Улаанбаатарт байрлах “Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэг”-т бидний хэдэн залуус хагас өдрийг өнгөрөөсөн билээ. Үүдээр нь ороход нам гүм байх тэр газарт хүүхдийн гэнэн, гэгээн хүсэл, тэмүүлэл тэгтэл оргилдог гэж хэн санах билээ.

Хэсэг хэсгээрээ хуваагдан ангиуд руу орох болж, хүүхдүүд байгаа ангийн хаалгаар шагайн мэнд мэдэхийн хооронд бяцхан хүүхдүүд наадаж байсан тоглоомоо хаян, бидний зүг яаран гүйлдэв. Тал талаас тойрон бүчиж, хоёр гараа дээш өргөн “Намайг тэврээч, Намайг үнсээч” хэмээн хоолой мэдэн хашгиралдаж байсан юм. Тэдний нэрийг нь асуух гэтэл бяцхан хүүхдүүдийн нэрийг өмсдөг гутал дээр нь тод цэнхэр өнгөөр бичсэн харагдав. Дөнгөж ирсэн хүүхдүүдийг хооронд нь ялгаж, танихын тулд ийнхүү нэрийг нь бичдэг ажээ. Тус цэцэрлэгийн багш, хамт олон хүүхдүүдэд чадах чинээгээрээ хайр халамж үзүүлэхийг хичээж байгаа ч тэд ямар их хайр энхрийллээр дутдагийг огт танихгүй хүнд тэврүүлж, үнсүүлэхийг хүссэн тэр их хүсэл тэмүүллээс нь харж болох.
Тус төвд хагас болон бүтэн өнчин нийлсэн 1-6 насны 120 гаруй хүүхэд амьдардаг. Аав, ээжүүд нь хааяа эргэлтээр ирдэг ч чанаргүй хүнсний бүтээгдэхүүн авчирч, хүүхдүүдийн гэдсийг өвтгөх, зарим нь аваад зугатах тохиолдол их. Сүүлийн үед Монгол Улсын иргэн бүрт хүртээх болсон “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа 21 мянган төгрөгийн ачаар ч гэхүү бачаар ч гэхүү тус төвд ирэх хүүхдийн тоо эрс цөөрсөн болохыг тус цэцэрлэгийн н.Нараа багш хэлж байлаа. Зарим эцэг эхэд үр хүүхдээ элэг бүтэн амьдрахад өнөөх муу нэртэй 21 мянган төгрөг тус болж байна гэж хэлж болох ч нөгөө талаар хэчнээн олон хүн төрхт араатнууд бяцхан үрсийнхээ мөнгөөр архи уун, бяцхан үрсээ өлсгөж бас уйлуулж суугаа бол. Энэ оны долоодугаар сарын 1-нээс 21 мянган төгрөгийн хишиг дуусгавар болохоор тус цэцэрлэгийг зорих хүүхдийн цуваа уртсах вий гэдэг эмзэглэл өөрийн эрхгүй төрж байлаа.
Хүүхдүүдийн нэг нь “Миний ээж удахгүй ирж намайг авна” хэмээн инээмсэглэл тодруулан итгэл дүүрэн хүн бүхэнд хэлж байсан билээ. Тэр эмэгтэй худлаа яриагүй байх. Хэзээ нэгэн цагт ирээд хөөрхөн охиноо авах байх аа гэж найдаж байна.
“Намайг Та ийм зан гаргасан ч хайрласаар байж чадах уу ?”

Монголчууд бид бие биенийхээ удам судрыг харж нөхөрлөдөг улс. Эх нь булингартай бол адаг нь булангартай ч гэж үг бий. Тиймдээ ч асрамжийн газрын хүүхдүүдийн гарал үүсэл ихэд дорд тооцогддог. Учир нь тэдний ихэнхийнх нь эцэг эх тодорхойгүй. Өөрөөр хэлбэл “Бүтэхгүй” хүмүүс байх магадлал өндөр тул баргийн гэр бүлд тэд үрчлэгдэх хувь дутдаг. Учир нь ихэнх хүн тэднийг хатуу сэтгэлтэй гэж боддог. Гэхдээ тэд үнэхээр өөрийг нь хаяад явсан өөдгүй хүнийг өвчсөн юм шиг дуурайдаг уу эсвэл өссөн орчин хүмүүжүүлсэн хүнээсээ шалтгаалдаг уу гэдгийг бодолцох ажээ.

