Тэд ийм асуудлаар хуралджээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /СТБЗ/-ийн ээлжит болон ээлжит бус хуралдаан энэ оны есдүгээр сарын 25, аравдугаар сарын 4-ний өдрүүдэд тус тус хуралджээ. Хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцсэн байна.

Үүнд:

-Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл,

-Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл,

-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Экспортын дэмжих хөтөлбөр”,

-Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотойгоор зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал,

-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төсөл.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгч, холбогдох газруудад санал, зөвлөмж хүргэхээр болжээ. СТБЗ нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2007 оны тавдугаар сарын 9-ний өдрийн хамтарсан тушаалаар байгуулагдсан билээ. Тус зөвлөлийн үндсэн зорилго нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн салбарт учирсан эрсдлийг бууруулахад хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийн хүрээнд авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн байдлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах.

Зөвлөлийн удирдах хорооны бүрэлдэхүүн нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайд, СЗХ-ны дарга нараас бүрддэг. Мөн зөвлөлийн дэргэд судалгааны баг ажилладаг бөгөөд энэхүү баг нь банкны салбар, банк бус санхүүгийн байгууллагууд, үнэт цаас болон даатгалын зах зээлийн төлбөрийн чадварын байдалд нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийж, судалгааны үр дүнг нийтэд мэдээлэх замаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг санхүүгийн талаар зүй зохистой шийдвэр гаргахад эерэгээр нөлөөлөх. Зөвлөлийн Удирдах хорооны ээлжит хурлыг улирал бүр хуралдуулж, санхүүгийн салбарыг эрсдэлд оруулж болзошгүй гадаад дотоод хүчин зүйлсийн талаар мэдээлэл солилцож, авах арга хэмжээний саналыг дээрх гурван байгууллагын удирдлагын төлөөлөлтэйгээр гаргадаг юм.