Тэд санхүү, эдийн засгийн мэдээлэлээр дутаж байна гэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүний “Ашигтай, орлоготой, дэмжлэгтэй монгол хүн” үзэсгэлэн Улаанбаатар Бизнес хөгжлийн төвд өнөөдөр нээгдлээ.

Үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээл тавигдсанаас эсгий, ноос ноолууран бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэнд-Аюуш гар урлалын бизнесийн талаар иргэдтэй ярилцлаа. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гар аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг онцолсон юм. Тухайлбал, “Өнөөдөр гар урлалын бизнес эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд санхүү, эдийн засгийн мэдээлэлээ авч, борлуулалт хийж чадахгүй байна. Мөн тоног төхөөрөмжийг хаанаас яаж олохоо мэдэхгүй байна.

Тиймээс тэднийг тухайн бизнесийн технологийн ур чадварт суралцуулж, гар урлалын чиглэлийн хүмүүст зориулсан цогц, зөв бодлого хэрэгтэй” гэлээ.