Дэлхийн олон эрдэмтэн, судлаач “Удамшил VS Хүмүүжил” хоёрын аль нь илүү давамгайлагч хүч болох асуудлаар олон жил маргалдсан. Оюун ухаан, авъяас чадвар, хувь хүний зан чанар тэр бүү хэл бэлгийн чиг хандлага ч хүний ДНК-д удамшдаг гэж үзэх эрдэмтэд байхад хүрээлэн буй орчноос 100 хувь хамаардаг гэж үзэх судлаачид ч бий. Тэд ихэвчлэн өнчин хүүхдүүд дээр туршилт хийсэн байдаг. Тухайлбал, Америкийн сэтгэл судлаач Жон Ватсон, Алберт хэмээх өнчин хүү дээр туршилт хийж, аливаа хүүхдийг зөв арга барилаар хүмүүжүүлбэл ямар ч хүн болгож болно гэсэн дүгнэлтийг гаргаж ирсэн байна.
“Энэ чинь намайг ээж ээ гэж дуудахгүй байна”

Хүүхэд өргөж авна гэдэг хүнд даваа ч өсгөж хүмүүжүүлж хүн болгоно гэдэг амаргүй ажил байх нь мэдээж. Нэг нь энэ миний төрсөн эцэг, эх биш гээд нөгөө нь энэ миний төрсөн хүүхэд биш хэмээн бие биенийгээ харж байгаа нөхцөлд тухайн гэр бүл учир зүйгээ олж амьдарч чадна гэж үү. Тус цэцэрлэгийн багш н.Нараагийн хэлснээр саяхан нэг эмэгтэй хүүхэдтэй болох боломжгүйн улмаас тус төвөөс хүүхэд үрчилж авчээ. Гэтэл хоёр долоо ч хүрэхгүй хугацааны дараа өргөж авсан хүүхдээ эргүүлж авчраад “Энэ чинь намайг ээж ээ гэж дуудахгүй байна” гээд хаяад явжээ. Хамгийн зүрх шимширмээр нь өргөж авсан хүүгээ даган уйлж хамт явахыг гуйхад нөгөө эмэгтэй хүүг түлхэж унагачихаад явжээ. Гэсэн атлаа хоёр хоногийн дараа буцан ирж “Би хүүхдэдээ их дасчихжээ, эргүүлээд авмаар байна” гэсэн ч тус цэцэрлэгийн зүгээс уг хариуцлагагүй, хүний мөсгүй үйлдэл гаргасан эмэгтэйд татгалзсан хариу өгсөн гэнэ лээ.

Өнчин хүүхдүүд танихгүй хүмүүст ил тод, дотно хандах боловч бодитоор өөрийг нь хайрлах халамжлах хүмүүс гараад ирэнгүүт тэдэндээ их хатуу ширүүн ханддаг нь бодит байдлаас жиглагддаг байна. Энэ нь нэг төрлийн сорилт бөгөөд “Та намайг ийм зан гаргасан ч хайрласаар байж чадах уу” хэмээн туршиж байгаа нэг хэлбэр гэдгийг “Мартемео”-ийн цогц хөгжлийн хөтөлбөрийн арга зүйч терапист Л. Соёлмаа хэлж байсан юм. Харин хүүхдээс ирж байгаа эсэргүүцлийг зөв хүлээн авч, ойлголцох талаас нь ухаалаг ханддаг хүн цөөхөн гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Нөгөө талаас гурав хүртэлх насандаа өөрөөр хэлбэл, эхийнхээ сүүнээс гараагүй байхдаа өнчирч хоцрох эсвэл эх нь нас барах, холдох тохиолдолд хүүхдийн ээнэгшин дасах сэтгэлзүйн төлөвшил бүрэн хөгжиж чаддаггүй байна. Энэ нь эргээд тухайн хүүхдийг удаан хугацаанд ойр дотно харилцаа үүсгэх чадваргүй болгох талтай байдаг байна. Магадгүй нэг талаас эцэг, эхчүүд хүүхдийнхээ өөрсдийг нь үнэхээр хайрлаж чадах эсэх сорилтод бүдэрчихээд хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж хэлж суудаг ч байж мэдэх.
Асрамжийн газар очсон хүүхдүүд гэдэс цатгалан, мөр бүтэн өдөр хоногийг өнгөрүүлж яваа ч сэтгэл зүйн тэр дундаа хайрлаж, хайрлуулах хэрэгцээгээр ямар их дутаж явааг бид харлаа. “Битгий яваач” хэмээн харцаараа хэлэх мэт доголон нулимстай нүд, чанга тэврэлтийг би хэзээ ч мартахгүй. Аргаа ядсандаа ч тэр үү бидний нэгийг “Аав аа” ч гэж дуудаж сонсогдсон юм. Явах цаг боллоо. Араас даган гарч ирэх зарим нь гараас хөтлөн хамт явахыг оролдоно. “Дахиад заавал ирээрэй” гэж дахин дахин араас хэлж байсан нь одоо ч чихэнд сонстож байна. Бид дахиад очно оо.