Тэвчээр хатуужлын цараа шалгасан үйлдвэрлэл


Сэрүү татаж сэнгэнэсэн сууд­­лын бүрээс

Дан шагайгаар хийсэн машины суудлын бүрээсэн дээр сууна гэхээр “нухаж мэднэ” гэх болгоомжлол танд төрж байна уу? Жигдхэн өрж, холбосон шагай хамгийн сайн массаж болдог гэвэл Та битгий гайхаарай. Нэг суудлын бүрээсэнд дунджаар 800 шагай ордог байна. Б.Даваажанцан гэх эр шагайгаар суудлын бүрээс хийгээд таван жил болжээ. Он гарснаас хойш гурван ч суудлын бүрээс хийжээ. “Монгол Улс 40 гаруй сая толгой малтай ч шагай тийм ч олдоцтой биш. Уг нь бол монголчууд маханд дуртай учраас шагай элбэг гардаг. Гол нь хүмүүс шагайг хүндлэн дээдэлж, Цагаан сарын үеэр бараг айл бүр морь уралдуулах, алаг мэлхий өрөх дайны шагайтай байхыг эрхэмлэдэг учраас түүнийгээ зарах нь ховор” гэж Б.Даваажанцан сонирхуулсан. Гэсэн ч тэр хөдөө орон нутгаар явж, бас махны ченжүүдтэй найзлан суудлын бүрээсээ хийсээр л байна.

Түүний түүхий эдээ хэрхэн базаадаг нь сонин. Нэг кг шагайг тэр 500-1000 төгрөгөөр худалдан авдаг аж. Килограммаар тооцвол нэг суудлын бүрээс 7-8 кг жинтэй болдог юм билээ. Шагайгаа цуглуулахдаа бас учиртай. Олдсон болгоныг нь аваад байхгүй. Хүмүүсийн захиалгын дагуу ямар шагай цуглуулахаа шийднэ. Морь талаар нь байрлуулсан суудлын бүрээс захиалсан тохиолдолд баруун, зүүн тийш харахаас үүдээд асуудал гарна. Дан баруун эсвэл зүүн тийш “харсан” шагай хайх нь төвөгтэй байдаг ч “азаар” тийм захиалга их биш байдаг аж. Биед эвтэйхнээр нь хүмүүс ихэнхдээ хонь, ямаа талаар нь байрлуулсан суудлын бүрээс захиалдаг гэсэн.

Шагайг ямар ч химийн бодисгүйгээр өнгө оруулдаг

Шагайгаа цуглуулж, захилгатайгаа танилцснаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлнэ. Эхлээд шагайгаа гурван удаа сайтар чанана. Энэ нь шагайгаар бүтээгдэхүүн хийчихсэн хойно тос ялгарахааргүй болгож байгаа гэсэн. Шагайн бүрээснээс тос ялгараад байвал хэцүү биз дээ. Эхний удаа 5-7 цаг чанаж, хөргөөд тосыг нь арчина. Энэ үйлдлийг гурван ч удаагийн давтамжтайгаар хийж, тосноос нь салгана. Энд ямар ч химийн бодис холих шаардлагагүй. Дараа нь өнгөнд оруулна. Үйлдвэрлэлийн хамгийн сонирхолтой хэсэг энд явагдана. Даваажанцан шагайгаа ихэвчлэн бор, улаан, шар, ногоон өнгөнд оруулдаг байна. Бүтээгдэхүүний өнгийг ямар ч химийн хоргүйгээр гаргана гэдэг сонирхолтой санагдаж байгаа биз. Энд хүрэн улаан өнгийг шинэс модны холтосноос гаргаж авах бөгөөд шагай, холтосыг хамтад нь чанадаг гэнэ. Харин шар өнгийг гаргахын тулд цэцэгтэй хольдог бол ногоон өнгийг өвснөөс төвөггүйхэн гаргаж авна. Шагайгаа өнгийг нь гаргах гэж байгаа мод, ургамалтайгаа хамт чанадаг. Энэ үед шагай малын гаралтай бүтээгдэхүүний үнэрээ гээж, ургамлын үнэртэй болдог аж. Даваанжанцан “Үнэртээд үз дээ” хэмээн өнгө бүрийн шагайнаасаа байн байн миний аманд барьж сонирхуулж байв.

