Тэвчиж болох урсгал зардлаа тодотгоно

Засгийн газрын ээлжиит бус хуралдаан өчигдөр болж, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцээд холбогдох хуулиудын төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ оны төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барих зохицуулалтын саналыг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа юм. Одоогийн байдлаар төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасраад байгаа нь ийн төсөвт тодотгол хийхэд хүргэжээ.

Төсвийн бүх шатны байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг энэ оны 9-12-дугаар сард бууруулан 240 шахам тэрбум төгрөг хэмнэх, үүний тулд санхүүжүүлэх арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж зардлын зүйл хооронд хийх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгохоор төсвийн тодотголд тусгажээ.

Мөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, дэд бүтцийн болон газрын асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа 490 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг дараа жил хэрэгжүүлэхээр хойшлуулах санал оруулсан байна. Өөрөөр хэлбэл, урсгал зардлаа танаж байгаа ч энэ онд хийх ёстой байсан төсвийн хөрөнгө оруулалт нэг жилээр ухарлаа.