Тэгш бус байдлыг хална

Монголд байгаа тэгш бус байдлыг арилгахаар Азийн хөгжлийн банк /АХБ/ Япон улстай хамтран зүтгэхээр болжээ. Уг зорилгын хүрээнд өнөөдөр Азийн хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яам техник туслалцааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээ байгуулж буй уг төслийн нэг сая ам.долларын санхүүжилтыг Японы Ядуурлыг бууруулах сангаас АХБ захиран зарцуулах эрхтэйгээр олгосон байна.

Гэрээг үзэглэсэн өдрөөс 27 сарын турш тэгш бус байдлын шалтгаан болон түүнийг шийдвэрлэх төслийг талууд хэрэгжүүлэх аж. АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн мэргэжилтэн Клоуд Бодарт “Монгол Улсын эдийн засаг гэрэл гэгээтэй байна. Гэвч зөвхөн уул уурхайг дагсан салбарын хөгжилд гол анхаарлаа хандуулж, эдийн засгийн бусад салбараа орхигдуулж байгаа нь иргэдийн дунд маш том зөрүү бий болгож, иргэд наад захын үйлчилгээ хүртэж чадахгүй байна” гэв.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааралтай төгрөгийн ханшид нөлөөлөх нөлөөлөл, боловсон хүчний дайжилт зэрэг нь нийгэмд орлогын тэгш бус байдал бий болгох эрсдэлтэйг олон хүн анхааруулдаг. Тиймээс Засгийн газар болон олон улсын байгууллагууд хамтран хүртээмжтэй өсөлтөд саад болж байгаа гол хүчин зүйлийг тодорхойлох. Улмаар эрүүл мэнд, ниймгмийн хамгаалал, мэргэжлийн сургалт, тээвэр болон гэр хорооллыг хөгжүүлэх салбарын хөгжилд түлхэц болохуйц хөтөлбөрт хөрөнгө оруулах талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлсэн.

Үүний тод жишээ нь АХБ Монголын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх төслийн хүрээнд 55 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.

Уг хөрөнгөөр Эрүүл мэндийн яам Цус сэлбэлтийн үндэсний төв байгуулах, хотод эмнэлгийн хог хаягдал боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон ажил эхлүүлэх ажээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн шинэ хуульд заасанчлан хоёрдугаар шатны эмнэлэг нь долоо ба түүнээс дээш төрлийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл одоогоор ийм эмнэлэг байхгүй. Тиймээс уг мөнгөөр нийслэлийн хамгийн олон ядуу иргэнтэй Сонгино хайрхан дүүрэгт үлгэр жишээ эмнэлэг барина. Энэ бол “Эрүүл мэндийн тавдугаар төсөл”-ийн эхлэл” гэсэн юм.

Тус дүүрэгт баригдах эмнэлэг нь өндөр хүчин чадал бүхий оношилгооны лабораторитай байхаас гадна мэс засал, эх барих үйлчилгээ үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх гээд цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм байна.

Эмнэлэгийн салбарт эрс шинэчлэл хийх аяныг 2013-2018 он хүртэл өрнүүлэх аж. Яамны нэрлэснээр “Эрүүл мэндийн тавдугаар төсөл” эрүүл мэндийн салбарыг дэлхийн түвшинд хүргэх учиртай юм.