Дараа нь шагай тус бүрийг цэвэрлэх их ажилдаа орно. Шагайг сайтар цэвэрлэхэд техник ч хийж чадахгүй учраас шагай тус бүрийг нямбайлан өөрийн гараар цэвэрлэнэ. Үйлдвэрлэгчийн хэлснээр хамгийн түвэгтэй дамжлага нь энэ. Одоо дараагийн дамжлага цоолох. Цахилгаан өрмөөр шагай тус бүрийг хоёр удаа цоолдог. Үүгээр сатуркан утас оруулж, хэлэхдэг байна. 800 шагайг одоо хэлхэнэ. Бас л тэвчээр шаардсан амаргүй ажил. Захиалгын дагуу машины суудлын хэмжээнд тааруулж, бас өөрийн өнгө төрхийг илэрхийлэх дизайны дагуу хэлхэнэ гээд бод доо. үйлдвэрлэлийн шат дамжлага дуусч байна. Гэвч энэ бүх шат дамлагад 14 хоног зарцуулдаг байна.

Шагайгаар суудлын бүрээс хийх нь нарийн гар ажиллагаа ихтэй учраас цаг их шаарддаг байна. Цаг шаардаад зогсохгүй тэсвэр тэвчээр, уран чадвар маш их зарцуулдаг үйлдвэрлэл болох нь уншигч танд ч тодорхой харагдаж байгаа болов уу. Он гарснаас хойш гуравхан хос бүрээс хийсэн нь үүнтэй холбоотой. Даваажанцан ч “Шагайгаар бүрээс хийнэ гэдэг тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрч хүний ажил гэдгийг дахин дахин учирлаж байсан. “Би дөрвөн ч хүнд хийх аргыг нь зааж өгсөн. Нэг нь эхнээсээ шантарч, гурав нь нэг нэг бүрээс хийж авсан. Гэвч тэд ахиж хийх бодлоо орхисон” гэж тэрбээр хэлсэн. Өмнө нь тэр шагайгаар олбог, бэлэг дурсгалын зүйл хийдэг байж. Өөрийнх нь хэлснээр шагайгаар 42 нэр төрлийн бүтээгдэхүүн хийж болдог гэсэн. Харин суудлын бүрээс хийх санаагаа 2006 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Хүмүүс эхэндээ шагайн дээр суух нь нухахаас эхлээд таагүй байх гэж болгоомжилдог байж. Гэвч сууж туршсан хүн заавал захиалга өгдөг гэсэн. Хүч хөдөлмөр их зарцуулдаг гэхэд бүтээгдэхүүн нь үнэ ханшийн хувьд харьцангүй гайгүй юм. Нэг суудлын бүрээсээ 100.000 төгрөгөөр зардаг байна. Гар аргаар голлож хийдэг учраас бүтээгдэхүүндээ 10 жилийн баталгаа олгодог. Энэ хугацаанд холбоос нь тасрах, сулрах асуудал гарвал үнэгүй сольж өгч, үйлчлүүлэгчээ дээдэлдэг гэсэн.

Шагайн бүрээсийг гаднынхан их сонирхдог байна. Харин дотоодод бүтээлийг нь П.Сүхбат аваргаас эхлээд цөөнгүй хүн хэрэглэдэг аж. Шагайн бүрээсний давуу тал нь чийг татахгүй, зуны цагт бол сэрүү татаж байдаг учраас тухтай.
Даваажанцанд энэ бизнесээ үйлдвэрлэл болгон өргөжүүлэх чин хүсэл бий. Одоогоор түүний энэ хүч хөдөлмөр шаардсан ажилд нь тус дэм болох хүн байхгүй байгаа учраас цаг алдах талтай гэнэ. Сүүлийн үед захиалга нь нэмэгдсээр байгаа болохоор тэрбээр энэ ондоо багтаагаад чин хүсэл эрмэлзлээ бодит ажил болгоно гэсэнт зорилготой байгаа юм билээ.